Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2026.11.18/ хуралдаан 13.46 цагт УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, Ж.Батжаргал, Э.Болормаа, Б.Жавхлан, Б.Пүрэвдорж, Б.Чойжилсүрэн, Ж.Бат-Эрдэнэ, Б.Баярбаатар, С.Бямбацогт, Ч.Лодойсамбуу, Ч.Ундрам, Ө.Шижир, Б.Батбаатар, Ж.Баярмаа, Ц.Даваасүрэн, Н.Номтойбаяр, Н.Учрал, Б.Энхбаяр нар ирснээр 56.3 хувийн ирцтэйгээр эхэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэв.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын дарга С.Бямбацогтод 2026.11.17-ны өдөр албан бичгээр ирүүлсэн талаар Байнгын хорооны дарга Б.Жавхлан танилцуулсан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хүсэлттэй холбогдуулан асууж, санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 77.8 хувь нь У.Хүрэлсүхийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн 37 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Ерөнхийлөгч огцорсон, нас нөгчсөн, хүсэлтээрээ чөлөөлөгдсөн бол Ерөнхийлөгч шинээр сонгогдож тангараг өргөх хүртэл бүрэн эрхийг нь Улсын Их Хурлын дарга хэрэгжүүлнэ. Энэ тохиолдолд Улсын Их Хурал Ерөнхийлөгчийн сонгуулийг дөрвөн сарын дотор зарлан явуулна”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Улсын Их Хурлын дарга Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэх журмыг хуулиар тогтооно.” гэж заажээ.

2.jpgМонгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Ерөнхийлөгч огцорсон, нас нөгчсөн, хүсэлтээрээ чөлөөлөгдсөн бол Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг Улсын Их Хурлын дарга бүрэн хэрэгжүүлнэ” гэж, мөн зүйлийн 5 дахь хэсэгт “Энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан тохиолдолд Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг Улсын Их Хурлын дарга хэрэгжүүлэх асуудлыг Улсын Их Хурал чуулганы хуралдаанаараа тухай бүр хэлэлцэж шийдвэр гаргана.” гэж заасан байна.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт “Нэгдсэн хуралдаанаар Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг ажлын 5 өдрийн дотор хэлэлцэн ил санал хураалт явуулж, чөлөөлөгдөх хүсэлтийг Улсын Их Хурлын нийт гишүүний олонх дэмжсэн бол Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай хууль баталсанд тооцно.” гэж заасныг Байнгын хорооны дарга танилцуулаад, Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаас чөлөөлөх, Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг Улсын Их Хурлын дарга хэрэгжүүлэх тухай хуулийн төслийг уншиж танилцуулсан.

Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу У.Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаас чөлөөлж, Монгол Улсын Ерөнхийлөгч шинээр сонгогдож тангараг өргөх хүртэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг Улсын Их Хурлын дарга хэрэгжүүлэхээр хуулийн төсөлд тусгажээ.

Ингээд Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.