Баянгол дүүргийн 2023 оны төсвийн орлого давж биелсэн тул ДИТХ-ын ээлжит бус хуралдаан хуралдаж, 2024 оны төсвийн тодотголыг баталсан талаар дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар нүүр хуудсандаа мэдээлжээ.
Төсвийн тодотголыг баталснаар дүүргийнхээ иргэд, оршин суугчид руугаа чиглэсэн томоохон хөрөнгө оруулалтын ажлуудыг хийхээр болсон байна.
Тухайлбал, Боловсролын салбарт дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар анх удаа 2 цэцэрлэг, 1 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгыг барихаар болоод байна.
Үүнд:
– 26-р хороо, “Нарны хороолол”-д 200 ортой цэцэрлэг,
– 28-р хороо, “Голден парк” хотхонд 200 ортой хүүхдийн цэцэрлэг,
– Зүүн наран буюу 22-р хороонд 300 хүүхдийн хүчин чадалтай Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгыг барихаар боллоо.
Ингэснээр дүүргийн цэцэрлэг, сургуульгүй байсан хороодод цэцэрлэг сургуулийн хүртээмж нэмэгдэж байна.
– Мөн хүүхдийг аливаа гэмт хэрэг, осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд дүүргийн бүх сургууль, цэцэрлэгийн гадна болон дотор талд 1000 орчим камер суурилуулах ажлыг шинээр хийж гүйцэтгэнэ.
– Ерөнхий боловсролын зарим сургуулийн хоол үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг шинэчлэх ажлыг хийхээр болж, төсвийг баталлаа.
– Хүүхдийн хоолны үйлдвэрлэл, шим тэжээллэг байдлыг сайжруулах тухай НИТХ-ын тогтоолын хүрээнд хүүхдийн хэвийн өсөлт, хөгжлийг дэмжих, бие махбодын дархлааг сайжруулах зорилгоор “Сүү хөтөлбөр”-ийг үе шаттай хэрэгжүүлэхээр болж, шаардлагатай төсвийг мөн батлаад байна.
-СӨБ-ын багш нарын ажлын ачааллыг бууруулах зорилгоор нийт цэцэрлэгийн багш нарын 75 хувьд 400 notebook гардууллаа. Үлдсэн багш нарыг notebook-ээр хангах ажил удахгүй үргэлжлэх юм.
Түүнчлэн Баянгол дүүрэгт 2021-2024 онд боловсролын салбарт 2400 ортой 13 цэцэрлэг, 7600 суудлын хүчин чадалтай 13 сургуулийн барилгын төсөл хэрэгжсэн байна.