Мэдээллийн мөрөөр нэн даруй ХХЕГ-ын дарга, хилийн цэргийн командлагч болон ХХЕГ-ын Эрүүл мэндийн албаны дарга, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн холбогдох албан тушаалтнуудаас мэдээлэл, тайлбар авсан байгаа.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт очиж, ажилласан бөгөөд ХХЕГ-ын холбогдох тайлбар мэдээлэл, баримтыг гаргуулахаар өнөөдөр албан бичиг хүргүүлж байна.
Хоёр цэргийн эрүүл мэндийн асуудал нууцлалтай учраас өвчний оношийг нь хэлэх боломжгүй. Гэхдээ эрүүл мэнд, биеийн байдал хэвийн, өчигдөр шинжилгээнд хамрагдсан. Тэд зохих эмчилгээ, сувилгааг хийлгэж байгаа. Бид бүхэн өчигдөр холбогдох цэргүүдтэй уулзсан, мэдээллийг авсан.
ХЭҮК 2006 онд цэргийн дүрмийн бус харилцаатай холбоотой асуудлаар судалгаа хийснээр “Цэргийн дүрмийн бус харилцаа байна. Үүнийг таслан зогсоогоорой” хэмээн илтгэлдээ тусгаж, УИХ-аар хэлэлцүүлж байсан. 2006 оноос цэргийн дүрмийн бус харилцаа 11-20 хувиар буурсан боловч бүрэн таслан зогссонгүй гэж дүгнээд УИХ-д оруулсан илтгэлдээ тусгасан байдаг.
Энэхүү илтгэлийг УИХ-аас хэлэлцээд 2022 оны 49 дүгээр тогтоолыг гаргасан. Өөрөөр хэлбэл цэргийн албан дахь дүрмийн бус харилцааны шалтгаан нөхцөлийг тогтоох, таслан зогсоох арга хэмжээг авч, хяналт тавих үүргийг Засгийн газарт оногдуулсан.
ХЭҮК байгуулагдсан цагаас хойш
- Хилийн цэргийн анги байгууллагад 53 удаа
- Зэвсэгт хүчний анги байгууллагад 69 удаа
- Дотоодын цэргийн анги байгууллагад 10 удаа цэргийн дүрмийн бус харилцааны шалтгаан нөхцөлийг арилгуулахаар, дүрмийн бус харьцаатай холбоотой асуудлаар хяналт, шалгалтын ажлыг зохион байгуулсан.
Ингээд холбогдох албаны шалгалт үргэлжилж байна” гэв.