Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны 2 дугаар сарын 26-наас 3 дугаар сарын 3-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 93 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 13 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 13 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 67 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 882 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 10 хэргийг шүүхэд шилжүүлэх, 18 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 1 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 852 хэрэг шалгагдаж байна.

Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:

  • “Э” нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэх;
  • Ховд аймгийн Буянт сумын Засаг даргын Тамгын газрын удирдах албан тушаалтан “Д” нь  Орон нутгийн хөгжлийн санд хохирол учруулсан гэх;
  • “М” нь Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа бусдад хууль бус давуу байдал бий болгосон гэх;
  • Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын албан тушаалтан “С” нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтыг зөрчиж таньж олуулах ажиллагаа хийсэн гэх;
  • “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын удирдах албан тушаалтнаар ажиллаж байсан “З” нь бусдаас хахууль авсан гэх;
  • “Б” нь Говь-Алтай аймгийн Цагдаагийн газрын албан тушаалтнаар ажиллаж байхдаа хууль бусаар газрын хэвлийд халдаж 80,8 сая төгрөгийн хохирол, нөхөн сэргээлтэд 76,5 сая төгрөгийн хохирол тус тус учруулсан гэх;
  • “О” нь Нийслэлийн Хан-Уул дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа бусдад хууль бус давуу байдал бий болгосон гэх;
  • Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын албан тушаалтан “Н”, “Б”, “П” нар нь бусдад хууль бус давуу байдал бий болгосон гэх;
  • ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байсан “Б” нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх;
  • “Х” нь Дорнод аймгийн Чойбалсан сумын нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгож төсөвт хохирол учруулсан гэх.

Нийтийн мэдээллийн тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу авлигын гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.