Намрын ээлжит чуулганы өнөөдрийн үдээс хойших нэгдсэн хуралдааны эхэнд гишүүн П.Наранбаяр нарын 9 гишүүнээс 2026.07.22-ны өдөр өргөн мэдүүлсэн Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг явуулжээ.

Хууль санаачлагчийн илтгэлийг гишүүн П.Наранбаяр танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, цахим орчинд хүүхдийн хувийн мэдээлэл болон дүрс бичлэгийг зөвшөөрөлгүй ашиглах, хүүхдийг зохисгүй харилцаанд татан оролцуулах зэрэг эрсдэл нэмэгдсээр байгаа нь хуулийн төсөл боловсруулах үндэслэл болсныг дурдсан юм. Хүүхдийг эрсдэлээс хамгаалахдаа зөвхөн хориг, хязгаарлалт тогтоох бус тэдний эрх, эцэг эхийн үүрэг, нийгмийн сүлжээний болон харилцаа холбооны үйлчилгээ үзүүлэгчийн хариуцлага, төрийн үүргийг тодорхой болгосон цогц зохицуулалт шаардлагатай гэж үзсэн байна.

Хуулийн төсөлд 13 хүртэлх насны хүүхдийг нийгмийн сүлжээнд бүртгэл үүсгэж, хэрэглэхийг хориглох, 13-16 насны хүүхдэд зохистой хэрэглээний болон аюулгүй байдлын хамгаалалтын тохиргоотой ашиглуулах зохицуулалтыг тусгажээ. Мөн эцэг эхийн хяналт тавих боломжийг бүрдүүлэх, хүүхдийн хувийн мэдээллийг хамгаалах, хориотой болон хүүхдэд хортой агуулгаас сэргийлэх технологийн хамгаалалт зэрэг агуулгыг оруулсан байна.

Монгол Улсад оршин суугаа хүүхэд харьяаллаас үл хамааран хамрагдаж, нийгмийн сүлжээний үйлчилгээ үзүүлэгч этгээд, төрийн байгууллага, эцэг эх асран хамгаалагч, боловсролын байгууллагууд зэрэг хүүхдийн оролцоотой ихэнх байгууллагууд хуулийн үйлчлэлд хамрагдана гэдгийг хууль санаачлагч дурдав.

Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо 2026 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг явуулсан байна. /Дэлгэрэнгүйг эндээс/

photo_2026-10-29_19-01-30.jpgЭнэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг гишүүн Н.Алтаншагай танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 61.9 хувь, хамт өргөн мэдүүлсэн Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг 66.7 хувь, Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг 66.7 хувь, Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн теслийг 61.9 хувийн саналаар тус тус үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэнийг онцлов.

Хуулийн төслийн танилцуулга, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай, С.Эрдэнэболд, С.Зулпхар, О.Батнайрамдал, Д.Ганмаа, Ц.Баатархүү, Ч.Лодойсамбуу, М.Нарантуяа-Нара, Г.Лувсанжамц нар асуулт асууж, үг хэлэв. Гишүүд хуулийн төслийн зохицуулалтад хүүхдүүдийн гэр бүл, сургуулийн орчинд нийгмийн сүлжээг хэрэглэх, зохистой ашиглах орчинг бүрдүүлэх асуудлыг тодорхой болгох, эцэг эхийн үүргийг хариуцлагажуулахад чиглэсэн зохицуулалтыг хэрхэн тусгасан талаар илүүтэй лавлаж байлаа.

УИХ-ын гишүүн П.Наранбаяр хариултдаа, “Хуулийн төсөлд 13 нас хүртэл нь хүүхдийг нийгмийн сүлжээнд орохыг бүрэн хориглосон. Ялангуяа эцэг, эх хүүхдүүдээ гар утсаар ямар контент үзэж байгааг мэддэг, цахим халдлагын талаар мэдэх шаардлага үүсээд байна. Иймд хүүхдийнхээ ашиглаж буй нийгмийн сүлжээний талаар мэдлэгтэй байх, сургалт, зөвлөгөөг мэргэжлийн байгууллагаас авах гэх зэргээр эцэг, эхийн эрх үүргийн талаар төслийн 8 дугаар зүйлд тодорхой тусгасан.

Харин хүүхэд сургуулийн орчинд нийгмийн сүлжээг зохистой хэрэглэх хүрээнд сургалтын үйл ажиллагаа, даалгавар, үнэлгээ, суралцагчтай холбоотой мэдээлэл, солилцоход хуулийн 14.1.3-т зааснаас бусад нийгмийн сүлжээг ашиглахыг хориглох зэргээр төслийн 9 дүгээр зүйлд боловсролын сургалтын байгууллагын чиг үүргийг тодорхой тусгасан” гэж байлаа.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин, “Эцэг эхчүүдэд хариуцлага хүлээлгээд хүүхдийн нийгмийн сүлжээний хэрэглээг бүрэн хянаж чадахгүй. Иймд технологийн шийдлийг хамгийн бие даасан, найдвартай шийдэл гэж үзсэн. Үүрэн телефоны компаниуд тусгай зөвшөөрөл аваад үйлчилгээ эрхэлдэг бөгөөд энэ хүрээнд хүлээсэн үүрэгт нь утасны дугаар олгохдоо иргэний бүртгэл болон насны бүртгэл хийлгэхээр тусгасан. Ингэснээр хууль хэрэгжих боломж бүрдэнэ” гэсэн нэмэлт тайлбарыг өгсөн.

Түүнчлэн гишүүд хуулийн төсөлд 13-16 насны хүүхдэд зохистой хэрэглээний болон аюулгүй байдлын хамгаалалтын тохиргоотой ашиглуулна гэж тусгахдаа тодорхой судалгаанд үндэслэсэн эсэх, ялангуяа Монгол Улсын нийгмийн сүлжээгээр явуулж буй хортой, хориотой контенттой холбоотой гомдол хүсэлтийг яаралтай шийдвэрлэх, арга хэмжээ авах эсэхийг тодруулсан.

photo_2026-10-29_18-45-24.jpgУИХ-ын гишүүн П.Наранбаяр “Төсөлд хүүхдийн насны хязгаарлалтыг тусгахдаа АНУ-ын сэтгэл зүйн холбооноос гаргасан шинжлэх ухааны судалгаа, НҮБ-ын Хүүхдийн эрхийн хорооноос 2021 онд баталсан зөвлөмж, Олон улсын цахилгаан холбооноос гаргасан хүүхдийг цахим орчинд хамгаалах бодлого боловсруулагчдад зориулсан удирдамж, улс орнуудын харьцуулсан судалгаа зэргийг үндэслэсэн” хэмээв.

“Харилцаа холбооны зохицуулах хороо эрх мэдлийнхээ хүрээнд цахим сүлжээ эрхлэгч болоод харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгч нартай харилцаж, хүүхдэд хориотой агуулгатай контентыг найман цагийн дотор арилгах үүрэг хүлээж байна. Мөн хортой агуулга явуулсан тохиолдолд 72 цагийн дотор мэдэгдлээ өгөөд шийдвэрлэнэ гэсэн агуулгыг төсөлд тусгасан. Үүнийг арилгаагүй нөхцөлд Монгол Улсаас үе шаттайгаар тухайн сүлжээрүү хандах хандалтгүй болгох арга хэмжээ авах зохицуулалтыг төсөлд тусгаад байна” хэмээн төсөл санаачлагч гишүүн хариулж байлаа.

Үргэлжлүүлэн гишүүн Б.Мөнхсоёл, С.Зулпхар, О.Алтангэрэл, М.Нарантуяа-Нара, М.Мандхай, С.Эрдэнэболд нар хуулийн төслийг дэмжсэн, дэмжээгүй талаараа байр сууриа илэрхийлэв. Гишүүд дэлхийн олон улс орнууд өсвөр насны хүүхдүүдийн нийгмийн сүлжээний хэрэглээнд хяналт тавих асуудалд анхаарч байгаа энэ цаг үед хуулийн төслийг боловсруулан өргөн мэдүүлснийг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ анхаарах асуудалд санал хэлсэн. Тухайлбал, гишүүн Б.Мөнхсоёл, хүүхдийн хувийн мэдээлэл, байршил, бүртгэлийн нууцлалыг анхдагч тохиргоогоор хамгаалах нь зөв. Хүүхэд, эцэг, эх бүр технологийн мэргэжилтэн биш тул хамгаалалтыг өөрсдөө олж тохируулахыг хүлээлгүй үйлчилгээ нь анхнаасаа аюулгүй байх ёстойг тодотгов. Мөн танихгүй хүнээс явуулсан шууд зурвасыг хязгаарлах, хүүхдэд хортой агуулгыг санал болгох алгоритмд шаардлага тавихыг дэмжиж байна гээд хүүхдийг хамгаалахад нийгмийн сүлжээний үйлчилгээ үзүүлэгчид бодитоор оролцох хэрэгтэй гэв. Гишүүн С.Зулпхар, анхдагч хуулийн төсөл тул олон талын туршлагыг харгалзах, хууль хэрэгжүүлэхтэй холбоотой зохион байгуулалт, хүний нөөц, хөрөнгө, санхүүгийн нөөц зайлшгүй шаардлагатайг хүлээн зөвшөөрч, энэ асуудалд анхаарах нь зүйтэй гэсэн санал хэлэв. Гишүүн О.Алтангэрэл, хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хүүхдийг цахим халдлагаас хамгаалах агуулгад чиглүүлж батлуулах, харин үүнийг цахим орчны цензурын шинэ хэрэгсэл болгох, ямарваа нэг эрх мэдэлтэнд үйлчлэх гарц боломжийг нээж болохгүй гэдгийг онцгой анхааруулж байлаа.

Ингээд Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэх санал хураалтыг маргаашийн чуулганы нэгдсэн хуралдаанаар явуулахаар шийдвэрлэв.