Орон нутгийн сонгуулийг ирэх аравдугаар сарын 11-ний баасан гарагт зохион байгуулахаар товлосон. Эл өдөр бүх нийтээрээ амарч, аймаг нийслэл сум дүүрэг баг хороодын удирдлагуудаа сонгоно.

126 гишүүнтэй УИХ-ыг бүрдүүлэхдээ бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулсан бол орон нутгийн сонгууль өмнөх хувилбараараа явна. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуульд 2022.04.22-ны өдөр оруулсан нэмэлт өөрчлөлтөөр “Тухайн шатны Хурал орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн жилийн 05 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө нутаг дэвсгэрийн хүн амын тоо, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарь, газар нутгийн хэмжээ, байршил зэргийг харгалзан Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан Хурлын төлөөлөгчийн тоонд үндэслэн тойргийг байгуулж, тойрогт ногдох мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтооно” гэж заасан байгаа. Товчоор хэлбэл, жалга довны үзэл, ах дүүсийн хүрээллээр төлөөллөө сонгох буюу Ерөнхий сайдын хүсэл сонирхлын эсрэг гэсэн үг.

Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар Монгол Улсыг бүсчлэн хөгжүүлэхийг чухалчилж 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийн жил” болгон зарлаад Хот суурин хийгээд хөдөө нутгийн хэт ялгаатай байдлыг засах, ард иргэдийн амьжиргаа, орлогыг нэмэгдүүлэх, улсын хөгжлийг түргэсгэхэд чиглэсэн бодлого баримтлахаа илэрхийлсэн ч энэ нь нүүрээ замаскдсан сүүдэр шийний дүр төдийхөн байгаа.

Үндсэн хууль болон УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж, байнгын ажиллагаатай парламентын гишүүдийг сонгохдоо бүсчилсэн хэлбэрээр сонгуулийг зохион байгуулсан ч орон нутгаа орхигдуулсан болохоор бүсчилсэн хөгжилд нь төдийлөн өөрчлөлт гарахгүй л болов уу.

Уг нь болсон болоогүй олон дэд сайд, дэд дарга гаргаж төсөв үрэн таран хийснээс орон нутгийн сонгуулийг ч бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулаад бүсийн захирагч, дарга сонгосон бол орон нутгийн хөгжилд нэг гүүр нэмсэнтэй адил ээлтэй байх байлаа хэмээн эдийн засагчид жиргэж байна.

Үнэндээ Монгол Улс бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалтай ч хэрэгждэггүй нь бүсээр нь зангидсан бодлогогүй, бүсээр нь асуудал ярьдаг засаг захиргаагүйтэй холбоотой биз.

Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн 12.2-т “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал /цаашид “аймгийн Хурал” гэх/-ын сонгуулийг явуулахад аймгийн төвийн баг болон сум тус бүр нь сонгуулийн тойрог болно. Сумын хүн амын тоо 5000-аас дээш бол нэмж сонгуулийн тойрог байгуулж болно” гэсэн байгаа. 2000 хүнтэй сум ч сонгуулийн нэг тойрог гэсэн үг. Мөн хуулийн 12.5-д “Сумын баг бүр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал /цаашид “сумын Хурал” гэх/-ын сонгуулийн тойрог болно” гэж бий нь ах дүү төрөл саднаараа сонгуулийн нэг тойрог болж, багийн ахлагчийг ээлжлэх байдлаар хийхэд хүргэсэн байх тул тэндээс хөгжил, бүтээн байгуулалт хүлээнэ гэдэг түвэгтэй л хэрэг.

Өнгөрсөн 30 жилд Улаанбаатарт 700 мянга гаруй иргэн шилжиж ирсэн нь 8 аймгийн хүн амтай тэнцэхүйц тоо. Хот хөдөөгийн хөгжлийн түвшин асар холдсоны үр дүн гэсэн үг.

Үүнийг арилгахаар, иргэдийн орон нутагт шилжин суурьших таатай нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Ерөнхий сайд бүсчилсэн хөгжлийн асуудлыг эрчимтэй ярьж “Алсын хараа-2050”-даа суулгасан ч хөгжих “хөл”-өө орхигдуулж.

Уг нь УИХ-ын гишүүд бүсчилсэн тойргоос сонгогдсон л бол орон нутаг ч бүсчилсэн засаг захиргаанд шилжин бүс дотроо аймаг сум бүрийн голлон эрхлэх аж ахуйн чиглэлийг оновчтой тогтоон, өөр хоорондоо хоршин хөгжих бизнесийн орчныг бүрдүүлж дотоод, гадаад зах зээлтэй зохистой холбоо тогтоох ухаалаг зохицуулалтыг ярих байсан байх.

Үгүйдээ л бүсийн хөгжил ярьсан Засаг дарга нартай болох байсан биз.

Хэдийгээр Орон нутгийн сонгуулийн хуулийн 12.6-д Орон нутгийн Хурлын ээлжит сонгуулиар байгуулагдсан сонгуулийн тойргийг дараагийн ээлжит сонгууль хүртэл хугацаанд өөрчлөхийг хориглох заалт бий ч манай улстөрчдөд хууль үйлчлэх биш дээ. УИХ-ын сонгуулийн тухай хуулиа хэдэнтээ хольж сольсон улс Дэд сайд, дэд даргын суудал нэмэхээр гашлахын оронд Бүсийн захирагч, бүсчилсэн Иргэдийн хуралтай болох заалт нэмээд бужигнуулчихад хугацаа хангалттай л байна.

Болохгүй нь юу билээ…