Чуулганы үдээс хойших хуралдаанаар Засгийн газраас 2024.03.18-ны өдөр өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн болон Төсвийн байнгын хороодын хамтарсан хуралдааны санал, дүгнэлтийг мөн хэлэлцлээ.

Монгол Улсын 21 аймгийн 216 сум зудтай, хаваржилт хүндэрсэн, 2024.03.15-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд нийт малын 7,3 хувь буюу 4,7 сая толгой мал зүй бусаар хорогдоод байна. Аймаг, сумдын аюулгүйн нөөцөд нийт 27,2 мянган тонн өвс, 11,7 мянган тонн тэжээл бэлтгэснээс 2024.03.12-ны өдрийн байдлаар 2,1 мянган тонн өвс, нэг мянган тонн тэжээлийн үлдэгдэлтэй байна. Иймд зудын хүндрэлд нэрвэгдсэн иргэдэд ирэх дарамтыг бууруулах, малын тэжээл, тэжээлийн нэмэлт бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах зорилгоор гаалийн албан татвараас чөлөөлөх шаардлага үүссэн. Мөн монголчуудын хүнсний өргөн хэрэглээний бүтээгдэхүүн гурилын үнэ сүүлийн дөрвөн жилийн хугацаанд хоёр дахин өссөн бол гурилын үндсэн түүхий эд улаан буудайн үнэ 24.4 хувиар нэмэгдсэн байгаа нь чөлөөт өрсөлдөөн хязгаарлагдсан байх магадлалтай гэсэн дүгнэлтэд хүрчээ. Тиймээс төсөл санаачлагч хүнсний гол нэрийн  бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах, мал аж ахуйн салбарыг эрсдэлээс хамгаалах, нөөцийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх зорилгоор импортлох мал амьтны тэжээл, тэжээлийн нэмэлт болон улаан буудайн баяжуулсан гурилыг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг Хууль тогтоомжийн тухай хуульд нийцүүлэн боловсруулсан.

Төсвийн байнгын хороо, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 2024.03.19-ний өдрийн хамтарсан хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэхийг хэлэлцэхэд, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, хуралдааны санал, дүгнэлт гаргажээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүн Б.Пүрэвдорж, С.Ганбаатар, Н.Ганибал, М.Оюунчимэг, С.Чинзориг, Ж.Бат-Эрдэнэ, Г.Тэмүүлэн, Б.Баттөмөр, Д.Ганбат, Б.Бат-Эрдэнэ, Ч.Ундрам, Ж.Эрдэнэбат, Д.Цогтбаатар, Ц.Туваан, О.Цогтгэрэл, Д.Сарангэрэл, Ц.Цэрэнпунцаг, Н.Энхболд, Ж.Батжаргал нар асуулт асууж, байр сууриа илэрхийлэв. Гишүүд гурилын  үнэ өндөр байгаа болон цас зудын байдалд санаа зовниж буйгаа илэрхийлэхийн зэрэгцээ цаашид нүүдлийн мал аж ахуй, хөдөө аж ахуйн талаар баримтлах цогц бодлого боловсруулах шаардлагатай, “Атрын аян”-г үргэлжлүүлэх, тариаланч, үйлдвэрлэгчдийн эрх ашиг хөндөгдөх учир ул суурьтай төлөвлөх, салбарыг уналтад оруулахгүйгээр зохицуулж, хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний стратеги баримтлах, хямд үнэтэй гурилаар иргэдийг хангах, төрийн зохицуулалтыг бусад хэлбэрээр олгох, гаалийн татвараас чөлөөлөх хуулийн төсөлд тодорхой хугацаа зааж тусгах нь зүйтэй гэсэн юм.

Мал, амьтны тэжээл, тэжээлийн нэмэлт болон улаан буудайн баяжуулсан гурилыг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж буйгаа илэрхийлж гишүүн Д.Ганбат, Ж.Батжаргал, Ц.Цэрэнпунцаг нар үг хэлсэн бол гишүүн Ж.Эрдэнэбат стратегийн бүтээгдэхүүнийг төрийн зохицуулалтаар хамгаалах ёстой тул дэмжихгүй гэдгээ илэрхийллээ.

Гишүүдийг үг хэлсний дараа хуралдаан даргалагч Г.Занданшатар, иргэдэд тулгамдаж байгаа хамгийн том асуудал бол үнийн өсөлт, инфляци юм. Үнийн өсөлт иргэдийн амьжиргааг доройтуулж байна. Ийм учраас цар тахлаас хойш УИХ, Засгийн газар үнийн өсөлттэй тэмцэж ирсэн. Үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах хууль баталсан. Шударга, өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар ажлаа хийгээгүй гэсэн дүгнэлтэд хүрч байна. Үндэслэлгүйгээр үнэ нэмсэн бол гурилын үйлдвэрлэгчдэд хариуцлага тооцохыг үүрэг болголоо. Байнгын хороодын хамтарсан хуралдааны санал, дүгнэлтийг ийн хэлэлцлээ.

Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаарх санал хураалтыг маргааш чуулганы нэгдсэн хуралдаанаар явуулахаар тогтов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.