Монгол Улсын Шадар сайдын ивээл дор “Эрсдэл ба Стандарт” үндэсний чуулган 2023 оны 11 дүгээр сарын 20-22-ны өдрүүдэд Төрийн ордны Их танхимд зохион байгуулагдаж байна. Арга хэмжээг Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, Стандарт, хэмжил зүйн газар, нийслэл болон 21 аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран улсын хэмжээнд зохион байгуулж буй юм.

Форумын гурав дахь өдөр “Хүн амын эрүүл, аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хүнсний системийн тэсвэртэй байдал” сэдвээр үргэлжиллээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Др.Сокорро Эскаланте арга хэмжээг нээж үг хэллээ. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний талаар танилцуулж, илтгэл тавив.

Тэрбээр танилцуулгадаа “Манай улсад төдийгүй дэлхий дахинаа тулгамдаж буй нэн тэргүүний асуудлын нэг бол дэлхийн хоол хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах, хүн амын хоол тэжээлийн хүртээмжийн асуудлыг шийдвэрлэх юм. Учир нь дэлхийн хүнсний даац 8 тэрбум хүртэлх хүнийг тэжээх чадвартай, 8 тэрбум давсан тохиолдолд хүн төрөлхтөн хүнс, шим тэжээлийн дутагдал, хүнсний хомсдол буюу өлсгөлөнд орно гэж үздэг. Тэгвэл 2030 он гэхэд дэлхийн хүн ам 9 тэрбум, 2050 он гэхэд 11.5 тэрбум хүрнэ гэсэн тооцоо бий. Дэлхийн хүнсний боломж хүн төрөлхтнийг тэжээх боломжоо алдаж эхэлсэн гэсэн үг. Үүн дээр нэмээд цар тахлын улмаас нүүрлэсэн эдийн засгийн хямрал, ОХУ Украины дайн, худалдааны болон гео политикийн зөрчилдөөн, усны нөөц, уур амьсгалын өөрчлөлт, тээвэр ложистикийн доголдол зэрэг нь үр тариа, бордоо, наран цэцгийн үр, тос, мал амьтны тэжээлийн хомсдолд хүчтэй нөлөөлсөн. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүнсний хангамж, аюулгүй байдлын асуудлыг тусгайлан хэлэлцэхийг Улсын Их Хурал, Засгийн газарт анхааруулснаар УИХ-ын 2022 оны 36 дугаар тогтоол, УИХ-ын Түр хорооны 2023 оны 02 дугаар тогтоол, Засгийн газрын 2023 оны 63 дугаар тогтоолууд гарсан. Дээрх тогтоолуудын хүрээнд УИХ-ын 4 байнгын хороо, төрийн 35 байгууллага, нийслэлийн болон орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагууд, олон улсын байгууллагууд, 36-р тогтоолын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ дүгнэлт хийх ажлын хэсгүүд, салбарын эрдэмтэн судлаачдын зөвлөл, Хүнс, хөдөө аж ахуйн салбарын холбоодоос бүрдсэн “Хүнсний хувьсгал” төрийн бус байгууллага, зээл санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх системийн банкууд зэрэг төр хувийн хэвшлийн хамтарсан аппарат ажиллаж байна” хэмээн дурдлаа.

3 өдөр үргэлжилж буй форумын үйл ажиллагаанд төр, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн байгууллага болон НҮБ-ын Хүнс, Хөдөө аж ахуйн байгууллага, Хүүхдийн Сан, Хүн амын сан, ДЭМБ, МУЗН зэрэг олон улсын байгууллагуудын 1500 гаруй төлөөлөл оролцож байна.

Нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжилд нөлөөлөх уур амьсгалын өөрчлөлт, байгалийн болон хүний үйл ажиллагаатай холбоотой гамшгийн болон бусад эрсдлийг ойлгох, тодорхойлох, хүлээн авах, учирч буй сөрөг нөлөөллийг бууруулах, эрсдлийг удирдах стандартыг сайжруулах, эрсдлийг шилжүүлэх даатгалын тогтолцоог боловсронгуй болгох арга зам, барилга, хот байгуулалт, эрчим хүч, зам тээвэр зэрэг дэд бүтэц, хүн амын хүнсний хангамж, хүнсний аюулгүй байдал бүрдүүлэхэд тулгарч буй эрсдэл, хүндрэл бэрхшээлийг тодорхойлж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж байна. Хэлэлцүүлгийг Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, Стандарт хэмжил зүйн газар хамтран нийслэл болон 21 аймгийн хэмжээнд зохион байгууллаа.

Г.Лхагвадулам