Ирэх онд төсвийн орлогын 95 хувийг бүрдүүлж байгаа татварын ачааллыг багасгахад төрийн өмчит аж ахуйн нэгжийн орлогыг нэмэгдүүлэх, хувьчлах, олон нийтийн өмчит болгох асуудалд ямар бодлого баримталж буй талаар Тэргүүн шадар сайд Л.Гантөмөр дараах тодруулгыг хийлээ.

Тэрбээр “Татварын орлогын тооцоололд хувийн хэвшлээс гадна төрийн өмчит компаниудыг хамруулж байгаа бөгөөд улмаар “Эрдэнэс таван толгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ зэрэг нь татварын хамгийн томоохон орлого бүрдүүлэгчид. Харин бид төсвийн хүрээний мэдэгдлийн төслийг хэлэлцэхдээ эдийн засаг дахь төрийн өмчит компаниудын оролцоог багасгаж, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх талаар ярилцсан. Иймд цаашдаа Монгол Улсын хөгжлийн төлөвлөгөөнийхөө үндсэн чиглэлд туссан улсын үйлдвэрийн газруудын үр ашгийн тооцоог богино хугацаанд хийж, хамгийн ашигтай компаниудын үйл ажиллагааг эрчимжүүлэх, зардлыг багасгах, үр ашгийг нэмэгдүүлэх, олон нийтийн хяналтыг бий болгох ажлыг хийж байна. Харин ашиггүй байгаа төрийн өмчит компаниудын үйл ажиллагааг зогсооно. Ер нь Засгийн газрын хэмжээнд төрийн өмчит компаниудын үйл ажиллагааг эрчимжүүлэх, менежментийг сайжруулах ажил хийж байна.

Парламентаас тусдаа Засгийн газрын бодлого гэж байхгүй. Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын 2025 оны хөгжлийн төлөвлөгөөг Улсын Их Хурал баталсан. Уг төлөвлөгөөнд эдийн засгийн өсөлтийг найман хувьд хүргэх зорилтыг тусгасан. Эдийн засгийн өсөлтийг найман хувьд хүргэхийн төлөө Засгийн газар ажиллана. Найман хувьд хүрнэ гэдэгт итгэлтэй байгаагийн шалтгаан нь импортын өсөлт идэвхжсэнтэй холбоотой. Тухайлбал, 2.9 тэрбум ам.долларын үйлдвэрлэлийн зориулалттай машин, тоног төхөөрөмж орж ирсэн байх жишээтэй. Ийм хэмжээний хөрөнгө оруулалт орж ирнэ гэдэг нь эргээд төдий хэрийн олборлолтын хүчин чадал нэмэгдэнэ гэсэн үг.

Мөн ирэх дөрвөн жилдээ дотоодоос дайчилж буй төсвийн зардлыг дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр хувийн ашигтай байхаар тооцож, гадны зээл тусламжийг авахдаа хоёр хувийн алдагдал хүлээхээр тусгаж оруулсан. Үүнээс Улсын Их Хурал татгалзсан. Улсын Их Хурлын байр суурь нь бүрэн эрхийн хугацаанд хадгалагддаг тул бид дөрвөн жилийнхээ төсөөллийг хийхдээ алдагдалгүй төсөв батлах бодлогыг баримтална” хэмээх тайлбарыг өгөв.