World CleanUP Day буюу Дэлхийн цэвэрлэгээний өдрийг “Make room for life” уриатайгаар Монголд өнгөрсөн бямба гарагт зохион байгуулжээ. Энэ өдөр дэлхийн 190 гаруй орны залуучууд эх дэлхийгээ, гол мөрнөө, эх орноо цэвэрлэхээр сая саяараа нэгддэг байна. Тэгвэл манай улсад сүүлийн 4 жилийн хугацаанд маш олон залуу энэ хөдөлгөөнд идэвхтэй нэгдсээр байгаа юм. Энэ жилийн цэвэрлэгээний өдөрлөгт 3000 гаруй залуу нэгдэж дараах байршлуудаар цэвэрлэгээ хийлээ.

Үүнд:

-Төв цэнгэлдэх хүрээлэнгээс эхлэн Туул голын гүүр, түүнээс зүүн тийш Үндэсний цэцэрлэгт хүрээлэн хүртэл.

-Төв цэнгэлдэх хүрээлэнгээс Туул голын гүүрээр дамжин Зайсан толгойн эргэн тойронд.

-Төв цэнгэлдэх хүрээлэнгээс Дунд голын замыг дагаад Эрчим хүчний яамны байр хүртэл.

-Төв цэнгэлдэх хүрээлэнгээс Энхтайваны гүүрийг давж Баруун дөрвөн зам хүртэл цэвэрлэгээ хийсэн байна.

Энэ үеэр CleanUP төслийг санаачлагч Н.Булгантамир онцлохдоо “Энэ бол хандлагын болон нөлөөллийн төсөл юм. CleanUP нь нэг удаагийн арга хэмжээ гэхээс илүүтэйгээр нөлөөллийн арга хэмжээ, залуучуудын нэгдэх арга хэмжээ болж жилээс жил өргөжин тэлж байна. Жил бүр нэг өдөр цэвэрлэх бус өдөр бүр цэвэрхэн байхыг 3000 гаруй залуу уриаллаа” гэв.