Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт энэ сарын 21-ний өдөр хүний амь нас хохироосон гэх дуудлага мэдээлэл ирсэнтэй холбоотойгоор Нийслэлийн цагдаагийн албанаас мэдээлэл хийлээ.
Цагдаагийн Ерөнхий Газар(ЦЕГ)-ын Урьдчилан сэргийлэх газрын Хэвлэл мэдээлэл,олон нийттэй харилцах хэлтсийн дарга Г.Пүрэвдэлгэр “Мөрдөн шалгах ажиллагаагаар Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд оршин суугч 20 настай эрэгтэй Д нь Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт энэ сарын 8-9-нд шилжих шөнө 32 настай эмэгтэй З-гийн амь насыг хохироосон. Мөн энэ сарын 20-21-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт 16 настай эмэгтэй С-ийн амь насыг хөнөөсөн байна.
Уг хэргийг бүрэн нотлох зорилгоор ЦЕГ-ын тэргүүн дэд даргын тушаалаар Эрүүгийн цагдаагийн газар, мөрдөн байцаах алба болон Хан-Уул, Сүхбаатар дүүргээс бүрдсэн Ажлын хэсэг байгуулагдлаа.
Уг хэрэгт Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Д-д холбогдуулан хүний амь нас хохироосон үйлдэлд нь энэ сарын 21-ний өдөр Монгол Улсын эрүүгийн хуулийн 10.1 дэх зүйлийн хоёр дахь хэсгийн 2.6-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татжээ. Улмаар Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс яллагдагч Д-д цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг авсан” гэлээ.