Буцах бэрд үнээ тугал нийлэх хамаагүй гэгч болж ирэх оны төсвийн хэлэлцүүлгийн үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эзгүй байв. УИХ, Засгийн газрын 22 гишүүн, бусад албаны бүрэлдэхүүнтэйгээр Шанхай хотноо болж байгаа Хятадын олон улсын импортын VII экспод оролцсон нь түмний нүдийг орой дээр нь гаргасан. Монгол төдийгүй Хятадын тал гайхаж, Шанхайн хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Монгол Улс хамгийн өргөн бүрэлдэхүүнтэйгээр экспод оролцож байна” гэхчлэн мэдээлж байв.

Арга ч үгүй биз. Өмнө нь ийм өргөн бүрэлдэхүүнтэйгээр экспо бүү хэл айлчлал ч хийж байгаагүй албаныхан хэлж байна.

Уг айлчлалын үеэр Шадар сайд Л.Гантөмөр, Хяналт үнэлгээний, Үндэсний хорооны дарга Э.Одбаяр нар гэнэт дуудагдаж очсон байж магадгүй талаар эх сурвалж хэлж байна.

Хамтарсан Засгийн газарт багтсан гурван намын төлөөллөөс гадна олон гишүүнийг айлчлалын бүрэлдэхүүнд багтаасан нь Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн кабинет урт настай, тогтвортой үйл ажиллагаа явуулахын илэрхийлэл гэх мессежийг түүний тойрон хүрээлэгчдээс илтэд цацаж буй нь Шанхайд ч иймэрхүү ойлголт өгөх зорилгоор олон хүнтэй, өндөр төсөвтэй айлчлал хийсэн байж мэдэх.

Гэхдээ Засгийн газрынхаа гишүүдийн талаас илүүг багтаасан энэхүү айлчлалын үеэр хэд хэдэн уулзалт протоколгүй хийсэн талаар Гадаад харилцааны яамныхан шивэр авир хийгээд эхлэв.  Мэдээлэл үнэн бол онц ноцтой алдаа завхрал гарцаагүй мөн юм.

Албан мэдээллээр Шанхайн хот төлөвлөлтийн үзэсгэлэнгийн танхимтай танилцан, Алибаба групп хамтран ажиллахаа илэрхийлж, Хятадын томоохон гүүр, туннелийн байгууламжтай танилцсан байгаа. Мөн БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай уулзаж, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын төслүүдийг эхлүүлэх шийдвэр баталгаажсаныг олон нийтэд мэдээлсэн. Энэ үеэр хоёр ч зээлийн хэдэлцээрийг хийхээр санал солилцсоны нэг нь Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц төслийн тусгайлсан зээлийн хэлэлцээр, нөгөөх нь Харилцаа холбооны салбарын хүртээмж, чанар, хяналтыг сайжруулах төслийн тусгайлсан зээлийн хэлэлцээр. Үүнээс улбаалан хамтарсан Засгийн газрын 14 мега төслүүдээс урд хөршид найр тавьж, “худалдчихаад” ирэв үү гэх бухимдалтай асуултыг эдийн засагчдаас Гүйцэтгэх засаглалын тэргүүнд хаяглаад эхэлж.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Шанхайд болсон дээрх экпод оролцохдоо “Манай өвөг дээдсийн сургаалд “Монголын За бол Андгай” гэсэн байдаг. Бид хэлцэл бол хэлцэл, гэрээ бол гэрээ хэмээсэн зарчимд тулгуурлан хөрөнгө оруулагчдад ээлтэй эрх зүйн орчин, цахим нээлттэй засаглал, харилцан ашигтай хамтын ажиллагааг эрхэмлэсээр ирсэн. Та бүхэнтэй харилцан суралцах, харилцан ашигтай түншлэн ажиллахад бэлэн байна” гэснийг нь нухацтай эргэн харахад буруудахгүй юм.

Тэрчлэн өвөг дээдсийн сургуул гэх халхавч дор тэр урд хөршид ямар АНДГАЙ өргөөд ирэв. ЗА бол АНДГАЙ юм хэмээн онцгойлон иш татсаны учир юув?!

Сааль сүүний цагаар саалиа орхиод үхчихдэг хүнийг ямар эхнэр юм гэдэг шиг ирэх оны төсөв, улс орны хөгжлийн асуудал яригдаж буй онцгой чухал өдрүүдэд Засгийн газрын талаас илүү гишүүнийг байнгын ажиллагаатай парламентын мөн тооны гишүүдтэй дагуулан одсон явдал Засгийн газрыг огцруулах хэмжээний шалтган мөн үү гэвэл мөн.

Учир нь уг айлчлалаас болж Засгийн газрын хуралдаан, тэр бүү хэл, байнгын ажиллагаатай парламентын үйл ажиллагаа саатаж, хуралдаагүй. Монголын улс төрийн түүхэнд ийм болчимгүй, дур зоргоороо авирласан эрх баригчид,  намын дарга урд хожид байгаагүйг он цагийн үйл явдлууд гэрчилнэ.

Үүнийг анзаарсан улс төр сонирхогчид Л.Оюун-Эрдэнийн урд хөрш рүү мордмогц улс төр хийж эхэлсэн Ш.Тэмүүлэнгийн бужигнааны цаад санаа нь төсөвтөө биш, протоколгүй уулзалтаасм олны анхаарлыг холдуулах байсан юм биш үү хэмээн хардаад эхэллээ.

Арга ч үгүй биз.

Парламентад гурав дахиа улиран сонгогдсон гишүүн, тэр дундаа Төсвийн байнгын хорооны дарга байсан нөхөр төсвийн хэлэлцүүлэг батлах шат руугаа орсон гэдгийг мэдсээр байж төслөө буцаа хэмээн попрох нь зөнөгрөх тэнэгрэхийн нэгэн, эс бөгөөс протоколгүй одсон гэгдэх намын даргынхаа фактыг саармагжуулан төөрөлдүүлэх улстөрийн зорилготой байж хэмээн хардахаас яалтай.

Ерөнхийлөгч хориг тавихаас эхлээд эрх зүйн бусад зохицуулалт бийг ч Г.Тэмүүлэн мэдлэхгүй байна гэж үгүй. Тэгэхээр түүний халаасанд ямар нэг улстөрийн санаа агуулсан сценари хуйлаатай явсан байж мэдэх л юм.

МАН олонх байх үедээ Засгийн газрынхаа оруулж ирсэн саналыг, тэр дундаа ирэх оны төсвийг унагаж, буцаан татахыг шаардаж байсан түүх үгүй. Тэд үнэмлэхүй олонхиор кнопдоод өнгөрдөг байсан нь үнэн. Тиймээс энэ удаад дотроосоо акц өрнүүлж, Ерөнхий сайдыг эзгүйчлэн Засгийн газрын эсрэг ноцсон нь Гүйцэтгэх засаглалыг тэргүүлэх, танхимыг бүрдүүлэх дараагийн эзэд тодорсонтой холбоотой хэмээн үзэх зарим нэгэн ч байна.

Хэрэв тийм бол Г.Тэмүүлэн хоосон хонгио үлээхийн оронд протоколгүй гэгдэх уулзалтаар улстөр хийвэл оновчтой бөгөөд сүртэй юм. Мега төслүүдээ, Чалко нүүрсний худалдаагаа найр тавиад ирчихсэн ч юм билүү, хэн мэдлээ. Г.Тэмүүлэн чинь Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга хүн шүү дээ.

Ямартай ч, нэгэнт батлагдах нь тодорхой болчихсон төсвийн төслийг задлан олны дунд шидэн бужигнуулсан явдлыг санаандгүй гэж итгэвэл гэнэн хэрэг болно.

Эл шуугианы дундуур Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын тэргүүнээсээ огцорч, дараагийн Ерөнхийлөгчид зүтгэх бэлтгэлээ базаахаар ачаагаа баглаад эхэлсэн гэх мэдээлэл эрчтэй яригдаж буйг хов гээд хойш хаяж ч болохгүй юм. Таабчиктай ээжээс болж огцорсон У.Хүрэлсүх төд удалгүй Ерөнхийлөгчид нэр дэвшээд гараад ирснийг бид даанч сайн мэднэ шүү дээ.