Орон даяар зарлан мэдээллийн дуут дохиогоор ажиллах дадлага сургууль маргааш явагдахтай холбоотой Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэл хийв.
Монгол орны хэмжээнд газар хөдлөлт бүртгэх 120 орчим станц байдаг бөгөөд тус станцуудаас хүчтэй газар хөдлөлт болсон газрын мэдээллийг шуурхай боловсруулж ОБЕГ-т тодорхой минутын давтамжтай илгээдэг байна.
2021.01.12-нд Хөвсгөл аймгийн Ханх сумын нутагт 6.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт газар хөдлөлт болж уг газар хөдлөлтийн чичирхийллийг Монгол орон даяар мэдэрсэн. Түүний дараа Улсын Онцгой комиссоос Шинжлэх ухааны академийн одон орон геофизикийн хүрээлэнд Монгол оронд болон хил орчимд хүчтэй газар хөдлөлт болоход ард иргэдэд шуурхай мэдээлж байх үүрэг өгчээ.
Шинжлэх ухааны академийн одон орон геофизикийн хүрээлэнгээс энэ онд болон өнгөрсөн онуудад болсон зарим газар хөдлөлтийн талаар онцлон мэдээллэв.
- 2024 онд Архангай аймгийн Чулуут Их Тамир орчмоор магниутад 3.5 дээш газар хөдлөлт найман удаа болсон. Хамгийн хүчтэй нь гуравдугаар сарын 3-нд 4.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон. Энэ бүс нутагт идэвхжил 2021 оноос хойш ажиглагдаж байгаа. Өдөрт дунджаар 10 хөдлөлт, зарим өдөр жижиг хөдлөлт 50, 60 болох үзэгдэл ажиглагдаж байна.
- Монгол орны нутаг дэвсгэр Төв Азийн газар хөдлөлтийн идэвхтэй бүст орж явдаг. Учир нь 20 дугаар зуунд энэ бүс нутагт магниутад долоо болон түүнээс дээш хөдлөлт 20 орчим болсон. Үүнээс магниутад наймтай хөдлөлт дөрөв болсон. 2024 оны нэгдүгээр сард Японд 7.9 магнитудын газар хөдлөлт болсон. Гэтэл түүнээс дээш хүчтэй газар хөдлөлт монголын нутаг дэвсгэрт дөрвөн удаа болсон байна. Энэ нь Монгол орон газар хөдлөлтийн идэвхтэй бүс нутаг гэдгийг илэрхийлж байгаа юм.
- 2021 оны гуравдугаар сард Говьсүмбэрийн Баян талд, долдугаар сарын 22-нд Сэлэнгийн Ерөөд, Есдүгээр сарын 8-нд Төв аймгийн Жаргалант сумын нутагт 5 магнитудын хөдлөлт болж тус газар хөдлөлтөөс болсон чичирхийлэл Улаанбаатар хотод нэлээд мэдрэгдсэн.
- Энэ он гарснаар Төв аймгийн Борнуурт болсон газар хөдлөлтийн чичирхийлэл Улаанбаатар хотын оршин суугчдад мэдрэгдсэн гэв.