Энэ онд Гадаадын иргэн, харьяатын газрын 25 жил, Монгол Улс Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага /ОУШХБ, IOM/-ын гишүүнээр элссэний 18, ОУШХБ төлөөлөгчийн газраа ГИХГ-ын байранд анх нээж үйл ажиллагаагаа эхэлсний 15 жилийн ой тус тус тохиож байна. 25 жил гэдэг бол аливаа байгууллага “бид өнгөрсөн хугацаанд юу хийв, хөгжлийн ямар түвшинд хүрэв, цаашид хаашаа явах вэ?” гэж өөрөөсөө асуух хангалттай урт хугацаа. Олон улсын байгууллагын хувьд тухайн улсад “хэдэн төсөл хэрэгжүүлэв?” гэдгээр бус, “ямар тогтолцооны өөрчлөлт бий болгов?” гэдгээр дүгнэх хангалттай хугацаа гэж ойлгож байгаа. Ийн үзвэл энэ салбарт /гадаадын иргэн харьяатын асуудал, шижлит хөдөлгөөний хүрээнд туулсан замыг эргэн харах төдийгүй нэг чухал асуудлыг хөндөж тавих боломж олгож байна.
Учир нь холбогдох байгууллагуудтай нэгт хамтран ажиллаж нэг жилийн дотор гишүүнээр элсүүлж, 4 жилийн туршид уйгагүй ажиласны үр дүнд ОУШХБ-ын ТГ-ыг Улаанбаатарт нээж, Монгол Улсын шижилт хөдөлгөөний чадавхийг дээшлүүлэх хөтөлбөрийг эхлүүлэн, Ази, Европын цагаачлалын байгууллагуудын удирдлагын X хурал, Ерөнхий захирлын айлчлалтай хамтатган зохион байгуулсан хүний хувьд хэлэх үг байгаа болоод тэр.
Манайд тогтсон жишгээр байгууллага баярын хурал хийж бөх барилдуулах эсвэл эрдэм шинжилгээний хурал гээд хэлбэрдээд өнгөрөөх бус туулсан зам, хуримтлуулсан туршлага, чадвартаа үндэслэн дараагийн 25 жилийн бодлого чиглэлээ тодорхойлох байгууллагын хөгжлийн нэг чухал үе юм.
Өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, хүрсэн үр дүнг үгүйсгэх гээгүй. Виз, бүртгэл, оршин суух зөвшөөрөл, гадаадын иргэний хяналт, хөдөлмөрийн шилжилт хөдөлгөөний зохицуулалт цахимжиж, хууль эрх зүйн орчин шинэчлэгдсэн. ОУШХБ-тай хамтран судалгаа, сургалт, техникийн туслалцаа, эх орондоо эргэж суурьших хөтөлбөр, хүн худалдаалахтай тэмцэх, дотоод шилжилт хөдөлгөөний мэдээлэл, гамшгийн үеийн шилжилт хөдөлгөөн зэрэг олон чиглэлээр ажилласан. Гэхдээ ойн жинхэнэ утга нь хийсэн ажлын жагсаалтад бус, тухайн байгууллага, салбарын хөгжлийн түвшингээр хэмжигдэх ёстой.
ОУШХБ-ын дүгнэлтийг анхаарууштай
Энэ асуудлыг өнөөдөр тавьж байгаа нь хэн нэгнийг буруутгах гэсэн хэрэг биш. Харин Монгол Улс, ОУШХБ-ын хамтын ажиллагааг дараагийн шатанд гаргах шаардлагатай гэдгийг тодотгож байгаа юм. ОУШХБ-ын өөрийн 2024 онд нийтэлсэн Шилжилт хөдөлгөөний засаглалын үзүүлэлтүүд: Монгол Улсын танилцуулга 2023 тайлан бөгөөд энэхүү тайланд “Монгол Улс үндэсний хэмжээний шилжилт хөдөлгөөний стратегийг тусгай программ, бодлогын баримт бичгээр тодорхойлоогүй, шилжин ирэгчдийн интеграц болон үндэсний хөгжлийн бодлоготой уялдсан нэгдсэн стратеги байхгүй” хэмээн тэмдэглэсэн байна. Мөн шилжилт хөдөлгөөний мэдээллийг Хөдөлмөр, Гадаад харилцааны яамд, Улсын бүртгэл, Үндэсний статистик, Хил хамгаалах, Гадаадын иргэн, харьяатын зэрэг байгууллагууд тус тусдаа цуглуулдаг боловч эдгээрийг нэг мөр тодорхойлолт, аргачлалаар уялдуулах бодлого, тогтолцоо байхгүйг “цаашид хөгжүүлэх шаардлагатай” чиглэл гэж дүгнэснийг анхаарах хэрэгтэй. Хилийн чинадад суугаа монголчуудтайгаа хэрхэн ажиллах тухай зохицуулалт ч хангалтгүй хэвээр байгааг мөн онцолсон байна.
Энэ бол маш чухал дохио. Монгол Улс олон хуультай, олон байгууллагатай, олон мэдээллийн сантай байж болно. Гэвч тэдгээрийн дээр “Монгол Улс шилжилт хөдөлгөөнийг хөгжлийн ямар зорилгоор, ямар зарчмаар удирдах” талаар иж бүрэн, олон талт нэгдсэн бодлого (multidisciplinary approach) зайлшгүй шаардлагатай.
Хүн ам зүйн хувьд цөөн, газар нутаг уудам Монгол Улсын хувьд шилжилт хөдөлгөөн (интеграци ба цагаачлал) нь зөвхөн хилийн хяналт, визийн зөвшөөрөл олгох хэмжээний захиргааны ажил биш, харин үндэсний хөгжил, оршин тогтнохуйн стратеги гэж авч үзэх нь зүйд нийцнэ. Шилжилт хөдөлгөөн өнөөдөр зөвхөн хилээр нэвтрүүлэх, визийн асуудал биш. Гадаадын иргэн, харьяатын газрын 2026 оны 4 дүгээр сарын 30-ны мэдээллээр Монгол Улсад 133 улсын 34,241 гадаадын иргэн албан болон хувийн хэргээр оршин сууж, тэдний 52.4 хувь нь хөдөлмөр эрхлэх зорилготой байна. Нөгөөтэйгүүр Гадаад харилцааны яамны 2024 оны мэдээллээр ойролцоогоор 210 мянган монгол иргэн гадаадад ажиллаж, амьдарч байна. Өөрөөр хэлбэл Монгол Улс нь “хүлээн авагч” мөн “хүнээ гадагш илгээгч” орон.
Энэ хоёр урсгалын дунд хөдөлмөрийн зах зээл ба ур чадварын огтлолцол (оюун ухаан гадагшаа урсах, эргэж нөхөгдөх), хүн ам зүй ба нийгмийн хамгаалал (Нийгмийн даатгалын сангийн тогтвортой байдал), боловсрол ба хөрөнгө оруулалт (хүний капиталын өгөөж), ур чадвар, нийгмийн хамгаалал, хөрөнгө оруулалт, үндэсний аюулгүй байдал ба хүний эрх (тэнцвэрийг хангах) гээд олон бодлого огтлолцож байна. Тиймээс шилжилт хөдөлгөөний “хилээр оруулж, гаргах” урсгалыг өнөөгийн бодлогогүй, байгууллагуудын дунд орхигдуулж аргацаасан захиргааны логикоор цаашид удирдах боломжгүй.
2011 ОНЫ ЗОРИЛГО 2026 ОНД ДАХИН ТАВИГДАЖ БАЙНА
Энэ асуудал өнөөдөр шинээр гарч ирсэн зүйл биш. 2011 оны 9 дүгээр сарын 5–7-нд Улаанбаатарт АСЕМ-ын орнуудын Цагаачлалын албадын ерөнхий захирлуудын 10 дугаар хурлыг зохион байгуулж, “ур чадвартай шилжилт хөдөлгөөнийг дэмжих, хууль бус хөдөлмөр эрхлэлтийг бууруулахад цагаачлалын байгууллагын үүрэг” болон хүн худалдаалахтай тэмцэх асуудлыг хэлэлцсэн. ОУШХБ-ын тухайн үеийн Ерөнхий захирал Элчин сайд Вильям Лэйси Свинг Монгол Улсад албан ёсоор айлчилж, төлөөлөгчийн газраа нээж, үйл ажиллагаагаа эхэлсэн нь хамтын ажиллагааны том алхам байлаа.
зохицуулахад оруулсан хувь нэмрийг тэмдэглэсэн байдаг. Гэхдээ энэ баримтыг өнөөдөр дурсамж болгон үзүүлэхээс илүү, тухайн үеийн зорилго биелсэн эсэхийг асуух нь чухал.
Тэр зорилго нь Монгол Улс олон улсын туршлагыг хуулбарладаг улс биш, өөрийн бодлогоо боловсруулж, хэрэгжүүлдэг үүний тул олон улсын болоод бүс нутгийн түвшинд идэвхтэй явуулдаг улс болох явдал байсан.
МАНАЙД ХУУЛЬ НЬ, БАЙГУУЛЛАГА НЬ БАЙНА. ОДОО БОДЛОГО, БАЙГУУЛЛАГА ХООРОНДЫН УЯЛДАА ХОЛБОО ЗОХИЦУУЛАЛТ ХЭРЭГТЭЙ
Сүүлийн жилүүдэд ахиц дэвшил гарсан. “Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хууль”-ийн зорилго нь Монгол Улсын иргэн гадаадад, гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсад хөдөлмөр эрхлэх, тэдгээрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино. Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээг эдийн засгийн салбараар Засгийн газар жил бүр тогтоохдоо хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийг харгалзахаар хуульчилсан.
Тиймээс асуудал “Монгол Улсад ямар ч зохицуулалт байхгүй”-дээ биш. Харин хөдөлмөр, хүн ам, гадаад харилцаа, хил хамгаалах, иргэншил, боловсрол, нийгмийн хамгаалал, диаспора, буцах шилжилт хөдөлгөөн, дотоод шилжилт гэсэн хэсэгчилсэн бодлого, мэдээлэл, хариуцлагыг нэгдсэн нэг бодлогоор зохицуулах механизм сул байна. Үүнийг ОУШХБ-ын 2023 оны үнэлгээ, 2026 онд хэрэгжүүлж буй шилжилт хөдөлгөөний өгөгдлийн менежментийн талаар зохион байгуулсан үйл ажиллагаа мөн давхар баталж байна. Яагаад ингэж хэсэгчилж хэрэгжүүлээд байгаа юм бэ?
ЮУ ХИЙХ ЁСТОЙ ВЭ?
Нэгдүгээрт, 2026–2041 онд хэрэгжүүлэх шилжилт хөдөлгөөний үндэсний хөтөлбөрийг боловсруулж батлуулах шаардлагатай. Энэхүү хөтөлбөр нь гадаадын иргэний хяналт төдий бус хүн ам зүй, хөдөлмөрийн зах зээл, ур чадвар, гадаадад байгаа монголчууд, эргэн суурьших, боловсрол, нийгмийн хамгаалал, хүний эрх, аюулгүй байдал, хөрөнгө оруулалт зэрэг асуудлыг цогцоор нь авч үзэж нэгдсэн бодлогоор зохицуулах хэрэгтэй болоод байна.
Хоёрдугаарт, шилжилт хөдөлгөөн нэг яам, байгууллагын асуудал биш. Гэтэл өнөөдөр ч байгууллагуудын өгөгдөл хоорондоо бүрэн нийцээгүй, тодорхойлолт ба аргачлал зөрүүтэй, зарим урсгалын мэдээлэл дутуу, институц хоорондын зохицуулалт салбар хоорондын уялдаа, мэдээлэл солилцоо, бодлогын нэгдсэн зохицуулалт асуудалтай байсаар байна. Иймээс бодлого тодорхойлох, хэрэгжүүлэх, мэдээлэл солилцох, үр дүн хэмжих эрх, үүрэг нь тодорхой салбар хоорондын Үндэсний зохицуулалтын механизм бий болгох шаардлагатай. Манайханд нэг гаж үзэгдэл бий. Тодорхой байгууллагын үйл ажиллагаа өргөжихийн хирээр холбогдох хууль журамд өөрчлөлт оруулахдаа шинээр бүтэц байгуулах гэж зориуд санаатайгаар гажуудал үүсгэдэг.
Гуравдугаарт, Үндэсний шилжилт хөдөлгөөний мэдээллийн нэгдсэн тогтолцоо буюу Migration Data Hub байгуулах шаардлагатай. Гадаад харилцаа, хууль зүй, хөдөлмөрийн яамд, статистик, иргэн харьяат, хил хамгаалах, улсын бүртгэл, боловсрол, нийгмийн хамгааллын салбарын мэдээллийг хуульд нийцүүлэн, хувийн мэдээллийн хамгаалалтыг хангаж, нэгдсэн нэг ойлголт, ангилал, аргачлалаар уялдуулахгүйгээр нотолгоонд суурилсан бодлого ярих боломжгүй.
Дөрөвдүгээрт, Гадаад ажиллах хүчний бодлогыг зөвхөн “хямд ажиллах хүч” эсвэл “бүрэн хориглох” гэсэн хэт туйлширсан хандлагаас ангижируулж, ур чадвар, бүтээмж, технологи дамжуулалт, дотоодын хүний нөөцийг хамгаалах зарчимд шилжүүлэх нь эдийн засаг, хөдөлмөрийн зах зээлийн хувьд чухал асуудал юм. Гадаад ажилтныг хаах тухай биш; Монголд яг ямар мэргэжил, ямар ур чадвар, ямар хугацаагаар хэрэгтэйг нотолгоогоор тогтоож, дотоодын ажиллах хүчийг сургах, ур чадвар шилжүүлэх үүрэгтэй уялдуулах тухай юм.
Тавдугаарт, Гадаадад амьдарч буй 200 гаруй мянган монголчуудыг зөвхөн “эр орноосоо явагсад” гэж бус харин эх орныхоо хөгжилд түлхэц өгөх стратегийн нөөц, диаспора сүлжээ болгон харж хүн амын бодлоготойгоо цогцоор нь холбох зайлшгүй шаардлагатай байна. Хэн буцаж ирэх боломжтой, ямар салбарт мэдлэгээ өгч болох, хөрөнгө оруулалтыг хэрхэн дэмжих, нийгмийн хамгааллыг хэрхэн холбох вэ гэдэг нь хүн ам зүйн бодлогын төвд нь байх ёстой.
Эцсийн эцэст бодлогын үр шимийг хүртэгч нь эхлээд монголчууд байх ёстой. Бодит байдал дээр эсрэгээрээ байна. Гайгүй боломжтой хэсэг нь сурах, ажиллах зорилгоор гадагшаа гараад явчихлаа. Мөн тийм тооны хар ажилачид хятад, вьетнам, банладеш, филиппин улсуудаас ирж байна. Сөрөг урсгал гэсэн үг. Зочид буудал, ресторан, машин засвар, жижиг хоолны газрууд дэлгүүрүүдэд хэн эзэн суув?
Гоё гоё нэртэй “үндэсний хөтөлбөр”-үүдээр шоу хийгээд байдаг бодит байдал дээр монгол хүн эх орондоо ажлын байраа булаалгаж, бизнесээс шахагдаж ашиг орлого нь буурч амжиргаагаа залгуулахад улам хүндэрсээр байна. Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Ерөнхийлөгч Ли Жэ Мён: “гадаад ажилчид олсон орлогоо эх орон руугаа шилжүүлдэг тул улсын эдийн засагт оруулах хувь нэмэр нь бага байна” гэж хэлсэн нь шүүмжлэл дагуулаад буй ч энэ бол нүцгэн үнэн. Гадны ажилчидтай холбоотойгоор олон асуудлууд нуугдаж байдгийн нэг жишээ нь хар тамхи мансууруулах бодис юм. Манайд турк, орос, вьетнам, малайз, тайландууд манай улсад том сүлжээ үүсгэчихсэн байдаг байна [https://ikon.mn/opinion/3q34]. Мөн өмнөх хөршийн нөхдүүд каннабис тариалаад хэвлэл мэдээлэл таг байсан ч нэг хүн шүгэл үлээсэн талаар энд мөн дурдсан байна. Миний санахын бүүр 2000-аад оны эхээр бас нэг ийм шуугиан дэгдээд нам болж байсан даг. Бодлогогүй байна гэдэг аюултай.
ОУШХБ-ТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ШИНЭ ШАТАНД ГАРГАЯ
Өнгөрсөн хугацаанд хийгдсэн судалгаа, сургалт, техникийн дэмжлэг, олон улсын сүлжээ нь үнэхээр үнэ цэнтэй. Харин дараагийн хамтын ажиллагааны хэмжүүр өөр байх ёстой.
Хамтын ажиллагааг тоо хэмжээнд суурилсан явцын үзүүлэлтээр бус, чанарт суурилсан стратегийн үр дүн, бодит өөрчлөлтөөр нь дүгнэх тодруулбал, Монгол Улс шилжилт хөдөлгөөний үндэсний стратегитай болсон эсэх, байгууллагуудын хоорондын ажлын уялдаа холбоо, зохицуулалт ямар түвшинд байна вэ? гадаад ажиллах хүчийг ур чадварын хэрэгцээгээр удирдаж байгээ эсэх; гадаадад байгаа монголчуудын мэдлэг, хөрөнгийг хөгжилтэй холбож чадсан эсэх; хүний эрх ба үндэсний ашиг сонирхлын тэнцвэрийг тогтвортой хангаж байна уу гэдгээр хэмжих хэрэгтэй.
Төрөөс дата, гадаадад байгаа монголчуудын хурал аар саархан зүйлээр хөөцөлдөж суухаар шилжилт хөдөлгөөний нэгдмэл бодлогоор удирдан чиглүүлэх шаардлага зүй ёсоор тулгарч байна.
Иймээс ОУШХБ-ын Монгол дахь дараагийн 15 жилийн түншлэлийг төсөлд суурилсан хэлбэрээс бодлого, институцийн түншлэлд шилжүүлэх, улмаар Монголын төр өөрийн хөгжлийн зорилгыг тэргүүнд тавьж манлайлах нь чухал стратегийн алхам юм. Харин Монголын төр олон улсын байгууллагаас бодлого хүлээж суух бус өөрийн зорилгоо тодорхойлж, хамтын ажиллагааг тэр зорилгодоо чиглүүлэх ёстой.
25 жил бид байгууллагаа бэхжүүллээ. ОУШХБ-ын гишүүн улс болоод 18 жил, төлөөлөгчийн газар үйл ажиллагаагаа явуулаад 15 жил хамтарч ажилаллаа. Яагаад ахиц дэвшил гарахгүй байна вэ? Шилжилт хөдөлгөөнийг идэвхгүй хянах бус, харин улс орны хөгжлийн бодлогын гол хөдөлгүүр болгон идэвхтэй удирдах нь улсын тусгаар тогтнол, эдийн засгийн аюулгүй байдлын хувьд стратегийн онцгой ач холбогдолтой.
Гадны бэлэн загвар, хандлагыг шууд хуулбарлах бус, өөрийн орны өвөрмөц онцлогт тохирсон үндэсний бодлоготой болох нь дараах үндсэн чиглэлүүдээр хэрэгжих шаардлагатай байна. Тухалбал, дотоодын шилжилт хөдөлгөөн ба бүс нутгийн хөгжил, хөдөлмөрийн зах зээл ба ур чадварын удирдлага, монгол иргэдийн “тархины урсгал”-ыг эргүүлэх, үндэсний аюулгүй байдал ба хүн ам зүйн тэнцвэр
Монгол Улс шилжилт хөдөлгөөнийг зөвхөн хянадаг бус, хөгжлийн зорилготойгоор удирддаг, гаднын бодлогыг дагадаг бус, өөрийн хүн ам, хөдөлмөр, ур чадвар, аюулгүй байдал, иргэдийнхээ ирээдүйд тулгуурласан үндэсний шилжилт хөдөлгөөний бодлоготой тэр бодлогоо хэрэгжүүлж улс болох цаг болжээ.
Гадаадын иргэн, харьяатын газрын 25 жил, Монгол Улс ОУШХБ-д гишүүнээр элссэний 18 жил, ОУШХБ-ын Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газрын 15 жилийн ойд.
Эрхзүйч, судлаач С.Болд
