УИХ-ын 2024 оны ээлжит бус чуулган өнөөдөр (2024.08.15) нээлтээ хийж, нэгдсэн хуралдаан 10 цаг 04 минутад гишүүдийн 54.8 хувийн ирцтэйгээр эхлэв. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан ээлжит бус чуулганыг нээж, үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ, 2024 оны УИХ-ын ээлжит сонгуулиар байгуулагдсан 126 гишүүнтэй манай парламентын өмнө хууль эрх зүйн орчныг шинэ цагийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн төгөлдөржүүлэх өндөр хариуцлагатай, өргөн цар хүрээтэй үйл хэрэг хүлээгдэж байгааг тэмдэглэв. Үргэлжлүүлэн энэ удаагийн парламент хууль тогтоох үйл ажиллагаандаа баримтлах үндсэн чиглэлийг танилцууллаа.
Энэ удаагийн УИХ бүрэн эрхийнхээ хугацаанд нэн тэргүүнд хүний эрхийг дээдэлсэн, хүн төвтэй хуулийн үзэл баримтлалд тулгуурласан эрх зүйн тогтолцоог бүрдүүлнэ гэв. Түүнчлэн хууль тогтоомжийг тодорхой ойлгомжтой болгож, хууль хүн бүрд ижил тэгш үйлчилдэг болгох; нийгмийн хурдацтай хөгжлийн шаардлагад нийцүүлэн, эрх зүйн зохицуулалтыг цаг алдалгүй гаргана хэмээн Д.Амарбаясгалан дарга онцолж, үндсэн чиглэл бүрийг дэлгэрэнгүй танилцуулсан. Мөн одоо хэрэгжиж байгаа зарим хуулийг эргэж харах, хэд хэдэн асуудлаар шинэ хууль боловсруулах шаардлагатайг ээлжит бус чуулганы нээлтийн үгэндээ тэмдэглээд “Иймд, шинэ парламентын гишүүн та бид, эрх мэдэл гэхээс илүүтэй иргэдийнхээ жинхэнэ төлөөлөл байж, улс орныхоо хөгжлийг хурдасгах үндсэн зорилгынхоо төлөө өндөр ёс зүйтэй, илүү бүтээлч, ил тод, хурдтай ажиллах шаардлагатай байна. Та бүхэн УИХ-ын эрхэм гишүүнийхээ нэр төрийг өндөрт өргөж, “Хүний эрхийг дээдэлсэн, хүн төвтэй үзэл баримтлал бүхий”, “Хууль тодорхой, ойлгомжтой, ижил тэгш үйлчилдэг”, “Нийгмийн хурдацтай хөгжлийн шаардлагад нийцэхүйц” Монгол Улсынхаа хууль эрх зүйн орчны гурван төгөлдөржилтийг бодит болгох ариун үйлсдээ хувь нэмрээ оруулж, үлгэр дуурайлал үзүүлж ажиллана гэдэгт бүрэн итгэлтэй байна” (бүрэн эхээр эндээс) хэмээлээ.
УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-т “Засгийн газрын хуралдааны шийдвэрийг үндэслэн Ерөнхий сайд үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг хангахтай холбогдуулан хуулийн төслийг яаралтай хэлэлцүүлэхээрУИХ-д бичгээр хүсэлт тавьсан бол УИХ-ын дарга төслийг чуулганаар яаралтай хэлэлцэх эсэхийг нэгдсэн хуралдаанд оруулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэрлүүлнэ” хэмээн заасан байдаг. Энэ дагуу Засгийн газраас 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр өргөн мэдүүлсэн “Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг яаралтай хэлэлцэхийг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон УИХ-ын 107 гишүүний олонх дэмжсэн юм. Иймд төслийг Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ. Түүнчлэн Засгийн газраас 2024.08.12-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг яаралтай хэлэлцэхийг дэмжих эсэхээр, Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг яаралтай хэлэлцэхийг дэмжих эсэхээр тус бүрд нь санал хураалт явуулан шийдвэрлэсэн юм. УИХ-ын гишүүдийн олонх дэмжсэн тул төслүүдийг Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.
Нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн “Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн, батлав. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3-т “УИХ-ын дарга энэ хуулийн 22.1.1, 22.1.2-т заасны дагуу ирүүлсэн саналыг нэгтгэн, нам, эвслийн бүлэгтэй зөвшилцөж, Байнгын хорооны бүрэлдэхүүний талаарх саналаа нэгдсэн хуралдаанд танилцуулах” хэмээн заасан байдаг. Энэ дагуу УИХ-ын дарга Д.Амарбаясгалан төслийн талаар танилцуулав. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны бүрэлдэхүүнээс гишүүн Б.Батцэцэг, У.Отгонбаяр нарыг; Ёс зүй, дэгийн байнгын хорооны бүрэлдэхүүнээс гишүүн С.Лүндэгийг; Инновац, цахим бодлогын байнгын хорооны бүрэлдэхүүнээс гишүүн Б.Заяабал, Б.Уянга нарыг; Эдийн засгийн байнгын хорооны бүрэлдэхүүнээс гишүүн Б.Жавхланг тус тус чөлөөлөхөөр төсөл тусгажээ.
Түүнчлэн гишүүн Д.Жаргалсайхан, С.Лүндэг, Б.Уянга нарыг Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүнээр; Б.Жавханг Ёс зүй, дэгийн байнгын хорооны гишүүнээр; Б.Бат-Эрдэнийг Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүнээр; Б.Батцэцэг, Ж.Ганбаатар нарыг Төсвийн байнгын хорооны гишүүнээр; Б.Заяабал, У.Отгонбаяр нарыг Хууль зүйн байнгын хорооны гишүүнээр; Х.Ганхуягийг Эдийн засгийн байнгын хорооны гишүүнээр батлахаар төсөлд тусгасан байна. Ийнхүү төслийг танилцуулаад, батлахыг дэмжих томьёоллоор санал хураалт явуулсан юм. Нэгдсэн хуралдаанд оролцсон УИХ-ын 109 гишүүний 85.3 хувь нь дэмжиж, “Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоол батлагдсан. Иймд Д.Амарбаясгалан дарга тогтоолын эцсийн найруулгыг танилцуулав.
Дараа нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн мэдээллийг сонсохоор чуулганы нэгдсэн хуралдаан хаалттай горимд шилжлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.