Эрүүл мэндийн сайд С.Чинзориг өнөөдөр /2024-01-24/ үдээс хойш ГССҮТ-ийн салбар эмнэлэг Түлэнхийн төвд ажиллалаа. Урьд шөнө болсон ослын улмаас тус төвийн Эрчимт эмчилгээний тасагт зургаа, энгийн тасагт дөрвөн хүн эмчлүүлж байгаа юм.
ГССҮТ-ийн захирал Э.Галбадрах Түлэнхийн төвд Яаралтай тусламжаар 14 хүн ирсний дөрөв нь харьцангуй хөнгөн байсан тул эмнэлгийн анхны тусламж үзүүлээд харьяа дүүргийн эмнэлгийн хяналтад шилжүүлсэн. Эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байгаа 10 хүний тавыг нь ирэнгүүт эрчимт эмчилгээнд оруулсан. Өдөр нэг хүнийг шилжүүлснээр одоогийн байдлаар Эрчимт эмчилгээний тасагт нийт зургаан хүн эмчлүүлж байна. Үлдсэн дөрвөн хүн энгийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа.
Эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч Ч.Ууганбаяр “Би шөнө 01:30 цагт дуудагдаж ирсэн. Намайг ирэхэд хамгийн хүнд хүн маань ирчихсэн, эмчилгээ нь эхлээд, эрэмбэлэн ангилалт явагдаж араас нь ахиад дөрвөн хүн авчирсан. Эрэмбэлэн ангилалт хийж хөнгөн хүмүүсийг хүмүүсээ тасаг руу шилжүүлж эмчилгээгээ үргэлжлүүлсэн.
Дэлбэрэлт болсны дараа Эрчимт эмчилгээний тасгийн эмч, сувилагч, түлэнхийн мэс заслын эмч нарыг бүгдийг нь дуудаж, шаардлагатай бүх эмчилгээг эхлүүлсэн. Биеийн байдал маш хүнд, аппаратын хүмүүс нэмэгдсэн учраас сувилагчийн тоог нэмж дөрөв болголоо. Эмч нарыг ч нэмэлтээр ажиллуулж байна” гэж ярьсан.
С.Чинзориг сайд болон ЭМЯ-ны ЭТҮГ-ын дарга А.Өнөржаргал, Санхүү, даатгалын хэлтсийн дарга Л.Мөнхцэцэг нар уургийн бэлдмэлийн нөөц бүрдүүлэх санхүүжилтийг шийдэж, худалдан авалтыг хугацаа алдахгүй хийхэд анхаарахаар боллоо. ЭМЯ-наас өнөө өглөө тус төвийн Эрчимт эмчилгээний тасагт нэн шаардлагатай байсан тарианы помп 30 ширхэгийг нийлүүлсэн.
Эрүүл мэндийн сайд, эмнэлгийн удирдлага, эмч мэргэжилтнүүдтэй уулзсаны дараа осолд өртсөн хүмүүсийн ар гэрийнхэнтэй уулзаж, өдөр хуралдсан Улсын онцгой комиссын хурлаар яригдсан асуудлууд болон Засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийн талаар товч танилцуулж, эмчилгээ үйлчилгээний явц, тулгамдаж буй асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар мэдээлэл өглөө.
Мөн ар гэрийнхэн үүдэнд хэт олон хүн цугласан нь халдвар хамгааллын дэглэм алдагдахаас гадна эмч нарт, сахиуруудад орж гарахад хүндрэл учруулж байгаа тул зохицуулж өгнө үү гэсэн хүсэлтийг тавьсан. Мөн хүнийхээ төлөө шаналсан, сэтгэл санаа хэцүү байхад хэвлэлийнхэн олуулаа ирж элдэв зүйл асууж бухимдал нэмж байна гэж байлаа.