УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр (2024.08.12) Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай, Монгол Улсын 2023 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай УИХ-ын тогтоолын  төсөл, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төсөл болон эдгээртэй холбогдуулан боловсруулсан бусад хууль тогтоомжийн төслийг тус тус өргөн мэдүүллээ.

Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг боловсруулахдаа “Алсын хараа-2050”, “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал” зэрэг Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогод нийцүүлж, 2024 оны УИХ-ын сонгуулиар парламентад суудал авсан МАН, АН, ХҮН намын сонгуулийн мөрийн хөтөлбөр дэх нийтлэг зорилтуудыг тусгасан талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцолсон.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон хууль тогтоомжийн төсөл өргөн барьсантай холбогдуулан УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулахаар болсон тухай мэдэгдлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.