Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2024.10.17) үдээс хойших нэгдсэн хуралдаан “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэлснээр үргэлжиллээ.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, бүсчилсэн хөгжлийн татварын ялгаатай бодлогыг оновчтой тогтоох болон Монголбанк мөнгөний бодлогыг улстөржилгүй анхаарч ажиллах талаар саналаа илэрхийлэв. УИХ-ын гишүүн О.Батнайрамдал, гадаадын хөрөнгө оруулалтай банкны салбарыг оруулж ирэх нь макро эдийн засагт эерэг нөлөөтэй тул энэ асуудалд анхаарч ажиллахыг, УИХ-ын гишүүн Г.Дамдинням, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг авсан банкуудаас буцаан төвлөрүүлэх талаар ажиллах санал хэллээ. Мөн УИХ-ын гишүүн Б.Түвшин, Монголбанк Мөнгөний бодлогын зөвлөлийг эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан зургаан сар тутамд бус ойр ойрхон хуралдуулах шаардлагатай байна гэв. Харин УИХ-ын гишүүн Э.Батшугар, Төв банкны хараат бус, ил тод байдлыг хангах эрх зүйн орчныг сайжруулах орон зай байна. Төв банкны тухай хууль болон санхүүгийн салбарын хуулиудад дүн шинжилгээ хийх ажлын хэсэг гаргах саналыг дэмжиж байна. Гадаад орнуудын банкуудын сайн туршлагыг судалж, Төв банкны эрх зүйн орчныг сайжруулах тухай санал хэлсэн. УИХ-ын гишүүн Д.Бум-Очир, зорилтот бүлэгт чиглэсэн хүү багатай зээл гаргах, улмаар багш нарыг ипотекийн 3 хувийн зээлд хамруулах талаар анхаарч ажиллахыг хүслээ.

Ингээд “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

Дараа нь “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Тус төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Ганхуяг танилцуулсан.

Тэрбээр, Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулах үед УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг “Эрдэнэс тавантолгой” ХК  хэрэгжүүлэхгүй байгаа шалтгаан нөхцөл, Монгол Улсын эдийн засгийн хөгжилд голлох нөлөө бүхий хоёр хилийн боомт ямар шалтгааны улмаас 24 цагаар үйл ажиллагаа явуулахаа зогсоосон болон хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжийг биелүүлж, биржээр нүүрс арилжаалах ажиллагааг 80 хүртэл хувьд хүргэх талаар, УИХ-ын гишүүн Р.Сэддорж говийн бүсэд дулааны цахилгаан станц барих ажил удааширсан шалтгаан, цаашид эрчим хүч тасалдах эрсдэл үүсвэл хүлээх хариуцлагын талаар асуулт асууж, санал хэлсэн болно гээд Байнгын хороо “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийг  байгуулан ажилласан гэв.

Ажлын хэсэг тогтоолын төсөлтэй холбоотой зарчмын зөрүүтэй саналын томьёолол, тогтоолын төслийн хавсралтад тусгагдсан бусад төсөл, арга хэмжээний нэр томьёог жигдлэх, тоон үзүүлэлтүүдийн хувь, хэмжээг өөрчлөх зэрэг санал бэлтгэснийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тухай танилцуулсан. Мөн тогтоолын төсөлтэй холбогдуулан ажлын хэсгээс бэлтгэсэн болон УИХ-ын гишүүдээс ирүүлсэн зарчмын зөрүүтэй 56 саналын томьёоллыг нэг бүрчлэн хэлэлцэн санал хураалт явуулсан гэв. Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэллээ.

Тухайлбал, УИХ-ын гишүүн П.Ганзориг, хөгжлийн төлөвлөгөөнд бизнесийн орчныг таатай болгох заалтууд тодорхойгүй байгааг дурдаад татварын дарамт, зээлийн хүүг бууруулахад хэрхэн анхаарах талаар, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир, ирэх жилүүдэд хүний эрхийг хангахад ахиц гарах эсэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийг хэрхэн сайжруулах талаар тодруулж байлаа.

Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл, тогтоолын төсөлд хөгжлийн төлөвлөгөөний үндсэн дөрвөн чиглэлийн нэг бүлэгт хүний эрхийг хангах талаарх асуудлыг тусгасан. Иргэний хэргийн шийдвэр гүйцэтгэл 20 гаруйхан хувьтай байна. Шүүхийн шийдвэр барагдуулах төсөв маш бага байдаг нь шүүхийн шийдвэр хэрэгжихгүй байгаагийн нэг шалтгаан юм. Тухайлбал, хоёр тэрбум төгрөгийн авлагатай компанид 20 сая төгрөг хуваарилагдах жишээтэй. Тиймээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулахаар ажиллаж байна хэмээн хариулж байлаа.

УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Х.Ганхуяг, хөгжлийн төлөвлөгөөнд урт хугацааны тогтвортой хөгжлийг хангах суурь зарчмуудыг тусгасан. Тухайлбал, бизнесийн орчинд цогц судалгаа хийж, саад тотгорыг арилгах, эрх зүйн орчныг шинэчлэх зэрэг зорилт, арга хэмжээнүүд багтаж байна. Засгийн газраас татварын бодлогыг шинэчлэх зорилтын хүрээнд боловсруулалтын салбарын гаалийн татварыг тэглэх зэрэг цөөнгүй өөрчлөлтийг хийхээр төлөвлөж байна гэв.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар, эрчим хүчний үнийг 30-50 хувиар нэмэхээр тусгасныг тодотгоод өмнөх онуудын дамжуулан зээлдүүлэх өрийн үлдэгдэл эрчим хүчний салбарт 1,5 орчим их наяд төгрөгт хүрснийг дурдав. Иймд эрчим хүчний үнийг нэмэхийг урьтал болгохгүйгээр зээлийн асуудлаа шийдэх боломж байгаа эсэх талаарх асуултад Эрчим хүчний сайд Б. Чойжилсүрэн хариулсан.

Тэрбээр, эрчим хүчний салбарт улсын төсвийн хөрөнгө оруулалт бага байсан тул гадаад, дотоодын зээл, тусламж авахаас өөр аргагүй. Өнөөдрийн байдлаар эрчим хүчний салбар урт хугацаатай 1,8 их наяд төгрөгийн өртэй байна. Мөн эрчим хүчний алдагдал 2023 оны жилийн эцсийн байдлаар 370 орчим тэрбум, 2024 оны алдагдлаа нэмэхээр 540 орчим тэрбум төгрөгт хүрсэн. Цахилгаан, эрчим хүчний үйлдвэрлэл, түгээх, дамжуулах, хангах зардал 1квт нь  285 төгрөгийн өртөгтэй. Гэтэл иргэдэд борлуулж буй үнэ 140 төгрөг. Эрчим хүчний үнийг нэмэгдүүлээгүй явснаар ийм их өр, төлбөрийг үүсгэсэн. Тиймээс Эрчим хүчний зохицуулах хороо хараат бусаар эрчим хүчний үнэ, тарифыг нэмэгдүүлэх асуудлыг танилцуулна гэв.

Ингээд УИХ-ын гишүүд асуулт асуусны дараа Эдийн байнгын хорооноос  нэгтгэн гаргасан зарчмын зөрүүтэй 56 саналаар санал хураалт явуулав. Энэ үеэр Ажлын хэсгээс саналын томьёололд эргэж нягтлах асуудал гарсан тул санал хураалтыг Баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэхээр болов гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.