Түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан өнөөдөр ногоон автобусны талаар мэдээлэл хийлээ.
Цавчаа ногоон хэмээн нэрлэгдээд байгаа автобусуудыг буцаах боломжгүй гэдгийг тэрбээр энэ үеэр онцолсон. Тэрбээр “Ногоон автобус шиг Монголын хилээр орж ирсэн тул авч болдоггүй, хаяж ч болдоггүй нөхцөлд дахиж ормооргүй байна. 100 ногоон автобусны асуудлыг шүүх гэм буруутай гэж шийдээгүй байгаа цагт Улаанбаатар хотоос хүлээж авах боломжгүй. Хууль, шүүхийн байгууллага эцэслэн шийдээд үнэ хэлж эсвэл хуучин автобусны үнээр нь үнэлээд ч юм уу зайлшгүй төлбөрт нь үүнийг ав гэвэл буцаад нийслэлд ирэх байх. Гэхдээ цаашид яаж шийдэх вэ гэдгийг хараахан ярих боломж байхгүй. Шүүх шийдээгүй байхад бид хөндлөнгөөс ногоон автобусыг гаргана, оруулна гэж байхгүй. Нэгэнт оруулж ирсэн 100 ногоон автобусыг буцаагаад гаргана гэдэг бараг боломжгүй зүйл гэж харсан. Үйлдвэрлэгч компани нь буцааж авахгүй нь ойлгомжтой. Хоёрдугаарт эдгээрийг буцааж гаргахад ямар их хэмжээний зардал гарах вэ. Вагон дээр ачаад аль хүртэл аваачих зэрэг нь маш тодорхойгүй. Үүнийг хууль, хяналтын байгууллагаас шалгаад шийдвэрлэнэ” хэмээсэн юм.
Мөн тэрбээр “Түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны 40 гаруй байгууллага, гишүүдийг цуглуулж, ээлжит тавдугаар хурлаа энэ сарын 1-нд хийсэн. Хурлын зорилго нь нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, автомашины хэрэглээг зүй зохистой зохицуулах явдал гэж харж байгаа. Энэ асуудлаар хотын шинэ даргатайгаа хамтран ажиллаж байна. Миний бие томилогдсоноос хойш анхны хуралдаанаа хийж зөвлөмж өгсөн. Түгжрэлийг бууруулах Үндэсний хороо том бүтэцтэй учраас шийдвэрийг хангаж шуурхай ажиллах нь чухал. Жишээ нь шинэ нийтийн тээврийн автобус орж ирсний дараа хэрхэн хүртээмжтэй үйлчлэх вэ гэдгийг хэлэлцсэн.
Үндэсний хорооны дэргэд орон тооны бус мэргэжлийн зөвлөлийг байгуулж байгаа. Энэ зөвлөлд түгжрэлтэй холбоотой ажлыг гардан ажиллаж байгаа мэргэжлийн байгууллагуудын удирдлагуудыг оруулж, ажлын албаны дарга ахалж байна.
Цаашдаа хэрэгжүүлэх төсөл арга хэмжээ, олон нийтийн хяналтыг нэмэгдүүлж, мэдээллээр хангах үүднээс иргэний хяналтын зөвлөлийг ажиллуулахаар болсон. Өнөөдөр иргэдийн бухимдаад байгаа асуудлыг шийдэхээр нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас зарласан олон улсын тендерийг зарласан. Энэ долоо хоногт аль нэг оролцогч талаас маргаан гарахгүй бол баталгаажуулж, арванхоёрдугаар сарын 11-нд шалгарсан нэг компани нь гэрээгээ байгуулна. Дараагаар нь автобусаа нийлүүлэх юм. Үндэсний хорооны гишүүд санал нэгтэйгээр зөвлөмж гаргасан байгаа.
Автобус хүртээмжтэй болж ирвэл Энхтайваны өргөн чөлөөгөөр нийтийн тээвэрт үйлчилж байгаа олон давхардлыг арилгана. Ингэснээр 2024.01.01-нээс нэг чиглэл болгож өөрчилнө. Нэг автобусны буудал дээр 22-28 чиглэл давхардаж ирдгийг болиулна.
Иргэд дамжиж нийтийн тээвэрт сууна. Тэр дэд бүтцийг нийслэлийн Авто замын газар хариуцан, шинэ оноос өмнө дуусгах юм. Иргэд гурван минутын зайтай автобус хүлээж, богино эргэлтээр зорчино. Автобусны үнийн хувьд өглөө эхний автобусанд суусан билетээрээ өдөрт хэдэн ч удаа дамжиж явах боломжтой болно. Автобусны халаас зогсоолыг хааж, урд хойгуур автомашин оруулахгүй. Өнгөрсөн долоо хоногт Түгжрэлийн тухай хуулийг эцэслэн баталсан. Ингэснээр дагаж гарах журмууд батлагдаж, эхнээсээ хэрэгжиж эхэлнэ гэдгийг албаныхан мэдээллээ. Мөн Б.Дэлгэрсайхан сайд “Автобуснууд хоёр минутын зайтай ар араасаа цуварч явна. Гэрлэн дохио 40-60 секунд асч унтрах учраас дараагийн ээлжийн автобусыг тооцоолсон.
Нүүрсэн яндангүй автомашин замын хөдөлгөөнд орвол агаарын бохирдол яг хэвээрээ байна. Тиймээс бид дараагийн хурлаараа иргэдийн хөндлөнгийн асуудлыг хэлэлцэж, энэ асуудлыг ярина.
Хоёрдугаарт, нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар тендерээ шалгаруулж, эцэслэсэн. Нийт 600 автобус худалдан авахаар “Юутонг бус” компани шалгарсан. Гэрээндээ бүх зүйлээ тусгах байх” гэлээ.