Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаараа Засгийн газраас 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, санал, дүгнэлтээ Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр шийдвэрлэв.
Хэлэлцэж буй асуудлаар Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг асуулт асуухдаа Хүний эрхийн Үндэсний Комиссын “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэл”-д цогцос хадгалах хөргүүр ажиллуулах төсөвгүй зэргийг хөндөж, Зөрчлийн мэдээллийн систем ажиллуулах асуудлыг тодрууллаа.
Өнөө жилийн нийт суурь зарлагын хэмжээ өмнөх оноос 2.6 их наядаар нэмэгдэхээр төсөлд тусгагдаж, зориулалтынх нь дагуу зарцуулах төсөөлөлтэйг Сангийн яамны төлөөлөл онцлов. Хүний эрхийн Үндэсний Комиссоос хүргүүлсэн илтгэлд тусгасан санал, зөвлөмжийн хүрээнд цогцос хадгалах байрын хөргүүрийг шийдвэрлүүлэхээр төсөвт тусгуулахаар санал өгч, 21 аймгийн эмнэлэг, сумд хамтран ажиллахаар зохицуулж байгаа гэж Шүүх шинжилгээний ерөнхий газраас хариуллаа. Харин УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал, Шүүхийн тухай хуулийн 46.8 дахь заалтын хэрэгжилт, Хүүхэд, гэр бүлийн шүүх шинээр байгуулахтай холбоотой төсөв тусгасан эсэх, ХЭҮК Улаанбаатар хотод Ази, Номхон далайн бүсийн Хүний эрхийн сургалт, судалгааны төв байгуулах НҮБ-ын өмнө өгсөн Монгол Улсын амлалт биелэгдэхүйц санхүүжилт тусгагдсан эсэх, УИХ-ын гишүүн О.Номинчимэг, тэтгэвэр нэмэх боломж, тамхинд ногдох татварын талаар, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, цагдаагийн алба хаагчдын цалинг холбогдох сайдынх нь шаардлагагүй зардлаас шилжүүлэх байдлаар нэмэх санал хүргүүлсэнээ тодруулав.
Тэдний асуултад Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр гишүүдийн хариулахдаа, төсвийн төсөөллийг улс төрөөс ангид байлгаж, бодлогын, стратегийн ач холбогдолтой, зайлшгүй зардлуудаа санхүүжүүлэхээс өөрөөр зардлыг нэмэх боломжгүйг тайлбарлаж байлаа. Тэрбээр 2027 онд улсын төсвийн санхүүжилтээр шинэ бүтээн байгуулалт хийх боломжгүй. Үүнд НӨАТ-ын буцаалтыг нэмэгдүүлэхтэй холбоотой асуудал ч нөлөөлж буйг үгүйсгэсэнгүй. Түүнчлэн орон нутгийн төсөв улсын төсвөөс давж эхэлсэн, төрийн өмчит компаниудын өр, авлага ихэссэн байгаа тул арга хэмжээ авч, эрх зүйн зохицуулалтаар яаралтай шийдвэрлэх шаардлагатай. Эдийн засгаа тэлж, шинэ хөрөнгө оруулалт, шинэ арга замыг эрэлхийлэхгүй бол бүх зүйл тулчихлаа гэсэн хариуг өгсөн юм.
Хууль зүйн байнгын хороо Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх санал, дүгнэлтийг хуралдаан даргалагч Л.Соронзонболд холбогдох байнгын хороодод биечлэн танилцуулахаар болсноор хуралдаан 18.20 цагт өндөрлөв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
