Сэтгүүлч Г.Чулуун
Хүйтний ам наашилсан жихүүн эл өдрүүдэд Үндэсний статистикийн хорооноос гаргасан нэгэн “хүйтэн” мэдээ сэтгэл жиндүүлнэ. Улсын хэмжээнд төрөлт өмнөх оны мөн үеэс 3.9 хувиар буурчээ. Оргих, цалгих залуу насны эрч хүчээр дүүрэн, хүн ам нь залуу хэмээн цээжээ дэлддэг Монгол Улсын хувьд энэ тоо бол зүгээр нэг бүртгэлийн цаасны асуудал биш, нийгмийн гүнд өрнөж буй бүтцийн болоод сэтгэл зүйн томоохон өөрчлөлтийг илтгэх хүчтэй дохио, магадгүй чимээгүй түгшүүрийн харанга юм. Шинэ хүн мэндлэх дуу татарч буй энэхүү чиг хандлагыг өдөр тутмын амьдралын өнцгөөс уудалж үзвэл манай нийгмийн өнөөгийн өнгө төрх тодрон харагдана.
Нэг үеэ бодвол залуу хосууд хүүхэдтэй болохоос эмээдэг, эсвэл энэ шийдвэрээ алс хэт рүү хойшлуулдаг болсон нь амьдралын гашуун үнэн билээ. Цалингийн өсөлтийг хэд дахин нугалж буй инфляцын шуурга, орон сууцны урьдчилгаа төлбөр болон зээлийн хүүгийн хүнд дарамт, өдөр тутмын хүнс, өргөн хэрэглээний барааны тэнгэрт хадсан үнэ залуу гэр бүлүүдийг маш нарийн, прагматик тооцоо хийхээс өөр аргагүйд хүргэж байна.
Хүүхэд төрүүлж, өсгөнө гэдэг зөвхөн хайр халамж, сэтгэлийн хөдөлгөөнөөр шийддэг асуудал байхаа больж, эдийн засгийн асар том хариуцлагын хэмжүүр болжээ. Өнөөгийн залуус “Ямартай ч хүн болно” гэх хуучны гэнэн сэтгэлгээгээр бус, “Би хүүхдэдээ чанартай амьдрал, чанартай боловсрол олгож чадах уу?” гэдэг бодит асуултыг өөртөө тавьж, амьдралаа төлөвлөж байна.
Үүний зэрэгцээ Монголын нийгэмд үнэт зүйлсийн асар том шилжилт, шинэчлэл чимээгүйхэн явагдсаар… Өмнөх үеийнхэн шиг хорин хэдэн насандаа амьдралаа зохиож, олон хүүхэдтэй өнөр өтгөн айл болохыг урьтал болгохоосоо илүүтэй өнөөгийн залуу үе хувийн хөгжил, карьер, боловсрол, санхүүгийн хараат бус байдлыг нэгдүгээрт тавих болов. Ялангуяа, эмэгтэйчүүдийн боловсролын түвшин дээшилж, хөдөлмөрийн зах зээлд эзлэх байр суурь нь бэхжихийн хэрээр хүүхэд төрүүлэх нас жилээс жилд хойшилж буй юм. Хүүхэд гаргаснаар карьертаа олон жилийн завсарлага авах, нийгмийн идэвхтэй амьдралаас тусгаарлагдах вий гэх айдас, эргэлзээ залуу эмэгтэйчүүдийн дунд түгээмэл.
Гэвч хамгийн том тээг нь нийгмийн дэд бүтэц, ирээдүйд итгэх итгэлийн сулрал юм. Ясли, цэцэрлэгийн хүртээмж муу эмзэг сэдэв хэвээр байж, сургуулиуд нь гурван ээлжээр хичээллэж, эрүүл мэндийн үйлчилгээ авах гэж урт дараалалд зогсдог өнөөгийн тогтолцоо эцэг эхчүүдийг туйлдуулж байна. Дээр нь өвлийн утаа, хотын замын түгжрэл зэрэг өдөр тутмын стресс нэмэгдэхэд “Би өөрөө ийм нийгэмд бухимдаж амьдарч байж, үр хүүхдээ яах гэж энэ зовлон руу дуудах вэ” гэх гутранги бодол залуусын сэтгэлд нуугдаж байгааг үгүйсгэх аргагүй.
Төрөлт буурч буй нь Монголын залуу үеийнхэн өнөөгийн нийгмийн систем, эдийн засгийн бүтцэд өгч буй “чимээгүй үнэлгээ” бөгөөд хүн амын өсөлтийг зөвхөн “Хүүхдийн мөнгө” төдийхнөөр шийдэж чадахгүйг харуулж байна.
Хэрэв залууст амьдрах таатай, аюулгүй, тогтвортой нийгмийн орчныг нь бүрдүүлж өгөхгүй бол ойрын 15-20 жилийн дараа ажиллах хүчний хомсдол үүсэж, хүн ам хөгшрөх системийн хямрал хаяанд ирээд буйг нь дээрх статистик илэрхийлж буй юм.
