Исланд улсад сүүлийн гурван сарын хугацаанд дөрөв дэх удаа онц байдал зарлав. Учир нь өнгөрсөн ням гарагт дахин галт уулын дэлбэрэлт болсон бөгөөд халуун лава нь ойролцоох суурин газар руу урсан оржээ. Үүний улмаас зарим байшин шатсан хэдий ч хотын иргэдийг урьдчилан нүүлгэн шилжүүлсэн байсан тул оршин суугчдад аюул учраагүй хэмээн эрх баригчид мэдэгдээд байна. Харин галт уулын халуун хайлмаг 43 дугаар замыг дарж урсаад буй.

Энэхүү зам нь Исландын алдарт “Blue lagoon” халуун рашаан руу хүргэдэг. Ийнхүү тус замаар зорчих боломжгүй болсон нь тус халуун рашаан болон туйлын туяа үзэх жуулчдын хуваарьт аялалыг цуцлахаас аргагүйд хүргээд байгаа юм. Тус халуун рашаан нь дэлхийд алдартай бөгөөд жуулчид тус улсад очих нэг шалтгаан болдог аж.

Орчуулсан Б.Гэрэлзаяа