Ерөнхийлөгч УХүрэлсүх хүүхэд хамгааллын ууган байгууллага “Өнөр бүл хүүхдийн төв”-д ажиллалаа. Төр, засгаас хүүхэд хамгаалал, хөгжлийн чиглэлээр тодорхой бодлого, шийдвэр гарган хэрэгжүүлж, энэ онд гэхэд л энэ салбарын санхүүжилтыг өмнөх жилүүдээс 73 хувиар нэмж, 14 орчим тэрбум төгрөг болгосныг тэмдэглэв.
Ойрын 2-3 жилд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асрамжийн төв байгуулах шийдвэр гарч, шаардагдах хөрөнгийн тодорхой хувийг ирэх оны төсөвт тусгахаар болсныг хэллээ.
Ерөнхийлөгч мөн тус төвд нэн шаардлагатай байсан тоног төхөөрөмж, тавилгыг төвийн хамт олонд хүлээлгэн өгөв.
1974 оны 12 дугаар сарын 27-ны өдөр асрамжийн сургуулийн дэргэдэх цэцэрлэгийн бүлгийг 58 дугаар цэцэрлэгт нийлүүлсэн нь “Өнөр бүл хүүхдийн төв”-ийн суурь болсон түүхтэй.
Өнгөрсөн 50 жилийн хугацаанд тус төвд 1,500 гаруй хүүхэд өсөж торнисон бөгөөд одоо 144 хүүхэд амьдарч байна.
Тус төв хүүхдүүдийн амьдрах өрөөнөөс гадна номын сан, эмнэлэг, сэтгэл зүй, компьютер, гар урлал, зураг, спортын дугуйлан зэрэг хүүхэд багачуудын хөгжих, амрах, чөлөөт цагаа өнгөрүүлэх орчин, нөхцөл бүрдүүлсэн тухай захирал М.Өлзийчимэг танилцууллаа.
Асрамж, халамжийн төвд амьдарч байгаа хагас болон бүтэн өнчин хүүхдүүдийг нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжид хамруулах, хоол хүнсний норм, нормативыг нэмэх зэрэгт анхаарахыг хүсэв.
Цаашид хүүхдүүдийг асрамж, халамжийн төвд бус, аль болох эцэг, эхтэйгээ хамт амьдардаг байх хууль, эрх зүйн болон бусад орчин, нөхцөл бүрдүүлэхийг зорьж байгааг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа хэллээ.
Ирэх оноос сум, хороо бүрд хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан ажиллуулан, хүүхэд бүрд хамгаалах, нөхөн сэргээх үйлчилгээг бүрэн хүргэхийн зэрэгцээ хүүхэд хамгааллын үйлчилгээний санхүүжилтийн эх үүсвэр тодорхой болсныг тодотголоо.
Хүүхэд хамгааллын тухай хууль 2024.09.01-ний өдрөөс хэрэгжиж эхлэх бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ хэлэлцэж байна.
Засгийн газрын 2024 оны 121 дүгээр тогтоолоор “Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журам”-д өөрчлөлт оруулсан.
Энэ дагуу төрөлжсөн асрамжийн газарт амьдарч байгаа хүүхэд бүр данстай болсон бөгөөд 14 ба түүнээс дээш насны хүүхдүүд мөнгөнийхөө 80 хувийг банканд хадгалуулж, 20 хувийг өөрөө захиран зарцуулж байна. Хүүхдийг 16 нас хүрснийх нь дараа хадгаламжийн дэвтрийг нь өөрт нь өгч байх юм.
Улсын хэмжээнд 29 төвд 900 гаруй хүүхэд амьдарч байна. Эдгээр төвийн гурав нь улсын төсвийн, 26 нь олон улсын болон төрийн бус байгууллага, хувь иргэний санхүүжилтээр үйл ажиллагаа явуулдаг юм.