Боловсрол, шинжлэх ухааны яамны сайд П.Наранбаяр өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Цэцэрлэгийн хүүхдийн хоолны түүхий эдийн зардлыг 1,000 төгрөгөөр нэмэгдүүлэх саналыг Засгийн газрын тогтоолоор хэлэлцүүлэхээр ажиллаж байна. Өнгөрсөн тавдугаар сард Засгийн газрын тогтоолын дагуу хүүхдийн хоолны түүхий эдийн зардал 500 төгрөгөөр нэмэгдсэн. Тус зардал нэмэгдсэнээр хүүхдийн авах шим тэжээлийн хэмжээ 53 орчим хувьтай болсон. Хэрэв дахин 1000 төгрөгөөр нэмэгдвэл хүүхдийн авах шим тэжээл 70 гаруй хувьд хүрнэ.
Тус зардлыг хүүхдээ цэцэрлэгт өгч байгаа эцэг, эх гаргана. Жишээ нь сард 22 өдөр хүүхдээ цэцэрлэгт өглөө гэж тооцвол 22,000 төгрөг буюу хоол хийх түүхий эдийнх нь зардлыг нэмэгдүүлэх юм.
Ингэснээр хүүхэд цадах хэмжээндээ хүртэл хоол идэх боломжтой болно. Таны тушаасан 1,000 төгрөг зөвхөн хүүхдэд тань зориулагдана. Боловсролын ерөнхий хуульд цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг эцэг, эх нь хуваалцана гэсэн заалт бий. Бид энэ асуудлыг хөндөж яриад найман жил болсон ч шийдэл гараагүй байсан. Түүнчлэн нэгдүгээр ангийн сурагчдыг харандаагаар бичүүлж, хүүхдэд алдаа гаргах, алдаагаа засах боломж олгох зөвлөмжийг Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгээс явуулаад, Боловсролын ерөнхий газраар дамжуулан бүх сургуулиудад хүргэж байгаа. Хүүхдийг үзгээр буруу бичүүлээд, дахин хуулуулж бичих нь гэрийн даалгаврыг ачааллыг нэмэгдүүлдэг. Мөн гэрийн даалгаврыг ачааллын судалгааг хийж байна. Үүний хүрээнд нэгдүгээр ангийн хүүхэд гэртээ хорин минутаас илүү хугацаанд гэрийн даалгавар хийхгүй байх тал дээр зохицуулалт хийн, мэргэжлийн байгууллагуудад хандаад явж байна” гэв.
Түүнчлэн цэцэрлэг болон нэг, зургадугаар ангийн сурагчид, эцэг эхчүүд цэцэрлэг, сургуулийн орчинтой танилцах ажлыг есдүгээр сарын 1-ны ням гаригт зохион байгуулна. Өөрөөр хэлбэл, есдүгээр сарын 1-ний нээлттэй өдөрлөгийг зохион байгуулна. Нүсэр бус төсөр байдлаар есдүгээр сарын 1-ний үйл ажиллагааг явуулна.
Харин есдүгээр сарын 2-нд даваа гарагаас хичээл сургалтын үйл ажиллагааг шууд эхлүүлнэ. Их, дээд боловсролын сургалтын байгууллага 2024 оны есдүгээр сарын 2-ны Даваа гарагт нээлтийн үйл ажиллагааг орон нутгийн бодлого чиглэлтэй уялдуулж эхлүүлнэ.
Тухайлбал түгжрэлтэй холбоотой авах арга хэмжээ болон цагийн зохицуулалт хийх зэрэг асуудал багтаж байгаа” гэв.