Хууль зүйн байнгын хорооны (2024.04.23) хуралдаанаар “Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв. Төслийн талаар гишүүн Л.Мөнхбаатар танилцуулав.
“Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого”-ын төслийн санал боловсруулах ажлын хэсгийг Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын дээд шүүх, Шүүхийн сахилгын хороо, Улсын ерөнхий прокурорын газар, Хүний эрхийн Үндэсний Комисс, Монголын хуульчдын холбоо, Монголын өмгөөлөгчдийн холбоо, анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч, шүүхийн Тамгын газрын төлөөллийг оролцуулан байгуулсан. Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлогод тусгах саналыг боловсруулж 2023.10.10-ны өдөр УИХ-д уламжилсан байна. Хууль зүйн байнгын хороо УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн “УИХ шийдвэр гаргахаар хуульд тусгайлан заасан бусад асуудал хэлэлцэх” гэсэн 93 дугаар зүйлийн 93.1-т заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн ирүүлсэн саналыг үндэслэн “Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг боловсруулах, Байнгын хорооны санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгийг УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар ахалж, бүрэлдэхүүнд гишүүн Г.Амартүвшин, Э.Бат-Амгалан, Д.Ганбат, Б.Энх-Амгалан ажиллажээ. Ажлын хэсэгт мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх ажлын дэд ажлын хэсэгт Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороо, Улсын дээд шүүх, Хүний эрхийн Үндэсний Комисс, Монголын хуульчдын холбооны төлөөлөл ажилласан байна. Ажлын хэсэг 3 удаа, ажлын дэд хэсэгт 5 удаа хуралдаж дээрх тогтоолын болон хавсралтын төслийг бэлтгэжээ.
Тогтоолын төслийг 10 жилийн хугацаанд хэрэгжих дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг байх нь зүйтэй хэмээн үзэж нийтдээ 766.6 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 7 зорилго, 16 зорилт, 79 арга хэмжээ, 103 шалгуур үзүүлэлт бүхий урт хугацааны хөгжлийн баримт бичгийн төслийг боловсруулсан хэмээн Л.Мөнхбаатар дарга танилцууллаа. Тухайлбал, шүүхэд мэдүүлэх иргэний эрхийн баталгааг хангаж, үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг дээшлүүлэх, шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангаж, хариуцлагатай шүүхийг төлөвшүүлэх, шүүх мэдлийн байгууллагын захиргааны менежментийг хөгжүүлэх, шүүхийн хүний нөөцийн чадавхын хэрэгцээ шаардлагад нийцүүлэн тасралтгүй хөгжүүлэх, шүүхийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, шүүхийн үйлчилгээний дэд бүтцийг хөгжүүлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тохирсон тогтвортой, урьдчилан тооцоолсон санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх зэрэг асуудлыг цогцоор нь тусгасан байна.
Тогтоолын төсөл батлагдсанаар шүүхийн үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдал сайжирч, шүүхэд итгэх иргэдийн итгэл дээшлэх, иргэн шүүхэд хандахад нэхэмжлэлийг олон дахин буцаадаг хүндрэл чирэгдэл арилж, иргэний шүүхэд мэдүүлэх эрх баталгаатай хэрэгжих ач холбогдолтой гэв. Шүүгчийн албаны болон хувийн хараат бус байдлын түвшинд тогтмол үнэлгээ хийж шүүгчийн баримтлах ёс зүйн хэм хэмжээг бий болгох юм байна. Шүүгчийн сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тогтолцоо улам боловсронгуй болох аж. Шүүгчийн хараат бус бие даасан байдал хангагдаж, хариуцлагатай шүүх төлөвшинө хэмээн үзжээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд цахимжилт бүрэн нэвтэрч, шүүхийн үйлчилгээний шуурхай байдал чанарт ахиц гарна гэлээ. Шүүхийн шийдвэрийн судалгааны эргэлтийг сайжруулах зорилгоор нийтэд нээлттэй байршуулсан 500 мянга гаруй шүүхийн шийдвэрийн цахим санд боловсруулалт хийх хиймэл оюун ухааны дэвшилтэт технологийг нэвтрүүлэх аж. Шүүхийн захиргааны үйл ажиллагаанд хяналт, шинжилгээ, үнэлгээ хийх, шүүхийн дотоод мэдээллийн урсгалыг ил тод байлгах, ашиглах, хуульд заасны дагуу түгээх боломж бүхий программ хангамж нэвтрүүлэх юм байна. Мөн шүүхийн захиргааны байгууллага хүний нөөцийг шилж олох, сонгон шалгаруулах, тогтвортой ажиллуулах эрх зүйн үндэс бүрдэнэ хэмээн ажлын хэсэг үзжээ. Шүүгчийн ачааллын зохист хэмжээнд нийцүүлэн орон тоог бодитой тогтоох эрх зүйн орчин хөгжиж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны чанар дээшлэхийн сацуу шүүхийг стандартын байр, барилга байгууламжаар үе шаттайгаар хангах боломж бүрдэж аж. Шүүхийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах зорилгоор шүүхийн зардлыг бүхэлд нь, шүүхийн үйл ажиллагааны зардлын тодорхой хэсгийг үр дүнд суурилан санхүүжүүлэх эрх зүйн үндэс бүрдэх юм байна.
Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан холбогдуулан гишүүн Б.Энх-Амгалан, Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар, Ц.Сандаг-Очир нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авсан юм. Шүүгчдийн ажлын байрны нөхцөл, шүүгчдийг гадаад улс орнуудад туршлага судлах боломжийг бүрдүүлэх асуудлыг төсөлд тусгасан талаарх гишүүдийн асуултад ажлын хэсгээс хариулахдаа “Нэг байранд гурван шүүх үйл ажиллагаа явуулж байгаа газар бий. Төсөлд шүүхийн 43 байрыг шинээр барих 459 сая төгрөгийн тусгасан. Төсвийг шийдвэрлэх холбогдох шийдвэрийг гаргасан тохиолдолд 2-3 жилийн дотор байрны асуудлыг бүрэн шийдвэрлэх боломж бий” гэв.
Шүүхэд мэдүүлэх иргэний эрхийг баталгаатай эдлүүлж, үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг дээшлүүлэх зорилгыг хэрэгжүүлэх хүрээнд үүний тогтолцоо болох шүүгч нарын мэдлэг, ур чадварыг тогтмол дээшлүүлэх, мэргэшүүлэх асуудлыг ирэх 10 жилийн хугацаанд үргэлжлэхээр төсөлд тусгасан гэлээ. “Шүүгчийн хараат бус байдлыг бэхжүүлэх” 2 дахь зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд 9.2 тэрбум төгрөгийг 10 жилийн хугацаанд зарцуулахаар төлөвлөсөн хэмээн ажлын хэсэг хариуллаа. Шүүхийн баримт материалын цахимжуулалттай холбоотой асуудлаар Н.Алтанхуяг гишүүн байр сууриа илэрхийлсэн бол шүүхийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулахын зэрэгцээ шүүгчийн шийдвэрийн талаарх мэдээлэл, тайлбарыг мэргэжлийн тайлбарын хамтаар иргэдэд тухай бүр мэдэгдэж, үйлчилгээ үзүүлэх, мөн шүүхийн захиргааны ажилтнуудын цалин хангамж, нийгмийн асуудлыг анхаарч байх саналыг Ц.Сандаг-Очир гишүүн хэлж байв. Шүүгч, шүүхийн захиргааны ажилтанд сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх заалт хэрэгжүүлэхээр тусгасныг онцлон сайшааж байсан. Шүүхийн цахимжуулалт, түүнтэй холбоотой хүний нөөцийн асуудлыг Ц.Сэргэлэн гишүүн хөндсөн.
Ийнхүү гишүүд асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авсны дараа гишүүн Ц.Сэргэлэн, Б.Энх-Амгалан, Г.Амартүвшин, Ц.Сандаг-Очир, Д.Ганбат, Ж.Сүхбаатар, Д.Цогтбаатар нар үг хэлж, байр сууриа илэрхийлсэн юм. Төслийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүдээс санал гараагүй тул тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэх саналыг Байнгын хорооны дарга Д.Цогтбаатар гаргаж, гишүүдийн 91.7 хувь нь дэмжсэн юм. Иймд энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.