ИЗНН өнгөрөгч амралтын өдөр хуралдаж, М.Нарантуяа-Нараг намын дэд даргын албан тушаалаас нь чөлөөлсөн. Мөн намаас хөөх тухай асуудал ч хөндөгдөөд буй.
УИХ-ын чуулганы 2024.10.17-ны өдрийн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара “Үг хэлж попорчихоод гараад явдаг арга зальтай хүмүүс байна. Ирцэнд байгаа мөртлөө хуралдаа суудаггүй. Жишээ нь манай Иргэний Зориг-Ногоон Намын дарга Б.Батбаатарыг гайхаж байна. Сүүдрийн Засгийн газар байгуулна гээд гайхуулаад байгаа.
Энэ дотор юу болж байгааг мэдэхгүй байж яаж хяналт тавих гээд байгаа юм бэ? Тэгээд л попроод яваад байдаг. Ийм хүмүүсийг тасалснаар авдаг болмоор байна, УИХ-ын дарга аа” гэсэн юм.
Энэ нь ч шалтгаантай гэх бөгөөд сүүлийн нэг сар орчмоос эхлэн ИЗНН-ын удирдлагууд УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нараг намынхаа ямар ч үйл ажиллагаанд огт оролцуулахаа болиод байсан аж.