Нүүрсний хянан шалгах түр хорооны хуралдаан өнөөдөр Төрийн ордонд болно. Уг түр хороо нь Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, хяналт шалгалтын тайланг УИХ-д танилцуулах үүрэгтэй билээ. 

Түр хорооны дарга Б.Энхбаяр “УИХ-ын “Нүүрсний хулгай”-г хянан шалгах Түр хороо УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу 2023.11.27-ны өдөр хуралдаж нүүрсний хэргийг хянан шалгах нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын товыг зарлаж, холбогдох гэрчийн нэрийг зарлаж дуудна. Хуульд зааснаар сонсголоос 7 хоногийн өмнө Түр хороо, товыг тогтоож, гэрчийг дуудах хуультай юм. Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг энэ оны 12-р сарын 4-8, 16-22-ны өдрүүдэд хоёр үе шаттайгаар зохион байгуулахаар урьдчилсан байдлаар төлөвлөөд байна” хэмээн нүүр номын хуудсаараа мэдэгдсэн.

Түр хорооны сонсголд УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан болон Эрдэнэс Тавантолгой ХХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нар тус сонсголд оролцох хүсэлтэй илэрхийлээд байсан. Тэгвэл гэрчээр дуудах хүмүүсийн жагсаалтад Б.Ганхуягийн нэр багтжээ.