-Сү.Батболдын Засгийн газар 2008 онд их, дээд сургуулиудыг хотоос нүүлгэж, оюутны хотхоныг нийслэлээс гаднах бүсэд, архи баар савгүй газар төвлөрүүлнэ гэсэн бодлогын шийдвэр гаргаж байв. 15 жил өнгөрчихөөд байхад энэ бодлогоо хэрэгжүүлэх ганц ч алхамыг дараа дараагийн эрх баригчид хийсэнгүй.
– Нийслэл Улаанбаатарт Баянхошуунаас хотын төв хүртэл Агаарын дүүжин тээвэр байгуулах францчуудын төсөлтэй монголчууд 2019 онд анх танилцсан. Гэвч цагт 3000 хүнийг түрдэг тэрэг, скүүтэр, унадаг дугуйтай нь тээвэрлэх боломжтой энэхүү агаарын дүүжин тээврийн анхны ТЭЗҮ-г танилцуулах үед Сумка “Миний Сонгинохайрхан дүүрэгт наадахыг чинь хийхгүй шүү” гэж ацагласнаар уг ажил тодорхойгүй хугацаагаар хойшилсон, эдүгээ Яармагаас хотын төв хүртэл тавихаар судалгаа тооцоо нь хийгдэж буй гэдэг.
-Хотын төвлөрлийн нэг цэг, бөглөрлийн шалтгаан болсон 100 айлыг хотоос нүүлгэж, барилгын материалын захыг хотын хоёр талд байгуулах шийдвэрийг НИТХ 2018 онд гаргаж байсан боловч энэ бодлого мөн л хэрэгжсэнгүй.
-Нарантуулыг хотоос нүүлгэх шаардлага 2013 оноос хөндөгдөж, 2018 онд шийдвэр гарсан боловч мөн л ажил болсонгүй. Томоохон зах, худалдааны төвүүдийн боссуудад авилгадуулаад нам зогсож, таг гацав.
Энэ мэтээр бөглөрлийг сааруулах бүх ажил тухай бүр эрх баригч намын шүүгээнд шороонд дарагдан мартагдаж байв. Тэгснээ бас дэлхийн олон оронд хотын төвөөрөө зорчиход төлбөр авдаг гэчихжээ. Уучлаарай, Нямбаатар болон түүний баг аа. За хэлээд өг дөө, 1.565 сая кмкв нутаг дэвсгэртэй, 3.4 сая хүн амтай, нийслэлдээ 1.3 сая хүн амьдардаг ямар улс төвийн замуудаа мөнгөөр үнэлснийг харьцуулаад хэлээд өгөөч!
Иргэдээсээ авсан татварын мөнгөө иргэдийнхээ сайн сайхны төлөө зарцуулж зориулдаг улс орнуудтай өөрсдийгөө харьцуулж болж байгаа юм уу?
Дээрх бодлогын өөрчлөлтүүдээ хэрэгжүүлчихээд, дараа нь энэ 27500 төгрөгийн татаасны шийдвэрээ гаргасан бол зөвшөөрч болох л байлаа. Буруу бодлого, бузар газрын наймаачдынхаа хор уршгийг иргэдэд үүрүүлж, нийслэлээ хоёр хуваачихаад хойморт нь хорчид найрлаж, хатавчинд нь ард түмэн хамуутай бор даагатай халцархай бор хүү мэт царай алдаж зогсох хэрэг үү?
Сэтгүүлч Р.Эмүжин