Эрх баригч намын УИХ дахь бүлэг хуралдалгүй 14 хонож байна. Байнгын хороод мөн адил. Учир нь бүх гишүүд тойргоо тойглон асрамжилж, дахин сонгогдохын дондоо хөтлөгдөн оджээ.

УИХ-ын гишүүний сэнтий гэдэг ямархан үнэтэй болох эндээс тов тод харагдаж байна. Улаан шар дээлийг гошролдуулан, Монгол орны бүхий л нутаг ахуйн зураг хөргийг оруулсан нэр дэвшихийг горилогсод, УИХ-ын гишүүд эх орныг тойрон гороолж, уулзалт хийж байна.

Зарим нь хоёр дугуйт унаж, зарим онгоц хөлөглөн тойргоо тойлж, тойрч байна. УИХ-ын гишүүдийн дөрвөн жилийн орлогод 167 тэрбум эргэлдэж байна гээд нэр бүхий сайтад бичжээ. УИХ-ын гишүүн байна гэдэг ийм л өгөөжтэй байгаа дүр зураг бэлээхэн харагдах.

УИХ-ын гишүүн болдог юм байж, улс орон л өөдөлмөөр байх юм. Мянган гоё юм яриад түүнийгээ хийхгүй.

Дөрвөн жил үлгэн салган явсаар дараагийн сонгуультай золгодог. Аанай л ард түмнээ дээдэлнэ, жаргаана гээд очдог. Энэ циклээр явсаар. Гэтэл улс орон авлигаар дэлхийд тэргүүлж, ардчиллын индекс ухарсаар. Яанам билээ дээ. Одоо байгаа далан зургаа сонгуульд мордоод ажлаа хийхгүй байхад, энэ сонгуулиар 126 болж орж ирнэ гэхээр жихүүцэл төрөхөөр.

МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрээн, ажлаа хий л дээ, бүлгээ хуралдуул.
Г.Занданшатар спикер ээ, сонгуульд “өвчлөгсдөө” татаач ээ, хууль батлах үндсэн ажлыг нь хийлгээч ээ.

Сонгуулийн хуулийн заасан хугацаанд сонгох, сонгогдох эрхээр ард түмнээ хангаж өгөөч ээ.

Б.БАЯРАА

Amlalt.mn