Ерөнхийлөгчийн засаглалын уршгийг БНСУ ганцхан цагийн дотор хангалттай харуулав. Манай улсын хувьд хэдийгээр парламентын засаглалтай ч Бодь групп төрийн эрхийг бариад байгаа юм биш биз гэх хардлага цахим орчинд үзэгдэж эхэллээ.
Ирэх оны төсвийн гацаа тус группийн сдалд эрх ашгийг хангахад чиглэж буй мэт сэжигтэй харагдаж байгааг иргэд хэлж байна.
Олон нийтийн зүгээс хардах, үг үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй… Эрхээ эдэлж байгаа нь тэр байх.
Төрийн тэргүүний хувьд ирэх оны төсвийг алдагдалгүй батлахыг үүрэгдсэн.
УИХ ч төсвийн төслийг дахин боловсруулж өргөн барих тогтоол Засгийн газарт хүргүүлсэн ч Засгийн газар хэдэн тоо танаад хэлэлцүүлгийн үе шатуудыг алгасан дүрэмгүй тоглохоо мэдэгдлээ. Хангалттай огцрох шалтгаан. Дүрэмгүй Засгийн газар цаашид юу ч хийж, хэлж мэднэ!!!
Тэд тоон үзүүлэлтээ орлого, зарлага нь 33.3 их наяд байхаар засварлажээ. Ингэхдээ урсгал зардлыг 1.4 их наядаар, хөрөнгийн зардлыг 0.8 их наядаар, гадаад зээлийн дүнг нөхөх 0.2 их наяд гэх байдлаар 2.4 их наядыг бууруулахаар болсноо тунирхан зарлаж байна. Ингэхдээ орлогоо ч бууруулан тооцсон нь шившигтэй л юм.
Тавилга авахгүй, гадаад, дотоод томилолтод тал үнээр зорчино гээд Ч.Номин сайдын 18.3 тэрбумын ваучерийг хасуутаа Хавдрын эмнэлгийн зураг төсөлд 7.9 тэрбум төгрөг нэмсэн нь анхаарал татаж байгаа. Дэмжсэн 47 гишүүний дийлэнх нь Х.Баттулга болоод Л.Оюун-Эрдэнийн гэх шошготой байгаа нь цахим орчинд идэвхтэй жиргэгч иргэдийн эгдүүцлийг төрүүлж орхисон байх.
Тэд Хавдар-2 төсөл олон нийтийн дэмжлэг хүлээхүйц харагдавч үнэн чанартаа Бодь группт зориулсан захиалгат “хоол” хэмээн түрүүчээсээ зангаад эхэллээ.
Арга ч үгүй биз.
Хавдрын эмнэлэг шаардлагатай бол, үнэхээр өвдсөн зовсон хүнээ бодож буй бол Хөгжлийн банкнаас зээл аван байж Япончуудтай хамтран барьж ашиглалтад оруулчихаад байгаа УИХ-ын гишүүн асан М.Билэгтийн автортай Хавдрын эмнэлгийг яагаад ашиглаж болохгүй гэж. Яагаад засч залруулж болохгүй гэж… Зээлээ төлж чадаагүй үндэслэлээр Хөгжлийн банкинд буюу Улсын мэдэлд хураагдчихсан байгаа бэлээхэн эмнэлэг байсаар байтал заавал шинэ эмнэлэг гэхийн учир юун.
Эмнэлгийн зөвхөн зураг төсөлд шаардлагатай гэх 7.9 тэрбум төгрөгийг бүсээ чангалан зүтгэх ёстой энэ цагт, ирэх оны төсөвт суулгахын төлөө улайрах нь тийм ч зөв харагдахгүй байгаа нь үнэн. Зураг төсөл батлагдан барилгын ажил явагдтал дор хаяж 7-8 жил шаардлагатайг мэргэжилтнүүд хэлж байна. Гэтэл ганц жил өнжихөд 4500 хүний амь эрсдэх аюултай гэх атлаа бэлэн байгаагаа эмнэлгийг бус хоёр ч парламент дамжин ашиглалтад орох барилгын төлөө зүтгэх нь эргэлзээ төрүүлж буй юм.
Хавдар-2 эмнэлгийн зураг төслийн тендер зарлаж шалгарсан компани нь Бодь пропертийз.
Урт цагааны гудамжинд баригдах 198 машины зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулах тендерийг халаасласан, 300 тэрбумын бондын тусламжаар Бөөрөлжүүт цахилгаан станцынхаа 150 Мгв хүчин чадалтай нэг блокыг ашиглалтад оруулсан гэх өнөөх Бодь.
Цахилгааны тарифын нэмэгдэл ч дээрх станцид буюу Д.Баясгалангийн эрх ашигтай огтлолцдогийг реформ хийнэ гээд сураг алдарсан үйл явдлуудаас нь харж болох байх.
Монголд Бодь-гүй зүйл байхаа больж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ирэх оны төсвийг бүхэлд нь гацаан, хуулийн гаргалгаагүй болгосон нь ч Бодь-ийн эрх ашгигт үйлчилсэн явдал юм биш байгаа гэлцэж буйг анзааралгүй орхичиход хайран өнцөг.
Гэхдээ Д.Баясгалан гэхээсээ илүүтэй А.Амундрагийн тоглолт хэмээн хуучин бууны хугархай болсон улстөрчид хэлж байгааг панчан төдийд тамшаалаад хаяж бас болохгүй юм.
Ц.Элбэгдоржийн пиарчин гэгдэх А.Амундраг улс төр бизнесийн хүрээнийхэн бүгд мэдэх биз. Нүглийг буян, буяныг бузар болтол эргүүлдэг гэх түүнийг Ц.Элбэгдоржгүйгээр төсөөлөхөд бэрх он жилүүд олон. Бодь-ийг ч А.Амундрагаас салгаж ойлгох түвэгтэй.
А.Амундрагаар ахлуулсан Ц.Элбэгдоржийн пиар баг М.Энхболдын мэдэлд шилжиж байсан удаа ч бий гэх ч Н.Алтанхуяг, Э.Бат-Үүл нарыг өвдөг шороодуулсантай адил М.Энхболд амжилт олоогүй. Хожим Нийслэлийн Засаг дарга асан Су.Батболдын сурталчилгааг хариуцсан ч бүтэлгүйтсэн. Сүүлд МАН-д элсэж, маргааш нь Ерөнхий сайдын зөвлөх болж байв.
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын асуудал шалгагдаж эхлэхтэй зэрэгцэн МАН-ын батлах өвөртлөн Л.Оюун-Эрдэнийн зөвлөх болсон явдлыг эерэгээр ойлгоход түвэгтэй. Төмөр замын ерөнхий гүйцэтгэгч Бодь интэрнейшнл ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар 2017 онд томилогдон ажиллаж байсан нь сонсголд гэрчээр дуудагдахад хүргэснийг ч уншигчид мэдэх биз. Чухамдаа А.Амундра МАН-д ирсэн цагаас эхлээд өдгөө Бодьгүй бүтээн байгуулалт Монголд үгүй болсон гэчихэд хэтрүүлсэн болохгүй байх.
Нөгөөтэйгүүр, Х.Баттулга, Ц.Элбэгдорж нар энэ цагийн улстөрийг хөглөөд, хөг эгшгийг нь тааруулаад яваа байж мэдэхээр харагдаж буйг хэлэх хэрэгтэй. Магадгүй тэд хэзээ ч салж байгаагүй байх. Өөрсдөө ч бид хонь, чоно болсон гэлцдэг болохоос харагдаж буй үйл явдал, фактууд тэднийг хол харагдуулдаггүй.
АН-ыг талцуулан алалцуулаад байсан нь сайтар бичигдсэн драм байхыг хэн байг гэх юм.
Ц.Элбэгдоржийн хадам болоод худ талууд Х.Баттулгатай нягт холбоотой нөхөд гэдгийг хэвлэлүүд улиг болтол бичиж байв.
Монгол Улсын Тэргүүн хатагтай асан Х.Болормаагийн төрсөн дүү, Б.Хурцын худ Х.Болдбаатар Х.Баттулгын хувийн туслах, жолоочоор ажиллаж байсан бөгөөд Х.Баттулга түүнийг шар таксины босс болтол дэмжсэн гэдэг. Ц.Элбэгдоржийн хүү Э.Эрдэнэ аавынхаа найз Х.Чинболдын охин Ч.Ариунжаргалтай гэр бүл болсон. Мань Х.Чинболд гэгчийн нэр дээр бүртгэлтэй Монголбетон дэр ХХК нь Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч, Х.Баттулгыг Зам, тээврийн сайд байх үеэс Монголын төмөр зам ТӨХК-тай 20 орчим сая ам.долларын хоёр ч гэрээ байгуулж, Тавантолгой-Гашуунсухайт болон Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бетон дэр нийлүүлсэн зэрэг мэлзэхийн аргагүй баримтуудыг ergelt.mn сайтаас эргүүлээд, лавлаад үзчихэд гэмгүй байх. Эл үзүүр хөвөрсөөр Х.Баттулгын Шинэ төмөр замын хэрэгтэй холбогддог талаар тус сайтаас дэлгэрэнгүй үзэж болохоос гадна бид ч дараагийн дугаарт жич хүргэх тул энд орхиё.
Ц.Элбэгдоржийн худ ураг, ураг төрлийн үзүүр бүрт Х.Баттулга руу хөтөлж очдог жим үүгээр тогтохгүй. Х.Баттулгаас Хөдөлмөрийн баатар цолоо гардсан Н.Удаанжаргалын оронд Тавантолгой төмөр зам ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилогдсон Н.Будбаяр мөн Ц.Элбэгдоржийн худ Х.Чинболдтой халаас нэг нөхөр гэж байгаа. Н.Будбаярын барьсан орон сууцанд Ц.Элбэгдоржийн бэр эгч амьдардаг талаарх мэдээлэл нэг хэсэг сошиал орчинд зураг хөрөгтэйгээ тархаж байгаад намжсан.
Олон хөлтэй бэлцгэнэсэн аалз мэт энэхүү ураг төрлийн хэлхээ үе үеийн Тагнуулын ерөнхий газрын дарга нар руу ч хөтөлнө.
Ц.Элбэгдоржийн хадам дүү Х.Болдбаатарын бага хүү Б.Чилүгэн нь ТЕГ-ын дарга асан Б.Хурцын охин Х.Намуунтай гэр бүл болж түмний чихийг дэлдийлгэсэн. Б.Хурцын тухайд Х.Баттулгын үед ТЕГ-ын дарга байсан Д.Гэрэлтэй бизнесийн хамтрагчид гэдгийг мөн л хэвлэлүүд ханатал мэдээлж байсан тул энд дурьдах илүүц биз.
Сахал хочит Д.Эрдэнэбилэг Хөтөлийн мецент шохойн үйлдвэрээ булаалгасан гэх ч өдгөө гүйцэтгэх захирлаар нь ажиллаж буй Л.Элдэв-Очир Б.Хурцын худ байх нь хоржоонтой. TDB-гээр босгуулсан үйлдвэрийг MCS-ийн дэд Ерөнхийлөгч, Баянхонгор аймгийн МАН-ын хороон дарга байсан нөхөр удирдана гэдэг ёстой л хувь заяаны шоглоом биз.
Шувуу ажиллагаагаар дайчлагдаж ирсэн Т.Бадамжунай ч Б.Хурц болоод Х.Баттулгаас төдий хол биш. Т.Бадамжунайн төрлийн хүн гэгдэх З.Энх-Амар Б.Хурцын аавтай нэгэн үе бизнес хамтрагчид байгаад ааваас нь хойш Б.Хурцын хүүтэй хамтардаг бол Т.Бадамжунайн худ, Шинэст компанийн Ерөнхий захирал Т.Энхбатын дүү Мишээл групп ХХК-ийн эзэн Т.Энхболдсодон гэх нөхөр Сингапурын тэрбумтан Билли Лим Сан Пау гэгчтэй Мишээл мега молл ХХК-ийг хамтран эзэмшдэг мэдээлэл бий. Билли Лим Сан Пау нь Х.Баттулгатай Баянгол зочид буудал, Мах импекс ХХК-ийг хамтран эзэмшдэг гэхээр Х.Баттулга Т.Бадамжунай нар тэгтэл холдох нөхөд биш байгаа юм.
Магадгүй Ц.Элбэгдорж, Х.Баттулга, Т.Бадамжунай, Да.Ганболд нар тун ойр байж мэднэ.
Энэ өвгөд МАН-ын даргаар Л.Оюун-Эрдэнийг, АН-ын даргаар Лу.Гантөмөрийг өрж зоосон байхыг хэн үгүй гэхэв. Л.Гантөмөрийн зөвлөхөөр Б.Хурц, Л.Оюун-Эрдэнийн зөвлөхөөр Х.Баттулга байсныг мартаж үл болно. Л.Гантөмөрийг улс төрд оруулсан хүн нь Да.Ганболд.
Ц.Элбэгдорж, Да.Ганболд нар улстөр дэх нэг тогоооны тоглогчид гэдгийг адгийн тэнэг ч мэдэх биз.
УИХ-д өрсөлдөөд хэдэнтээ өвдөг шороодсон Да.Ганболд Л.Гантөмөрийг Ц.Элбэгдоржид даатгаж үлдээсэн гэдэг. 2008 оноос Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажлын үеэр Л.Гантөмөр Ц.Элбэгдоржоос сайхан хүн үгүй гэх сурталчилгаа хийж явсныг улстөр сонирхогчид мартаагүй байх.
Тэгэхээр 2016, 2020 оны сонгуулиар гэдсэндээ хөлөө жийлцэж байсан АН гэнэт эвлэрч, Х.Баттулга буулт хийн Л.Гантөмөрийг гаргаж ирсэн шалтгааны цаадах улстөр дээрх өвгөдийн бүтээсэн бэлцгэр аалзны сунгаж татсан тор байх магадлал маш өндөр байна.
С.Зоригийн хэргийн захиалагчаар Ц.Элбэгдоржийг зарлаж, Ц.Элбэгдорж ч Л.Оюун-Эрдэнийг байж ядтал зүхсэн үйл явдлууд холбоо сүлбээгээ нуух гэсэн тоглолт мэт харагддагийг хэлэх хэрэгтэй.
Улстөр бол тайз, улстөрчид бол сайтар бэлтгэгдсэн жүжигчид шүү дээ.
Тэгэхээр, МАНАН бүлэглэлтэй Л.Оюун-Эрдэнэ тэмцэх бус МАНАН бүлэглэлийнхээ сонгогдсон хүүхэлдэй нь болчихсон яваа байж мэдэх л юм.
Үргэлжлэл бий…