УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар гурван асуудал хэлэлцжээ.

Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Өнгөрсөн долоо хоногт Засгийн газраас өргөн барьсан Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг УИХ хэлэлцсэн. Гурилын үнэ сүүлийн үед огцом нэмэгдэж, гурил үйлдвэрлэгч монополь эрх эдэлж байна гэж үзсэн. Иймд Засгийн газраас гурил, тэжээлийг гаалийн албан татвараас чөлөөлж, импортыг нээлттэй болгох санал оруулж ирсэн. Энэ асуудалд УИХ-ын гишүүдийн байр суурь өөр, өөр байсан учир МАН-ын бүлэг завсарлага авч бүлгийн хурлаараа өнөөдөр дахин хэлэлцлээ. Засгийн газраас өргөн барьсан Гурил, малын тэжээлийн импортын татварыг тэглэх саналыг бүлгийн гишүүдийн олонх дэмжихээр шийдвэрлэлээ. Энэ долоо хоногт УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцээд, ирэх долоо хоногт эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн” гэв.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан бүлгийн хурлаар хэлэлцсэн Баялгийн сангийн тухай хууль болон Мал аж ахуйн салбарт үүсээд байгаа зудын гамшгийн нөхцөл байдлын талаар авах арга хэмжээний талаарх нэг удаагийн хуулийн талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “2019 онд хийсэн Үндсэн хуулийн өөрчлөлтийн дагуу байгалийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрөх замаар иргэдэд хүртээх ёстой гэсэн үндсэн зарчим үйлчилж байгаа. Үүнтэй холбоотой 2020 оны УИХ-ын сонгуульд орохдоо МАН Мөрийн хөтөлбөртөө тусгасан.

Хуримтлалын санг уул уурхайн төрийн өмчит компаниудын 34 хувийн ногдол ашгаар бүрдүүлнэ. Ирэх жилээс уул уурхайн компаниудын 34 хувийн ногдол ашгаас бүрдэж буй Хуримтлалын сан монголчуудын орон сууц, эрүүл мэнд, боловсролын хөрөнгө оруулалтад бэлэн бус хэлбэрээр зарцуулна.

Хуучнаар Төсвийн тогтворжуулалтын санг орон нутгийн хөгжлийн сантай нэгтгэж Хөгжлийн санг бий болгосон. Тус санд тухайн жилийн төсвийн давсан орлогын 50 хувийг төвлөрүүлэх замаар хөрөнгө оруулалт, хөгжил, бүтээн байгуулалтын ажилд зарцуулдаг байхаар хуулийн төсөлд тусгасан.

Хоёрдугаарт, Засгийн газар Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй байгаль цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай нэг удаагийн хуулийн төслийг батлахаар боловсруулж, бүлгийн хуралд танилцууллаа. Тус хуулиар мал аж ахуйн салбарын тулгамдсан олон асуудлыг цогцоор шийдвэрлэнэ. Мөн уламжлалт бэлчээрийн мал аж ахуйгаа хамгаалах шаардлагатай гэж үзээд хуулийн төслийг боловсруулсан. Иймд, хуулийн төсөлд хоршоо байгуулах асуудлыг тусгасан. Эрх зүйн орчин, загварынх нь хувьд мал аж ахуйн салбарыг энэ хэлбэр рүү оруулах боломжийг бүрдүүлнэ. Бүлэг, нөхөрлөл, хоршоогоор хоршиж ажиллах боломжийг малчдад бий болгож байгаа юм. Малчдад хамтын ажиллагааны урт хугацааны хөнгөлөлтэй зээл авах боломжийг нээж өгнө” гэв.