Ийм төрлийн сэлгээ засаг руу чиглэсэн шүүмжлэлийг бага зэрэг намжаадаг байсан бол өдгөө сөрөг хүчнийг, цаашлаад олон нийтийг улам бүр бухимдуулах болсныг эрх баригчид эрхбиш мэдэхтэйгээ болсон байх. Тиймээс Н.Учрал жишиг болсон улигт сэлгээнээс огт ондоо шийдвэрийг зоримог гаргаад өөрийн имижийг бүрдүүлчих хэрэгтэй л дээ. Тэр одоо л манлайлагч болдоггүй юм бол түүнийг хүлээх өөр цаг хугацаа үгүй юм. Тэр харизмтай, шийдэмгий, галзуу барын аманд гараа хийхээс буцахгүй байвал гоё.
АН-д хамтрах хадаг тавьсан бол буцаагаад авчих. Ер хэнийг ч гуйгаад яанам. Зориг ухаан хоёр байхад бусад нь тэрэг дагадаг нохой шиг гүйх л болно. АН-ын удирдлага одоогийн байгаагаар байвал Засгийн газарт хамтарсан ч, эс хамтарсан ч ялагдах биз. Ялагдалд нь шалтаг болоод яах билээ.
АН-тай хамтарснаас Засгийн газрын бүтцээ цомхон болгочих. Тэгээд ярсхийтэл ажиллаж, ганц төгрөг, ганц бродюр солих байсан ч хатуу хяналт тавиад өг. Энэ бол ирэх онуудын сонгуульд үг дуугүй ялах ялалтын эхлэл юм.
Монгол Улс гурвын гурван Шадар сайдаар яах билээ. Лу.Гантөмөр Т.Доржханд хоёрт зориулсан Л.Оюун-Эрдэнийн зохиомол суудлууд гэчихэд ташаарсан болохгүй биз. Тэгэхээр түүний сэдсэн эдгээр бүтцийг энэ чигт нь чирэхийн хэрэг юун. Эрхлэх хүрээ, үүрэг чиглэл тэртэй тэргүй давхардчихсан байгаа.
Зарим чиг үүргийн яамдыг зориглоод нэгтгэчихэд буруудахгүй. Л.Оюун-Эрдэнийн пиарчдын бохир технологи хэмжээ хязгаарыг давчихснаас бус Л.Оюун-Эрдэнэ өөрөө энэ мэт шийдэлд зоримог, өөртөө итгэлтэй байсан байх. Н.Учрал юун төлөө Чөлөөлье уриатай билээ. Тэр бусад нам эвсэл бүлэглэлтэй хамтрахын тулд үүсгэсэн албан тушаалын авлигал мэт Л.Оюун-Эрдэнийн үлдээсэн бүтцийг танаж, давхардсан чиг үүргүүдийг нэгтгэвэл ард түмний нуруунд, төсөвт үүрэгдсэн хүнд ачаа, буулга хөнгөрөх юм. Үүнийг хийж чадсаных нь төлөө ард түмэнд түүнд саналаа өгнө. Цаашлаад энэ их цомхтгол, цэгцлэлтийн араас яамд хоорондын мэдээлэл, өгөгдлийг шуурхай нээлттэй солилцох нэгдсэн систем, соёлыг суулгаад өгчихвөл Н.Учрал гэх хүн түүхэн үүрэг гүйцэтгэсэн нэр төртэй Ерөнхий сайд болох биз.
Салбарын хуулиуд хоорондоо зөрчилддөг, аль асуудлыг аль яам хариуцах нь тодорхойгүй байдал Л.Оюун-Эрдэнээс энэ улсад үлдээсэн олон зовлонгийн нэг юм. Энэ зовлонг үргэлжлүүлэх хэрэг юун.
Нэг замын асуудлыг шийдэхийн тулд Зам тээврийн яам, Эрчим хүчний яам, Барилга хот байгуулалтын яам тус тусдаа төлөвлөөд эцэстээ зам баригдсаны дараа дахин ухаж үргүй зардал гаргадгаа болих цаг болсон. Засгийн газарт АН-ыг урина урихгүй гэхчлэн цаг үрэхийн оронд энэ мэт хийх ёстой ердийн шийдлүүдийг л зоримог хийчихэд эрх баригчид айсуй сонгуулиудын өмнө айж бэргэхийн хэрэг юу байх билээ.
Барилга хот байгуулалтын яамыг Зам тээврийн яамтай нэгтгэхэд дэд бүтцийн салбарын бодлого зангидагдаж, хөрөнгө оруулалтын үр ашиг дээшилнэ гэдгийг орцны гадаа нарлах хөгшид ч ярьчихаж байна. Улс орны бүтээн байгуулалт, хөгжлийн бодлогыг үүрдэг энэ хоёр яамыг нэгтгэснээр авто зам, төмөр зам, гүүр, хот байгуулалт, суурьшлын бүс, дагуул хотуудын төлөвлөлт уялдаж, газар зохион байгуулалт болоод дэд бүтцийн давхардлыг арилгах шийдэл болчихно. Газар газрын хүнд суртал, авлигал ч үгүй болох эхлэл болох биз.
Байгаль орчин нь аялал жуулчлалын салбараасаа тусдаа бодлого бодно гэдэг тэнэглэл бидэнд л байдаг байх. Байгалийн унаган төрх, өргөн уудам нутаг дэвсгэр, нүүдэлчин соёлд түшиглэсэн аялал жуулчлал хөгжүүлнэ гээд жуулчны орлогоос давсан зарлагатай нүсэр яамтай байхын учир юун. Аялал жуулчлалын гол нөөц, цөм нь Байгаль орчны яамны мэдэлд байдаг болохоор жуулчны бааз байгуулах, зам тавих, тусгай хамгаалалттай бүсэд үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авах гэхчлэн мөн л хоёр яамны хоорондын хүнд суртал, уялдаагүй байдал бүгдэд түвэгтэй байгаа. Байгаль хамгаалах хатуу горимыг эдийн засаг тэлэх аялал жуулчлалын зорилттой зөрчилдүүлэхгүйн тулд эдгээр яамд нэгдэх нь зөв юм.
Спорт боловсрол соёл гурав салж бодогдохын үр дагавар, уршгийг бид нийгмээсээ хангалттай харж байгаа билээ.
Ийнхүү чиг үүрэг, бодлого нь нэг гарт зангидагдаж, нэг тогоонд боловсрох учиртай олон салбарыг нэгтгэх түүхэн үүргийг Н.Учрал гүйцэтгэж чадвал гоё. Түүнд АН болоод бусад намын хэрэг үгүй юм.
Харин Цахим хөгжил харилцаа холбооны яам гэх улсын кибер аюулгүй байдал, төрийн мэдээллийн нэгдсэн дэд бүтэц, цахим засаглал болон харилцаа холбооны сүлжээний найдвартай ажиллагааг хангах чиг үүрэг бүхий үндэсний аюулгүй байдалд шууд хамаарах төрийн гол байгууллагыг Засгийн газрын бүтцэд байлгаж, сайд гэх улстөрийн халаа сэлгээнд хаяж өгсөөр байх нь хэр оновчтой юм бол, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл!!! Товчхондоо технологийн хөгжил дагасан шинэ цагийн Тагнуулын байгууллага гэчихэд хол зөрөхгүй байх. Үндэсний хэмжээний аюулгүй байдлын түвшинд авч үзэхүйц энэ салбар нэрээ бүтэн бичиж чадахгүй шахам улстөрчдийн гар дамжих зөв гэж үү?! Тэр дундаа төрийн гурван өндөрлөг нь өөрсдийн эсрэг бүлэглэлд энэ салбараа атгуулчихаад тоомжиргүй суух явдлыг Монголоос өөр оронд харах ч үгүй биз. Зөв шийдэл нь Цахим хөгжил харилцаа холбооны яамыг Тагнуулын төв байгууллага шиг тусдаа статустай болгоод Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэргэд авчрахад болохгүй гэх газаргүй. Ямартай ч энэ Засгийн газрын нэн тэргүүнд яаралтай шийдэх асуудал гарцаагүй энэ юм.
Нөгөөтэйгүүр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг сэргээхгүй бол улс үндэстний аюулгүй байдал улстөрийн томилгоот сайд нарыг дагаад хяналтгүй, хариуцлагагүй болж буйг бид харж байна.
Хүнс, эм, барилга байгууламж, зам гүүр гээд бүхий л газарт стандарт үгүй болсон гэчихэд хэтрүүлсэн болохгүй. Мэргэжлийн хяналтын байгууллагыг татан буулгаж, чиг үүргийг салбар яамдад хувааж өгсөн нь улс үндэстнийхээ аюулгүй байдлын эсрэг хийсэн хамгийн аймшигтай, хамгийн хогийн шийдвэр болсон байх. Энэ аймшигтай алдааг Н.Учралын Засгийн газар засах хэрэгтэй. Монголд сахилга бат, хяналт, хариуцлага дутаж байна.
