Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар өнөөдөр Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн удирдлагууд болон 1-34 хорооны ӨЭМТ-ийн дарга нартай уулзаж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмж  болон тулгамдаж буй асуудал мөн дүүрэг орон нутгийн зүгээс хэрхэн яаж хамтарч, анхаарч ажиллах талаар санал солилцлоо. Уулзалтын үеэр дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар эрүүл мэндийн салбарт хийгдсэн ажлын талаар мэдээлэл өгсөн.

Баянгол дүүргийн эрүүл мэндийн салбарт нийт 790 гаруй  эмч, ажилтан ажилладаг бөгөөд дүүргийн 246,000 гаруй иргэнд хүрч үйлчилдэг юм. Зөвхөн 2023 оны 11-р сарын байдлаар дүүргийн эрүүл мэндийн салбарынхан давхардсан тоогоор 899,585 иргэнд амбулаторийн үзлэгт хамруулсан бол,
  • Урьдчилан сэргийлэх үзлэгт давхардсан тоогоор 327,700 иргэнд буюу дүүргийн нийт хүн амын 36,4 хувийг хамруулсан бол,
  • Эрт илрүүлэгт дүүргийн нийт хүн амын 56,3 хувийг хамруулсан байна.
Мөн 2023 онд эрүүл мэндийн салбарт олон ажил хийгдсэн байна. Тухайлбал,
  • Хороодын хүн амын тоо, байршил, эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд 30, 32, 33-р хороонд ӨЭМ-ийн төвийг шинээр байгуулсан,
  • Дүүргийн Эрүүл мэндийн төвийн “Хүүхдийн эмнэлэг”-т амьсгал тэлэгч 6 багцыг дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар авч өгсөн,
  • Дүүргийн хүүхдийн эмнэлгийн агааржуулалтын системийг сайжруулж, нэмэлт агааржуулалт суурилуулсан,
  • Эрүүл мэндийн төвийн их засварын ажлыг хийсэн,
  • Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар Ахмадын салбар эмнэлгийн 1 давхрын хэсэг болон цахим бүртгэл, хүлээлгийн хэсгийн их засварын ажлыг дурдаж болно гэсэн юм.

Уулзалтын үеэр дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар эрүүл мэндийн салбарынхан дэргэдэх байгууллагуудтай хамтын ажиллагаагаа уялдлуулж ажиллах шаардлагатай байгааг онцлоод “Дүүргийн зүгээс 2024 онд хүүхдийн эрүүл мэнд рүү чиглэсэн, санаачилсан ажлыг бүрэн дэмжиж ажиллана. Хэдхэн хоногийн өмнө баталсан Дүүргийн төсвийн 2023 оны тодотголоор Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд тус бүр 20 сая төгрөгийг тоног төхөөрөмж хөрөнгө оруулалтаар шийдэх болсон” гэсэн юм.