Борооны улмаас Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороо, Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дунд голын үерийн далан халих эрсдэл үүсээд байна.

Энэхүү нөхцөл байдал өчигдөр буюу зургаадугаар сарын 20-ны 21:00 цагаас эхэлж орсон борооны улмаас үүсжээ. Үүнтэй холбоотойгоор Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын Засвар, ашиглалтын албаны дарга Б.Бямбасайханаас тодрууллаа.

Тэрбээр “Өчигдөр орсон усархаг борооноос үүдэлтэй баруун уулын төгсгөлд Дунд голын үерийн далан халих эрсдэл үүссэн. Иймээс Дунд голын төгсгөлд зөвшөөрөлгүй барьсан түр замыг сэтэлж буй.

Ингэснээр хотын төв хэсэг болох Бөмбөгөр худалдааны төв, Баруун дөрвөн зам чиглэлд ус халих эрсдэлээс сэргийлэх юм” гэв.

Мөн

  • Туул голын усны түвшин 25 сантиметр
  • Сэлбэ голын усны түвшин 30 сантиметрээр нэмэгдсэн байна.

Улаанбаатар хотод зургаадугаар сарын 21, 22-нд бороо, уулархаг хэсгээр нойтон цас орох бол 25, 26-нд дуу цахилгаантай аадар орох төлөвтэй байгааг Цаг Уур Орчны Шинжилгээний Газраас мэдээлсэн.

Иймд мэргэжлийн байгууллагуудаас өгч буй сэрэмжлүүлэг мэдээллийг цаг тухай бүрд нь авч, болзошгүй үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.