Сонгуультай холбоотой ирсэн гэмт хэрэг, зөрчлийн талаар цагдаагийн байгууллагаас өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ.

Энэ үеэр УИХ-ын сонгуульд нэр дэвшигч Ч.Ундрам, Д.Өнөрболор нарын ухуулагч нас барсан гэх мэдээллийн талаар “Цагдаагийн байгууллагад орон нутагт иргэд нас барсан гэх мэдээлэл бүртгэгдсэн. Хэн нэгэн нэр дэвшигчийн ухуулагч, хамааралтай хүн байсан гэж хэлэх зохимжгүй. Сонгуулийн ерөнхий хорооноос лавлагаа мэдээлэл авсны дараа бид мэдээлэл өгөх үүрэгтэй. Нам эвслийн ухуулагчийн бүртгэл СЕХ-ноос албан ёсоор гардаг” гэв.

СЕХ-ноос авсан мэдээллээр өнөөдрийн байдлаар Монгол Улсад 139 мянган ухуулагч ажиллаж байгаа аж. Сонгуулийн сурталчилгаа эхэлсэн өдрөөс хойш өнөөдрийг хүртэл 307 иргэн нас барсан. Цагдаагийн байгууллага нас барсан тохиолдол бүрийг бүртгэж, шалтгааныг тогтоодог.

Сонгуулийн ухуулагчаар бүртгэгдсэн есөн иргэн нас барсан. Хоёр ухуулагч нь Дарханы Шарын голын тогтоол усанд живж нас барсан. Бусад нь өвчний улмаас нас барсан гэж урьдчилсан дүгнэлттэй байгааг ч энэ үеэр онцолсон юм.

Мөн Сүхбаатар аймагт ухуулагч хийхээр очсон эмэгтэйг хүчирхийлсэн гэх мэдээллийн талаар  “Өнгөрсөн зургадугаар сарын 11-ны өдөр Сүхбаатар аймгийн цагдаагийн газарт нэр хаягаа нууцалсан иргэнээс “Манай дүүг хүчиндсэн байж болзошгүй” гэх дуудлага мэдээлэл ирсэн. Үүний дагуу тус аймгийн цагдаагийн мөрдөн байцаах хэлтэс шалгалтын ажиллагааг эхлүүлсэн. 2024.06.10-ны өдөр буюу сонгуулийн сурталчилгаа эхэлсэн өдөр Улаанбаатар хотоос 21-24 насны зургаан эмэгтэй тухайн аймагт АН-ын ухуулагч хийхээр ирсэн. Хэрэгт шалгалтын ажиллагаа явуулахад, тухайн нэр бүхий зургаан иргэн цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгөөгүй. Дуудлага мэдээллийн талаар мэдүүлэг өгөхөөс татгалзсан. Улмаар дараагийн өдөр нь Улаанбаатар хот руу буцсан. Сүхбаатар аймгийн цагдаагийн газрын мөрдөгчийн даалгавраар тухайн зургаан иргэнийг мөрдөн шалгах албан дээр дуудаж, мэдүүлэг авахад “Ямар нэгэн хүчингийн хэрэг болоогүй” гэж мэдүүлэг өгсөн. Тайлбар мэдүүлгийг Сүхбаатар аймгийн цагдаагийн байгууллагад хүргэж, гэмт хэргийн шинжгүй гэж үзээд хаасан гэв.