2024 оны судалгаагаар, Монгол залуучуудын 51.3 хувь нь цахим доромжлол дээрэлхэлтэд, 5 хувь нь онлайн бэлгийн дарамтад өртсөн байна.
Хүүхдүүдийн 87 хувь нь онлайн аюул, заналхийлэлд өртсөн ба үүний 57 хувь нь үе тэнгийнхнээс нь ирсэн заналхийлэл байна.
Хүүхдийн тусламжийн 108 утасны мэдээлснээр, хүүхдүүдийн дунд онлайн дарамтын тохиолдол 2023 онд 448 болж өсжээ.
Монгол Улсын 18-64 насны иргэдийн 17 хувь нь онлайнаар танихгүй хүнээс заналхийлсэн, айлган сүрдүүлсэн мессеж авсан гэж мэдээлжээ.
Манай Улсад технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийллийн дотор цахим дээрэлхэлт, гүтгэлэг, цахим орчинд мөрдөх, дарамтлах, хувь хүний мэдээллийг зөвшөөрөлгүй олон нийтэд дэлгэх, бусдын зураг бичлэгийг өөрчилж түгээх зэрэг хэлбэрүүд түгээмэл байна.
Жил бүрийн 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд дэлхийн 180 гаруй улс “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”- ыг зохион байгуулдаг.
Энэ жил “ТЕХНОЛОГИ АШИГЛАН ҮЙЛДЭГДЭЖ БУЙ ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХЭД НЭГДЭЦГЭЭЕ” уриатайгаар өсвөр насныхан, залуучуудын цахим орчин дахь аюулгүй байдалд илүүтэй анхаарч, технологийг аюулгүй, ёс зүйтэй ашиглахыг дэмжиж, үйлдэгчдэд хариуцлага тооцох, хохирогчдыг хамгаалах хууль эрх зүйн зохицуулалтыг бий болгох зорилготойгоор зохион байгуулж байна.