Энэ сарын 23-ны байдлаар улсын хэмжээнд ой хээрийн 188 түймэр бүртгэгджээ. Үүнээс 40 нь ойн, 148 нь хээрийн түймэр байгаагийн дунд бөмбөрцгөөрөө харуусан халаглаж буй Нөмрөгийн дархан цаазат газрын түймэр тоологдож буй юм .

1992 онд улсын тусгай хамгаалалтад авч 1995 оны УИХ-ын 26 дугаар тогтоолоор Дархан цаазат газар болгосон эл газрын нутаг дэвсгэрийг 2019 онд 587.7 мянган га болгож өргөтгөсөн байдаг.

Дорнод аймгийн Халхгол сумын нутагт орших Нөмрөгийн дархан цаазат газар нь Их Хянганы уулархаг мужийн ойт хээрээс Төв Азийн хуурай хээрт шилжих шилжилтийн бүсийг унаган төрхөөр нь хадгалсан цорын ганц газар юм.

Харамсалтай нь хүний буруутай үйл ажиллагааны улмаас сүйдэж ховор болоод нэн ховор ан амьтан, ургамал үгүй болов.

Sentinel2 хиймэл дагуулын мэдээллээр Нөмрөгийн дархан цаазат газрын нийт нутаг дэвсгэрийн 76.4 хувь түймэрт өртсөн байдалтай харагдаж буй бөгөөд одоогоор хохирлын хэмжээг бүрэн тогтоогоогүй байна. Газарзүйн байршил, хүрэхэд хүндрэлтэй бүсүүдэд судалгаа дээжлэлт хийх зорилгоор Улсын онцгой комисс болон ОБЕГ-аас хоёр ч нисдэг тэрэг нэмэлтээр дайчлан ажиллуулж байгаа гэх албан мэдээ бий.

Нөмрөгийг анх дархан цаазат газраар бүртгэхэд тухайн бүсэд 487 орчим зүйлийн ургамал, түүн дотор Монголын бусад нутагт байхгүй манжуурын болон ховор элементийн ургамлууд бүртгэгдсэн байдаг. Тэрчлэн дорнын молцог хандгай, хүрэн баавгай, халиун буга, голын халиу зэрэг 57 зүйлийн хөхтөн, 263 зүйлийн шувуу бүртгэгдсэн мэдээ бий. Харамсалтай нь үүнээс хойш ан амьтдыг тоолоогүй тул хохирлыг гаргахад түвэгтэй байгаа гэх тун хариуцлагагүй мэдээллийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас өгч байгаа юм. Нэн харамсалтай. Нэгэнт дархан цаазат газар болгосноос хойш дахин тоо тооллого хийгээгүй юм бол анхны тоологдсон ан амьтад, ургамал моддын тэлэлт үржлийг байгалийн, биологийн тооцооллоор тооцож гаргахаас өөр яалтай. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль болон бусад холбогдох хуулиар дархан цаазат газар нутагт ан амьтан агнахыг хориглодог тул тус газарт тоологдсон амьтад үржсэн үү гэхээс үрэгдээгүй байж таарна. Тиймээс Нөмрөгийг дархан цаазат газраар бүртгэсэн үеийн ургамал амьтны тоо толгойг 30 жилийн дараах үржиж, өссөн дүнд шилжүүлэн хохирлоо тооцох нь зөв гэдгийг дурьдахад илүүдэхгүй биз.

Энэхүү хариуцлагагүй явдлын араас Мобиком компани мэдэгдэл хийхдээ Халхголын хилийн отрядын бүс заставыг 4G сүлжээнд холбох, Сүмбэр хилийн боомтод шилэн кабелийн холболт нэвтрүүлсэн ажлыг хүлээлгэн өгөх, цаашид харилцаа холбооны сүлжээ нэвтрүүлэх боломжийг судлах, газар орны нөхцөл байдалтай танилцахаар явсан гэсэн байдаг. Мэдэгдэл дэх энэ хэсэг ноцтой бөгөөд илүүтэй анхаарал татаж байгааг уншигчид ч анзаарч буй биз. Гадны хөрөнгө оруулалттай компани яахаараа тухайн улсын цэрэг армийн хамгаалалтад байдаг газарт харилцаа холбооны сүлжээ нэвтрүүлэх ёстой гэж. Тэр дундаа хоёр улсын хил дэх газар орны нөхцөл байдалтай танилцах гэж зорьсны учир юу юм бол?! Тэнд харилцаа холбоо, шилэн кабель нэвтрүүлэх шаардлагатай бол Монгол Улсын үндэсний компаниуд ажиллахад болох биш үү?! Японы Токио хотод төвтэй харилцаа холбооны KDDI корпорацийн охин компани Мобиком тусгаар улсын дархан цаазат газар орон, хоёр улсын хил орчимд нэвтэрсний учир шалтгааныг гэнэнээр ойлгож цагаахнаар хүлцээд өнгөрөх нь зөв үү!!! Бодох, шалгах асуудал биш үү. Тэрбайтугай дархан цаазат газарт гарсан түймрийн, галын шалтгаан болон буруутай этгээдийг эцэслэн тогтоогоогүй байхад Мобиком компани болон KDDI корпорацийн өмнөөс Японы Засгийн газар уучлалт гуйж, нөхөн сэргээх бүхий л зардлыг гаргахаа мэдэгдэж буй нь сонирхолтой санагдаж байгааг хэлэх хэрэгтэй.

Монгол Улс эрх зүйн хувьд Мобиком компанийг буруутай гэж үзвэл үйл ажиллагааг нь зогсоох хүртэл арга хэмжээ авах, хохирлын хэм хэмжээг тогтоон хариуцлага тооцох нь лав. Зүрхлэн хардахад ийм байдалд хүрэхвий гэдэгт KDDI корпорациас илүү Засгийн газар нь илүүтэй зовниж болгоомжилсон санагдаж байна.

KDDI-ийн тухайд Япон улсын хоёр дахь томоохон үүрэн телефоны компани бөгөөд 1984 онд үүсэн байгуулагдсан байдаг. Харилцаа холбооны тус корпорацид 2000 онд KDD, DDI, IDO компаниуд нэгдсэнээр өнөөгийн бүтэц бүрэлдсэн гэх бөгөөд өнгөрөгч гуравдугаар сарын 31-ний байдлаар охин компаниудаа оролцуулаад 73 мянга гаруй ажилтантай гэж байгаа. Суурин холбоо, интернэт, олон улсын дата төвийн үйлчилгээ гэхчлэн харилцаа холбооны салбарын олон чиглэлд үйл ажиллагаа явуулдаг KDDI-ийн томоохон хувьцаа эзэмшигчдийн тоонд Toyota Motor болон Kyocera корпорациуд ч багтдаг.

2026.06 сард KDDI корпорацийн мэдээллийн нэгдсэн систем томоохон хэмжээний кибер халдлагад өртөж 14.2 сая гаруй хэрэглэгчийн цахим шуудангийн хаяг, нууц үг мэдээлэл алдагдсан гэж байсныг уншигчид санаж буй биз. Энэхүү кибер халдлагыг олон улсын түвшинд корпорацийн болон улстөрийн тагнуулын зорилготой байж болзошгүй хэмээн шинжээчид дүгнэж байв.

Монголын хувьд KDDI-ийг Мобикомын толгой компани гэдгээр мэдэх бөгөөд монголын эрх баригчдын дийлэнх нь тус компанийн харилцагч болж 9911-ээр эхэлсэн дугаар барьдгийг энд дурьдчихад илүүдэхгүй биз. Гэхдээ энэ бүхэн, мөн Японы Засгийн газраас сэтгэл зовнин гар сунгаж буй нь Мобиком компани, KDDI корпорацийг эрүүгийн хариуцлагаас мултлах шалтаг, шалтгаан болж болохгүй юм.

Дархан цаазат газраа, энэ дэлхий дээрх хамгийн сүүлчийн амьтан, хамгийн сүүлчийн ховор ургамал байсан байж болзошгүй биологийн олон янз байдлаа хамгаалж чадаагүйдээ Монгол Улс, Монгол Улсын Засгийн газар хүн төрөлхтнөөс, эх дэлхийг хамгаалагч олон улс орноос уучлал гуйх ёстой гэчихэд буруутахгүй байх.

Уг нь Монгол Улсын Төрийн тэргүүн гурван улс дамжсан төрийн айлчлалаас эргэж ирсэн өдрөө Нөмрөгийн дархан цаазат газар руу, дэлхийн мянга мянган хүн эмгэнэж буй шатсан байгаль руу нисдэг тэргээр очсон бол, газар дээр нь танилцсан бол, холбогдох сайд нараас хариуцлага нэхсэн бол ЗАНГАРАГтай байх байлаа. Харамсалтай нь түүний ирдэг өдөр Хэвлэлийн албаны дарга нь хэнд ч хэрэггүй шахам гүтгэлэг гээчид хариу барьж хэтэрхий ул суурьгүй, гоомой хандлаа. Гүтгэлэг гээч дэх хөдлөх болоод үл хөдлөх хөрөнгүүд нэгэнт Төрийн тэргүүнийх биш л бол залруулж сандрахын хэрэг юун. Эрэн сурвалжлах хангалттай олон редакци, сэтгүүлчдийн олоод тодруулчих фактуудтай ноцолдохын оронд Нөмрөгийн дархан цаазат газар руугаа, энэ дэлхийгээс устаж үгүй болсон байж мэдэх ан амьтдын мөрөөр ажилласан бол хичнээн үнэ цэнтэй, зангарагтай байх байв.

Дархан цаазат газарт гал алдсан даруйд улсын хэмжээн дэх бүх гал сөнөөгчдийг, хил хамгаалах анги нэгтгэлүүдээс цэрэг дайчдыг дайчлаад хохирол багатайгаар унтраахгүй яав гээд Н.Номтойбаяраас, Д.Батлутаас, Ц.Сандаг-Очироос, Н.Учралаас хариуцлага нэхчихгүй дээ, эрхэм Ерөнхийлөгч өө!!!

БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны хилийн бүс рүү ойртсон түймрийг урд хөрш 3,400 гаруй гал сөнөөгч, онцгой байдлын алба хаагчдыг дайчлан ажиллуулаад унтраасан байдаг. Бидэнд ч ийм хэмжээний хүн хүч дайчлах боломж хангалттай байсан байж таарна. Даанч халаглам, харуусам.

Ирэх сард НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийн талуудын 31 дүгээр бага хурал Туркт болно. Монгол Улс ямар нүүрээрээ оролцох билээ. Дэндүү ХАРИУЦЛАГАгүй.

Дархан цаазат газар дахь энэ түймэр байгалийн гамшиг төдий байсангүй. Энэ бол бүх шатан дахь хариуцлагагүйн гэм, байгаль дэлхийн эсрэг үйлдсэн гэмт үйлдэл мөн юм.