Чуулганы хуралдаанаар Засгийн газраас 2026.08.24-ний өдөр өргөн мэдүүлсэн Өгөгдлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төслийн талаар Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин танилцуулсан.

Энэхүү анхдагч хуулийн төслийг дэлхий нийтэд эрэлт хэрэгцээ нь улам бүр өсөн нэмэгдэж байгаа өгөгдлийн зах зээл, эдийн засгийн өгөөжийг харгалзан, халдашгүй байдлыг хангах, хөгжлийн баримт бичгүүдэд нийцүүлж, хөрөнгө оруулалтын нээлттэй загварыг бий болгох бодлогыг чухалчилсан гэв.

Хууль санаачлагч илтгэлдээ, өгөгдөл нь зөвхөн архивт хадгалагдах мэдээлэл төдий бус бүтээгдэхүүн, үйлчилгээ, инновац, хиймэл оюуны хөгжлийн болон стратегийн чухал нөөц гэдгийг онцоллоо. Олон улсын эрх зүйн чиг хандлага, жишгийн дагуу манай улс дата өгөгдлийн хөрөнгө оруулалтын нээлттэй загварыг бий болгохоор төслийг боловсруулсан хэмээв. Нэн тэргүүнд халдашгүй байдлыг хамгаалах, өгөгдлийн чанар, ангилал, уялдааг томьёолох, дотоодын дата төв, үүлэн дэд бүтцийг тэлэх, Монгол Улсыг гадны технологи хэрэглэгч бус, өгөгдөл боловсруулдаг, хиймэл оюуны тооцооллын хүчин чадал экспортолдог орон болгох зорилт тавьсан гэсэн юм. Тиймээс эрчим хүч, сүлжээ, эрх зүйн бие даасан байдлыг нэгэн зэрэг хангах «Sovereign by Design» бодлогыг хуулийн төсөлд тусгаад байгаа гэлээ.

Өгөгдлийн тухай хуулийн төсөл нь зургаан бүлэг, 25 зүйлтэй, өгөгдлийг үүсгэхээс эхлээд устгах хүртэл 11 үе шат бүрийг эрх зүйн хүрээнд иж бүрэн зохицуулахаар төлөвлөсөн байна. Төрийн анхдагч мэдээллийн санг давхардуулахгүйгээр нэгдсэн каталог, мета өгөгдөл, систем хоорондын холболтод суурилсан төрийн их өгөгдлийн дэд бүтцийг бүрдүүлж, өгөгдөлд хандсан үйлдэл бүрийг бүртгэх зохицуулалтыг тусгажээ. Төрийн их өгөгдлийг “нээлттэй”, “хязгаарлалттай”, “хаалттай”, “нөхцөлт хандалттай” гэж ангилан хандалтын эрх олгох бол өгөгдлийг “нээлттэй”, “судалгааны”, “хязгаарлагдмал”, “арилжааны”, “нийтийн ашиг сонирхлын” хэмээн ангилж, лицензээр ашиглуулах ажээ.

photo_2026-10-29_18-45-23 (2).jpgӨгөгдлийн эзэн өөрт хамаарах, өөрийн үйл ажиллагааны явцад үүссэн өгөгдлөө үнэ төлбөргүй авах, хүсэлтээрээ техникийн боломжтой үед өөр үйлчилгээ үзүүлэгчид шилжүүлэх эрхийг тусгасан. Харин гадаадын этгээдийн дата төвийн дэд бүтцийн хүсэлтийг нэг цонхоор зохион байгуулж, үр ашгаас хуваалцах гэрээ байгуулна. Ногоон дата төвийн сүлжээний холболт, илүүдэл эрчим хүчний худалдан авалт, зээлийн дэмжлэгийг холбогдох хуулиудтай уялдуулна. Өгөгдлийн ашиглалт, чанарын нэгдсэн тайланг жил бүр УИХ-д танилцуулж байхаар төсөлд тусгасан тухайгаа сайд Ч.Номин илтгэлээ.

Энэхүү төсөл нь өгөгдөлд суурилсан бизнес, монгол хэлний хиймэл оюуныг хөгжүүлэх, үндэсний тооцооллын чадавхыг бэхжүүлэх, төрийн үйлчилгээний чанарыг сайжруулах, уул уурхайгаас бусад салбарын экспортыг нэмэгдүүлэх ач холбогдолтойгэж төсөл санаачлагчид үзжээ.

Эдийн засгийн байнгын хороо 2026.10.28-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг хийсэн байна. /дэлгэрэнгүйг эндээс/

photo_2026-10-29_18-45-31 (2).jpgЭнэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг гишүүн Ц.Баатархүү танилцуулав. Хууль санаачлагч өгөгдөл нь бүтээгдэхүүн, үйлчилгээ, инновац, хиймэл оюуны хөгжлийн стратегийн нөөц болж байгааг харгалзан өгөгдлийг үүсгэх, хадгалах, боловсруулах, солилцох, дахин ашиглах, эдийн засгийн эргэлтэд оруулах эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай гэж үзжээ. Төр, хувийн хэвшилд хуримтлагдсан өгөгдлийн чанар, ангилал, уялдаа холбоо, дахин ашиглалт хангалтгүй, дотоодын дата төв болон үүлэн тооцооллын дэд бүтэц хязгаарлагдмал байгааг үндэслэн өгөгдлийн засаглал, мэдээллийн болон кибер аюулгүй байдал, хувийн мэдээллийн хамгаалалт, дата төвийн үйл ажиллагааны харилцааг цогцоор зохицуулах, төрийн бодлого, үйлчилгээний үр ашгийг нэмэгдүүлэх, хиймэл оюуны хөгжлийг дэмжих, уул уурхайгаас бусад салбарын экспортыг нэмэгдүүлэх зорилгоор хуулийн төслийг боловсруулсныг дурдав.

Мөн тэрбээр, чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.11 дэх хэсэгт “… Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төсөл, түүнтэй хамт өргөн мэдүүлсэн төсөл тус бүрийг үзэл баримтлалын хүрээнд дэмжих эсэх асуудлаар ил санал хураалт явуулна …” гэж заасны дагуу санал хураалт явуулахад Өгөгдлийн тухай хуулийн төслийг 87.5 хувиар, Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг 83.3 хувиар, Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг 87.5 хувиар, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 87.5 хувиар, Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг 87.5 хувиар, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг 87.5 хувиар тус тус Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэнийг танилцуулгадаа онцлов.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүн Д.Энхтүвшин, С.Эрдэнэболд, Д.Ганмаа, С.Ганбаатар, Мандхай нар асуулт асууж, гишүүн Х.Тэмүүжин үг хэлж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, гишүүн Д.Энхтүвшин Хууль тогтоомжийн тухай хуулийн 16.1-т хууль тогтоомжийн төслийг үзэл баримтлалд нийцүүлэн боловсруулна гэж заасныг дурдаад, үзэл баримтлалдаа тусгасан атлаа хуулийн төсөлд тусгаагүй үлдсэн асуудлыг хэрхэн зохицуулах, улмаар дата төвийн халдашгүй байдлын тусгай дэглэмийг хэрхэн зөвөөр ойлгох талаар лавлаж байлаа.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин, хуулийн төслийн үзэл баримтлал нь төрөөс хууль эрх зүйн орчныг бүрдүүлж, журам дүрмийг тодорхой болгож өгснөөр Монгол Улсад дотоодын болон олон улсын хөрөнгө оруулалттай хувийн хэвшлийн дата төвүүд, өгөгдөл боловсруулдаг төвүүдийг бий болгох зохицуулалтай болгосон. Энэ хүрээнд хувийн хэвшлийнхэн зохион байгуулалт, хөрөнгө оруулалтаа хийхэд зохицуулалт шаардлагатай. Хэрэв үүнтэй холбоотойгоор Засгийн газраас баталгаа гаргах шаардлагатай тохиолдолд л хуулийнхаа дагуу УИХ-аар хэлэлцүүлнэ хэмээв.

Харин ажлын хэсгээс Хууль тогтоомжийн тухай хуулиар төслийн үзэл баримтлал нь зорилго, зохицуулалтын хүрээг тогтоож, хуулийн төсөл нь түүнийг хэрэгжүүлэх журам, чиг үүргийг нарийвчлан зохицуулж байгаа. Өөрөөр хэлбэл, энэ хоёр баримт бичиг агуулгын хувьд хоорондоо нийцэж байх ёстой гэдэг саналыг хүлээн зөвшөөрч байна гэлээ. Мөн энэхүү хуулийн төслийн үзэл баримтлалыг 2026 оны зургадугаар сард боловсруулаад, 6, 7 дугаар сард Засгийн газрын хуралдаанаар оруулж, төсөл өргөн мэдүүлэх зөвшөөрөл авахаар хоёр удаа хэлэлцүүлсэн. Энэ хүрээнд Засгийн газраас тодорхой чиглэл өгсөн тул тэдгээр саналуудыг нэмж тусгасан байдлаар өргөн мэдүүлсэн хэмээн тайлбарласан.

Мөн гишүүн С.Эрдэнэбол хуулийн төслийг үзэл баримтлалын хувьд дэмжиж байгаагаа илэрхийлээд, үндэсний бүтээмэл оюуны тогтолцоог бий болгоход хэрхэн чиглэж буйг лавласан.

Дэлхий дахинд эдийн засгийн бүтээмжийг дүгнэж байгаа гол салбар нь хиймэл оюун ухаан болж, өрсөлдөөн үүнд төвлөрч буйг Ч.Номин сайд тодотгоод, бид өөрсдийнхөө үндэсний үнэт зүйл, мөн чанараа хадгалж үлдэхийн тулд хиймэл оюун ухааны салбарт ямар стратеги барьж, ямар тогтолцоотой явах вэ гэдгээ боловсруулж гаргах нь чухал гэдэгтэй санал нэг байгаагаа илэрхийлэв. Мөн Засгийн газраар хиймэл оюуны талаар баримтлах стратегийг хэлэлцүүлсэн. Үүнийг салбарын яам дангаар шийдвэрлэх боломжгүй бөгөөд үндэсний аюулгүй байдлын түвшинд хэлэлцэх асуудал. Энэ асуудлыг хэлэлцүүлж байгаа гэсэн нэмэлт тайлбарыг өгөв.

Ингээд хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэх санал хураалтыг маргаашийн буюу Баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар явуулахаар хойшлуулсан. Хуралдааны төгсгөлд Ерөнхий хяналтын сонсголын тайланг хэлэлцсэн талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлт, УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо уг асуудлыг 2026.10.22-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн. /дэлгэрэнгүйг эндээс/

Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг гишүүн М.Мандхай танилцуулсан. Тайланг хэлэлцээд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 120 дугаар зуйлийн 120.6 дахь хэсэг, УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасныг баримтлан төрөөс олгосон дэмжлэг, урамшууллын талаарх мэдээллийг нийтэд ил тод болгох, дэмжлэг, урамшуулал олгох үндэслэл, шалгуур, буртгэл, мэдээллийн ил тод байдлыг хангах, зарцуулалтад хяналт тавих тогтолцоог боловсронгуй болгох, буруутай албан тушаалтанд хариулага тооцох, шаардлагатай бол хууль, тогтоомжийн төсөл боловсруулан УИХ-д өргөн мэдүүлэх зэрэг асуудлаар “Засгийн газарт чиглэл өгөх тухай” УИХ-ын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах нь зүйтэй гэж үзсэнийг М.Мандхай гишүүн онцолж байлаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Угишүүн Л.Соронзонболд 349 тэрбум төгрөг олгосон зээлийн дүнгийнх үү, эсвэл зээлийн хүүгийн татаасын зөрүү юу гэдгийг тодруулав.

“Ирүүлсэн материалын хувьд нийт дүнгээр 630 тэрбум төгрөг байгаа. Салбарын яамны танилцуулгад нийт урамшууллын дүн нь 979,9 тэрбум төгрөг гэж дурдсан. Үүнийг задалбал, улаан буудайн урамшуулалд 21 тэрбум, арьс ширний урамшуулалд 17 тэрбум, түүхий сүүний урамшуулалд 8,4 тэрбум, хүнсний ногооны урамшуулалд 0,2, тэмээ, хонь, тэмээн ноосны урамшуулалд 249,2 тэрбум, махны урамшуулалд 53,6 тэрбумын зөрүүтэй байсан. Ноолуурын урамшуулал дээр зөрүү байгаагүй. Ингээд нийтдээ 349 тэрбум төгрөгийн зөрүү үүссэн” гэдгийг ерөнхий хяналтын сонсголын шинжээч тайлбарласан.

photo_2026-10-29_18-45-34.jpgХарин Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат 2008-2025 он хүртэлх хөдөө аж ахуйн салбараас татаас, урамшуулал, зээл олгосон бүх аж ахуйн нэгж, иргэдийн мэдээлэл яаманд байгааг дурдаад, шинжээчид олон тэрбум төгрөгийн зөрүүний асуудлаа сайн нягталж, нухацтай хандах ёстойг анхааруулж байлаа. Ингээд энэ талаарх санал хураалтыг маргаашийн чуулганы нэгдсэн хуралдаанаар явуулахаар тогтлоо. Үүгээр Пүрэв гарагийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөв хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.