Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Ургамал газар тариалангийн хүрээлэн, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй” төсөл хамтран зохион байгуулж буй “Газар тариалангийн салбарын өнөөгийн байдал-тогтвортой хөгжлийн гарц, шийдэл” сэдэвт онол, үйлдвэрлэлийн бага хурал Дархан-Уул аймагт өчигдөр /2024.03.27/ боллоо.
Хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ж.Батжаргал хүнсний хангамж, аюулгүй байдал нь Үндэсний аюулгүй байдлын салшгүй чухал хэсэг бөгөөд Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал”-ын эхний хоёр жилийн хэрэгжилтээр хүнсний ногоо, жимс жимсгэнийн нэр төрөл нэмэгдэж, хүнсний ногооны дотоодын хангамж 2023 онд 85 хувьд хүрч, хоёр дахин нэмэгдсэнийг дурдлаа.
Газар тариалангийн үйлдвэрлэлийг төрөөс дэмжих бодлого, хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэж, хөрөнгө оруулалтын болон эргэлтийн хөрөнгийн хөнгөлөлттэй зээл, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт бүтээгдэхүүний урамшуулал, стратегийн болон технологийн нөөц бүрдүүлэх зэрэг арга хэмжээг авч ажиллаж ирлээ.
Гэвч сүүлийн гурван жилд хүнсний стратегийн гол бүтээгдэхүүн улаан буудайн тариалсан талбай 68 мянган га -аар, хураан авсан ургац 124.1 мянган тонн, нэгжийн ургац 1 цн-ээр буюу таван хувиар тус тус буурсны зэрэгцээ нийт хураан авсан ургацын 40 хувь нь I, II ангиллын бүтээгдэхүүн байна. Мөн дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж буй төмсний үйлдвэрлэлийн нэгжийн ургацын хэмжээ буурч, өвчлөл их, үрийн шинэчлэл шаардлагатай байгаагийн зэрэгцээ уламжлалт мал аж ахуйг байгаль цаг уурын эрсдэлээс, өндөр ашиг шимт малын ашиг шимийг бүрэн авах үндсэн үйл ажиллагааны нэг гол зүйл бол малын тэжээлийн ургамлын тариалалт, уураг амин дэмт олон найрлагат тэжээлийн үйлдвэрлэлийн хангалтад төдийлөн үр дүнд хүрч чадаагүйг онцлон тэмдэглэв.
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга хэлсэн үгийнхээ төгсгөлд “Өнөөдрийн бодит нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, газар тариалангийн салбарын үйлдвэрлэлийг уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, экологид ээлтэй, бүтээмж өндөртэй, эрсдэл даах чадвартай, эдийн засгийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлэхэд бодлогын технологийн, үйлдвэрлэлийн тулгамдаж байгаа асуудал, цаашид газар тариалангийн салбарын тогтвортой хөгжлийг хангах гарц, шийдлийг тариалангийн үйлдвэрлэлийн ачааны хүндийг үүрч, нийт үйлдвэрлэлийн 90 хувийг үйлдвэрлэж буй төвийн бүсийн тариаланчид, мэргэжилтнүүд, эрдэмтдийн хамтаар хэлэлцэн, оношоо зөв тодорхойлж, ойрын хугацаанд баримтлах бодлого, авч хэрэгжүүлэх арга хэмжээгээ төлөвлөж, тууштай хэрэгжүүлж, бүтээмж өндөртэй, өрсөлдөх чадвартай тэргүүлэх салбар болгох явдал бидний зорилт байх учиртай” гэдгийг мэдэгдлээ.
Энэ үеэр Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдал, улс төрийн бодлогын зөвлөх Ж.Энхбаяр газар тариалангийн салбарын өнөөгийн байдал тогтвортой байна уу гэдгээс асуудал эхэлнэ. Миний хувьд салбарын хөгжил тогтворгүй байна гэж хэлнэ гэдгийг онцлов. Монгол Улс 300 гаруй нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн хэрэглэж байгаагийн 80 гаруй хувийг импортоор авч байгаа нь хүнсний аюулгүй байдлын хувьд эмзэг ангилалд буйг тодотгоод хөрс эрүүл бол хүнс эрүүл, хүнс эрүүл бол хүн эрүүл хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч үзээд “Хүнсний хувьсгал” эхлүүлснийг тэмдэглсэн юм.
Гишүүн Ч.Ундрам УИХ-аар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа нь газар тариалангийн салбарын асуудлыг бодлогын түвшинд ярих цаг болсныг харуулж байна. Энэхүү бага хурал нь цаг үеэ олсон төдийгүй тариаланчид та бүхний салбарын тулгамдсан асуудал, гарц шийдлийн талаарх үнэтэй санал санаачлагыг сонсож, ихээхэн үр дүн хүлээж буйгаа илэрхийлж байлаа.