“Шинэ сэргэлт-Ахмадын оролцоо” үндэсний чуулганаас гаргасан зөвлөмж, МАхХ-ны ээлжит VIII их хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд өнөөдөр “Баянгол дүүргийн Ахмадын анхдугаар чуулган”-ыг зохион байгууллаа.
Чуулганд Монголын Ахмадын холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар, Нийслэлийн Ахмадын хорооны дарга Г.Дашням, Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Ц.Мөнхзаяа, Ахмадын хорооны дарга Ж.Намнансүрэн болон дүүргийн дэргэдэх хэлтсийн болон хороодын Засаг дарга нар мөн дүүргийн 350 гаруй ахмад настан оролцлоо.
Чуулганы үеэр дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар дүүргийн ЗДТГ-аас ахмадууд руу чиглэсэн ажлын талаар мэдээлэл өглөө. Энэ үеэр дүүргийн Засаг дарга нийт ахмадууддаа талархал илэрхийлээд “Баянгол дүүргийн Ахмадын хороо нь дүүргийн Засаг даргатай байгуулсан гэрээний хэрэгжилтийг хангах зорилгоор 2023 онд 6 бүлэг, 38 төрлийн ажил, арга хэмжээг хийхээр гүйцэтгэлийн төлөвлөгөө батлуулснаас өнөөдрийн байдлаар хэрэгжилт 97,3 хувийн биелэлттэй байна” гэдгийг онцоллоо.
Түүнчлэн дүүргийн Ахмадын хорооны дарга Ж.Намнансүрэн Ахмадын хорооноос ахмад настнууд руу чиглэсэн ажлын тайлан мэдээллийг чуулганд оролцогчдод танилцуулаа.
Өнөөдрийн чуулганы үеэр ахмадууд өөрсдөд тулгамддаг олон асуудлаа ярьж, санал хүсэлтээ хэллээ. Тухайлбал,
- Гэр хорооллын бүсэд ахмадуудад зориулсан төвтэй болох,
- Ахмадуудын үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулах төвтэй болох,
- Хороодын чийрэгжүүлэлтийн төвүүдийн тоног төхөөрөмжийг сайжруулах,
- Ахмадуудын хамгийн их зорчдог явган замын чанарыг улам сайжруулах шаардлагатай байна гэдгийг онцолсон.
Улмаар чуулганд оролцогчид чуулганы үеэр гарсан саналуудыг тусгасан УРИАЛГА гаргасныг 100 хувийн саналаар дэмжлээ.