Нийслэлийн АН-аас Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарыг огцруулах тухай шаардлагыг хүргүүллээ.
Нийслэлийн АН-ын дарга Т.Батцогт “Монгол Улс хүний эрх, эрх чөлөө, ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэхээ тунхагласан хуульт засаглалтай улс юм. Гэтэл Монгол Улсын хүн амын 60 гаруй хувь нь амьдардаг, эдийн засгийн 90 гаруй хувь нь эргэлддэг Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар нь томилогдон ажилласан 66 хоногийн хугацаанд эдийн засгийн эрх чөлөө, хүний эрх чөлөөнд халдсан, хязгаарласан, хуулиас давж эрх мэдлээ хэрэгжүүлсэн маш ноцтой шийдвэрүүдийг гаргалаа.
Нийслэлийн Засаг даргаар томилогдсон 6 хоногийн хугацаанд иргэдийн өмчлөх эрхэнд шууд халдсан, хэтэвчийг нь нимгэлэх, иргэдийн орлогыг боомлож, дансыг хоослох зорилго бүхий хуулийг санаачлан 2023.12.07-ны өдөр УИХ дахь МАН-ын бүлгээр хүч түрэн батлуулсан.
53 хоногийн хугацаанд нийслэлийн татварыг 2 хувь болгон нэмэгдүүлсэн нь аж ахуй эрхлэгч, иргэдэд ирэх татварын дарамтыг нэмэгдүүлж, иргэдэд хүрч байгаа үйлчилгээний өртөг нэмэгдэж айл, өрхийн амьжиргаа, санхүүд дарамт болох шийдвэр гаргалаа.
65 хоногийн хугацаанд замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зарим арга хэмжээ авахаар захирамжлахдаа авто машины дугаарыг хязгаарлах болсон нь нийтийн тээврийн хүртээмжгүй байдалтай байхад иргэний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтой зөрчигдүүлж байна” гэв.
АН-ын Хэрэг Эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж “Монголын нийгэм, эдийн засаг хүнд байхад хэдхэн олигархууд өөрсдийн эрх ашигт нийцсэн шийдлийг гаргаад явж байна. Бид арваадхан жилийн өмнө нэг хэсэг нь тасархай баяжсан нөгөө хэсэг нь нэн ядуу Африкийн улс орнуудыг шоолон инээдэг байсан. Гэтэл бид өөрсдөө тийм нөхцөл байдалтай боллоо.
Монголд зундаа хэд, хэдэн удаагийн үер болж, өвөлдөө зам дээрээ давсаа ч цацаж чадахаа больж байна. Ямар ч судалгаагүй шийдвэрийг гаргасаар. Бүр сүүлдээ туйлдсан иргэдээ бядгүй иргэд гэж хэлж байгаа нийслэлийн засаг дарга байна” гэсэн юм.
Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны ерөнхийлөгч Б.Жаргалан “Цахим сургалтад шилжсэн боловсролын хоцрогдлын асуудлыг ярьж байна. Монгол сурагчид олон улсын стандартаас 2.5 жилээр хоцрогдсон байна. Түүнээс гадна хараа, хяналтгүй бага насны хүүхдийг гэрт нь орхисны улмаас бэртэж, гэмтэх маш олон асуудал гарсаар байна. Эмэгтэйчүүд хүүхдээ асрах зорилгоор ажилдаа явахгүй байх шаардлага тулгарч байна” хэмээлээ.