МАН АН-ынхан амралтын өдрүүдэд бужигнаж, дараагийн даргын марафон нь эхэлчихэж. Намаа ялагдалд хүргэсэн намын ерөнхий нарийн бичгийн дарга нар болон аймгийн намын хорооны дарга нар чемоданоо баглаж байна.

Найман аймаг, НИТХ-д ялагдал хүлээсэн тул АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон Н.Ганибал нэн тэргүүнд явах нь тодорхой биз. 2024 оны УИХ-ын сонгуулиар зүүн бүсэд буюу Сүхбаатар Хэнтий Дорнод аймагт өрсөлдөөд өвдөг шороодсон түүнийг МАН-ын дэмжлэгээр Х.Баттулгын баг зүтгүүлж эл суудалд суулгасан юм гэдэг. Нөгөөтэйгүүр Н.Ганибалыг Сангийн сайд Б.Жавхлантай халаас нэг гэлцдэгийг энд хэлэх нь зүй байх. АН-ын генсекээр ажиллаж байсан Э.Одбаяртай Нэг Монгол фракцаар холбогддог энэ эрийн улстөрийн хараа хэт богино юм.

Э.Одбаярыг АН-ын генсекээр томилогдоход МАН-аас илгээсэн БЭТ гэлцэж байсныг санах хэрэгтэй. Уг нь АН-ын дарга асан С.Эрдэнийн хүү Одбаяр түүнийг АН-д хөтлөн оруулж, эцгийнхээ дэргэд шадарлуулж байсан гэдэг. С.Эрдэнэ ч Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын сайдаар ажиллаж байхдаа хүү Одбаярынхаа найз гэх Эрдэнэбилэгийн Одбаярыг Хүүхдийн төлөө газрын даргаар томилж байсан бөгөөд 2017 онд намынхаа удирдлагын багт оруулан АН-ын Хэрэг эрхлэх газрын дарга болгосон байдаг. Гэвч эсрэг багийнхны С.Эрдэнийн хүү гэж эндүүрэгдэх хорон пиарын золиосоор сонгогдон С.Эрдэнийг ялагдсаны дараа 2020 оны сонгуулиар УИХ-ын гишүүн Ц.Туваан Х.Баттулга нарт зүтгэж, улстөрийн хүрээнд “урвагч” гэх бохир тодотголын эзэн болчихсон нөхөр.

Л.Гантөмөр АН-ын дарга болсныхоо дараа Э.Одбаярыг хувийнхаа зөвлөх, ажлын албаны даргаар ажиллуулж байгаад сүүлд намынхаа Ерөнхий нарийн бичгийн даргаар томилсон нь Х.Баттулгын нөлөөнөөс гадна МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн дэмжлэг гэгдэж байв. Генсекээр томилогдсоны үр дүнд 2024 оны УИХ-ын сонгуулиар намын нэрийн жагсаалтын 11-т эрэмбэлэгдээд гишүүн болсон буюу УИХ-ын танхимд хаалгаар бус тооноор орж ирсэн гэсэн үг юм. Энэ бүх өгөө аваа, үйл явдлын эцэст Н.Ганибал АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын түр орлон гүйцэтгэгч болсон хэрэг.

Нийслэлийн АН-ын хорооны дарга Т.Батцогт бол Х.Баттулгын гэх улстөрийн бүлэглэлийн гол кукла. Тэгэхээр НИТХ-д өрсөлдөх дүрүүдээ Т.Батцогт эрэмбэлсэн гэх ч үнэн хэрэгтээ тус намын ерөнхий зураг Х.Баттулгын Баянгол зочид буудалд хийгдсэн гэчихэд хол зөрөхгүй болов уу. Харамсалтай нь түүний баг НИТХ-д тавхан суудал авав. Өмнөхөөсөө дээрдэх бүү хэл дордсон дүнгийн хариуцлагыг тэр хариуцахаас өөр яалтай.

Х.Баттулга ч түүнийг гээх биз.

Түүний нийслэл дэх хөл бэхлэх хүсэл ингэтэл талаар болсон байхад улстөрийн хол замд өчүүхэн ч нүүрийн буянгүй Т.Батцогтоор юу хийнэ. Нийслэлчүүд түүнд хангалттай том “салаавч” өглөө шүү дээ.

Нийслэлчүүдээс гадна намынханд нь түмэн шалтгийн эхлэл болж түүний гараас бүхнийг салган намаа цэвэрлэнэ хэмээн Э.Бат-Үүл Г.Баярсайхан тэргүүлэн мэдэгдээд эхлэв.

Хотын дарга асан Э.Бат-Үүл “Би өөрийгөө Нийслэлийн АН-ын даргад нэр дэвшүүлж байна. Тэр жил манай намд Эрэлийн намаас ирсэн, МАН-ын даргын зөвлөх, В.Путины агент Жэнкогийн барьцаанаас АН-аа чөлөөлнө. Гуравт, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн барьцаанаас АН-аа чөлөөлж, манай намын бүх гишүүд намын удирдлагаа сонгодог байсан ардчилсан эрхийг гишүүддээ эргүүлж олж өгч, МАН-ын дарга далдуур манай намын удирдлагыг шийддэг болсныг таслан зогсооно. Дөрөвт, Улаанбаатараа “хэрүүлийн бузар”-аас чөлөөлж, нэн орчин цагийн хотын жишигт хүргэх ажлыг сэргээн үргэлжлүүлнэ. Тавд, хувийн өмчийн шударга бүтээлч ид шидийг бүрэн ашигладаг хот болгоно” хэмээн цахим хаягаараа мэдэгдсэн.

Тэгэхээр АН-ын нийслэл хариуцсан дарга байтугай Л.Гантөмөрийн суудал ч ганхаж мэдэх юм.

2024 оны УИХ-ын сонгуулийн дараахь АН-ын Үндэсний бодлогын хорооны хурлаар “өмнөх суудлаа ахиулсан тул Л.Гантөмөрийг огцруулах нь үндэслэлгүй гэж үзсүгэй” гэх утга бүхий тогтоолыг баталснаар мань эр АН-ын даргын албан тушаалыг үргэлжлүүлэн хашихаар үлдэж байв. Харин энэ удаад түүнд хариуцлагаас мултрах шалтаг үлдээгүй болов уу.

Парламентад хүчтэй сөрөг хүчин болохын оронд МАН-ын хаяа бараадан Засгийн газрын хатавчинд “угаадас” долоон хэвтэх болсны горыг нийслэл, орон нутгийн сонгогчид хатуухан өглөө хэмээн намынхан нь дүгнэж байна.

Үнэндээ тэрбээр Орон нутгийн сонгуулийн үеэр нэг ч удаа залуусаа дэмжин гарч ирсэнгүй. Нэр дэвшигчид нь бодлого ярих биш МАН-ыг шүүмжлэх, лайвдан гутаах байдлаар улстөрийн түй ч соёлгүй, бүдүүлэг харанхуй байдлаар ажиллан сонгогчдыг илтэд басамжилсан. Тэгэхээр ялагдлаас гадна бодлогогүй, бүдүүлэг, дээрэнгүй байдлаар сонгуульд өрсөлдөж, сонгогчдыг үл хүндэтгэсний хариуцлагыг Л.Гантөмөрт хүлээлгэнгээ намаа цэвэрлэж авахгүй бол хөх туг хөдөрсөн МАН-ын шивэгчин төдий болох хувь тавилангийн замд эргэлтгүй орох нь үнэн юм.

Удахгүй Засгийн газарт ч томоохон сэлгээ хийгдэнэ. Үүнтэй зэрэгцэн Х.Баттулгын нэрээр ч, сүрээр ч газар ахихад хэцүү болсон тул голлох пиарчид нь түүний карьерт цэг тавиад урагшилж мэдэхээр байгаа гэдгийг ойрын нь эх сурвалжаас хэлж байна. Түүнээс салах эхний алхмаа саяын Орон нутгийн сонгуулиас ч эхэлсэн байж болзошгүй юм байх.

Магад ч үгүй. Барын сүүл явснаас батганын толгой явахыг хэнчиг хүсэх нь ойлгомжтой хэрэг.

МАН-ын тухайд энэ удаагийн сонгуульд МАН биш Х.Нямбаатар нь ялалт байгууллаа. Намын дарга, насны анд Л.Оюун-Эрдэнэтэй сөрж, Х.Баттулгын эсрэг үлгэр дуустал тэмцэв. Түүний сонгуулийн сурталчилгаа тэр чигтээ Х.Баттулга гэх хүний эсрэг өрнөснийг бүгд харсан. Арга ч үгүй биз. Х.Баттулгын багийнхан бодлого ярихын оронд Хотын даргын ажлыг бүхэлд нь үгүйсгэж, бордюрын хулгай, зам засварын муухай сайхныг ярьсаар санал хураах өдөртэй золгосон.

Л.Оюун-Эрдэнэтэй тэрсэж, Х.Баттулгын “хашаа”-наас боргосон ноход болгон руу чулуу нүүлгэсэн явдал эсрэгээрээ Х.Нямбаатарт хангалттай эерэг дүр авчирсан гэхэд дэгсдүүлсэн болохгүй биз.

Хэдийгээр МАН 14 аймаг, НИТХ-д ялалт байгуулсан ч генсек Я.Содбаатарын хувьд ялагдал байлаа. Тэрбээр намаасаа гарсан Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргын нутаг болох Хэнтий Говь-Алтай аймгуудад ялагдал хүлээн, намын удирдлагуудаа “хөл”-гүй болгов. Орон нутгийн сонгуулиар АН-ын дарга Л.Гантөмөрийн нэгэн адил цонхоороо толгойгоо ч цухуйлгасангүй.

Тэгэхээр У.Хүрэлсүх Л.Оюун-Эрдэнэ Д.Амарбаясгалан нарыг их улстөрд “хөл”-гүй болгон хөвүүлсний хариуцлагыг хүлээхээс өөр яалтай. Дарга нараа “хөл”-гүй болгочихоод юугаа ч бодож суух билээ, Я.Содбаатарын хувьд. Ийм байдалтайгаар хэрхэн Ерөнхийлөгчийн сонгуульд орж, “хөл”-өө алдсан удирдлагууд нь АН засагласан аймгуудад хэрхэн 2028 онд ялалт байгуулах билээ. МАН-ын хувьд энэ нь төсөөлөхөөс аймшигтай ялагдал юм.

Хэнтий аймгийнхан АН-д Засаглах эрхээ алдсаны бурууг Л.Оюун-Эрдэнэ ч үүрэлцэх ёстойг намынхан нь мөн хэлж байна. Учир нь намын дарга нь Х.Баттулгын гэх бүлэглэлтэй тохироотой байсны улмаас орон нутгийн МАН хоёр талцан хүч тарамдсанаас ялагдал хүлээсэн гэлцэж байна. Алдсан хүн арван тамтайн үлгэрээр ялагдагсад хэнийг ч буруутгаж байж болох ч эцсийн үнэн нь МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өссөн төрсөн нутагтаа “хөл”-гүй боллоо гэдэг гутамшиг юм. Тэр Х.Баттулгатай хоршдог тул АН-ын ялалт ч Л.Оюун-Эрдэнийнх юм хэмээн эндүүрч болохгүй. АН-ыг сонгосон иргэд 2028 онд Л.Оюун-Эрдэнэ гэх улаан дарцгийг дугуйлахгүй нь хатуу үнэн.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан ч төрсөн нутгийнхаа засаглах “эрх”-ийг алдав. Түүний эсрэг төдийгөөс өдийг хүртэл ханцуй дотроо хамтарч явсан Говь-Алтайн Засаг дарга асан О.Амгаланбаатарын пиар баг чимээ аниргүйхэн атлаа жинтэйхэн ажилласан гэдгийг эх сурвалжууд хэлж байна. Эрхэм спикер өөрөө “хөл”-гүй ч Өмнийн говьд бизнес хамтрагч гэгдэх Х.Мандахбаярыгаа гаргасан хэмээн бардаж яваа дуулдсан. Харамсалтай нь хамгийн том эндүүрэл нь тэр юм. АН засагласан аймагт мянган Мандахбаяр байгаад юу гийгүүлэх билээ.

Тэрчлэн сүүлийн хагас жарны турш үргэлж улаантаж явсан Төв аймаг энэ удаад утаа май суунаглатал цэнхэртсэн нь Я.Содбаатар намынхаа төлөө хуруугаа ч хөдөлгөөгүйн хангалттай нотолгоо болох биз.

Улстөрийн түүхэн дэх хамгийн том цочирдом үйл явдал бол маргаангүй энэ юм.

Тэгэхээр АН-д дэлдээд эхэлсэн хэнгэрэг МАН-ын дотоодод ч дэлдэгдэх нь цаг хугацааны асуудал. Намын дарга нараа “хөл”-гүй болгохоос илүү гэм гэж юу байх билээ.

АН МАН-аас гадна НИТХ дахь гурван суудлаа ч алдан үсгүй арчуулсан Т.Доржханд хариуцлагын алхнаас мөн бултаж чадахгүй гөлөлзөж явна.

Үндэсний эвсэл хэмээн цээжээ дэлдэгч, эрх баригчдын булхайг ухан бурууг шүүн дүүжилнэ гэдэг Н.Номтойбаяр ч хамгийн муу менежер гэдгээ дахин харуулснаас гадна Нийслэлийн МАН-тай далд тохироо хийсэн гэх хардлагын хар тамгатайгаар улстөр сонирхогчдын элэг доог болж байна. Түүнд Баянзүрхийг базаад ирнэ хэмээн нэгдсэн Д.Пүрэвдаваа ч элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин амгалангийн дүрд ороод дашийн шог болж.