Шүүхийн ерөнхий зөвлөлөөс мэдээлэл хийж байна.
Мэдээллийн эхэнд Монгол Улсын шүүхийн 2023 оны шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээ болон цаг үеийн асуудлаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Ч.Ханддулам Монгол Улсын шүүх 49.6 тэрбум төгрөгийг улсын орлого болгохоор хянан шийдвэрлэснийг танилцууллаа.
Үүнийг задалж авч үзвэл
- Улсын тэмдэгтийн хураамж 17.8 тэрбум
- Торгох ял шийтгэл оногдуулсан 15.1 тэрбум
- Хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээ авсан 15.7 тэрбум
- Зөрчлийн хэрэгт 854 сая төгрөгийн шийтгэл оногдуулсан байна.
Энэ үеэр 80 хүн дөрвөн хуулийн этгээдэд холбогдох Хөгжлийн Банкны гэх хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг энэ сарын 7-нд Улаанбаатар чуулгын танхимд хийхээр товлосныг мэдэгдэв.
Энэ талаар ШЕЗ-ийн Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Х.Билгүнзаяа “Хөгжлийн Банкны гэх тодотголтой хэргийн шүүх хуралдааныг гуравдугаар сарын 7-нд нийслэлийн Улаанбаатар чуулгын танхимд зохион байгуулна.
Анхан шатны шүүх хуралдааныг хэргийн оролцогчдын тооноос хамаарч тухайн шүүхийн байранд хийх боломжгүй болсон.
Энэ хүрээнд давж заалдах шатны шүүх хурлыг мөн адил Улаанбаатар чуулгын танхимд зохион байгуулахаар шүүхийн тамгын газраас шүүх хуралдааны бэлтгэл ажлыг хангаж байна” гэлээ.
“Хөгжлийн банк”-ны гэх тодотголтой хэрэгт холбогдсон 80 хүн, дөрвөн хуулийн этгээдээс зарим шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас үндэслэлгүй чөлөөлсөн, хөнгөн ял оноосон хэмээн Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорууд эсэргүүцэл бичиж нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлээд байсан билээ.