УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ.

Хурлын эхэнд бүлгийн дарга О.Цогтгэрэл цар тахлын үеийн20 их наяд төгрөгийн сонсголыг явуулахыг эрх баригчдаас шаардлаа. Тэрбээр “Эрх баригчид цар тахлын үеийн 20 их наяд төгрөгийн мөнгөн дүнгээр сонсгол явуулах хүсэлгүй байгаа юм байна. Хууль эрх зүйн хүрээнд хааж байгаа юм. Мөн энэ талаар дахин нэг жилийн хугацаанд сонсгол явуулах боломжгүй талаар дүгнэлт гаргаж бидэнд танилцууллаа.

Амны хаалт, эмчилгээний үнээс эхлээд иргэдийн дунд асар их хардлага бий. Энэ бүхнийг ил гаргаж, цар тахлын үеийн 20 их наяд төгрөгийн будилааныг эрх баригчид солигдохоос нааш ард түмэн олж мэдэхгүй нь” хэмээв.

Мөн Ногоон автобусны шууд худалдан авалттай холбоотой ажлыг шалгах ажлын хэсгийн гишүүн Ц.Уянга “Тухайн ажлын хэсэг холбогдох эрх бүхий этгээдүүдээс шууд худалдан авалтын гэрээ болон гаалийн бүрдүүлэлт зэрэг эрх зүйн бусад бичиг баримтыг нэхэмжилсэн боловч нэн шаардлагатай материалыг өгөхгүй байна.

Тиймээс бид АН-ын бүлэгтэй хамтарч ажиллах болсон. АН-ын бүлэг дэмжээд тухайн асуудлаар хянан шалгах түр хороо байгуулж, сонсгол явуулах, УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийн хүрээнд өгөх ёстой мэдээллийг шууд авах, есөн зүйл бүхий мэдээллийг шаардахаар болоод байна.

Зөвхөн ногоон автобусны асуудал биш. Төрийн мөнгийг хэрхэн зарцуулдаг, яаж санхүүгийн луйвар хийдэг вэ гэдэг асуудал ил болно. Доод, дунд шатны алба хаагчдаараа туг тахидаг. Эцэстээ шүүх рүү дайрдаг” хэмээв.

Энэ үеэр Шүүх байгуулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан Хуульзүйн сайд асан Х.Тэмүүжин “Одоогийн Засгийн газрын өргөн барьсан хуулийн төсөлд авлигын дагнасан шүүх байгуулах тухай ямар нэгэн заалт байхгүй байгаа. Тиймээс үүнийг авлигатай холбоотой шүүхийн тогтолцооны өөрчлөлт гэж хэлж болохгүй. Харин эрүүгийн маргааныг шийддэг шүүхийн процессыг хялбарчлах маягтайгаар давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхийн эрх мэдлийг шилжүүлж, авлигын хэргийг давж заалдах шатны эхлэн хэлэлцдэг болгох тухай юм.

Улмаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг дээд шатны шүүх хэлэлцэж процессыг богино болгохыг хуульчлах гэж оролдож байна. Шударгаар шүүлгэх эрхийг хайчилж танаад өөрсдөө даалгавар өгвөл түүнийг нь хурдан шийдвэрлэж болох шүүхийн хялбаршуулсан систем хийх гэж оролдож байгаа юм.

Хүнийг хэлмэгдүүлэх, улс төрийн захиа даалгавар биелүүлэх, улс төрийн өрсөлдөгчдөө намнах эрх мэдлийг Ерөнхийлөгчдөө аваачиж өгөх санаачилгыг МАН-ынхан гаргаж байна.

Эрх баригчид иргэдийн шударгаар шүүлгэх эрхийг хязгаарлаж, шүүхийн үйл ажиллагааг доголдуулах вий гэсэн болгоомжлол байна. 2017 онд АН-ын дарга М.Энхболд Ерөнхийлөгч болох гэж байсан учраас Ерөнхийлөгч дээр МАН-ынхан эрх мэдлийг овоолж байсан.

Одоо харин МАН-ынхан Ерөнхийлөгч У.Хүрэлсүхдээ шүүх эрх мэдлийг хонгил дотроо бэлэглэх гэж байна” хэмээв.