-Францаас авлигал авсан гэх ТӨРийн өндөр албан тушаалтан хэн бэ-

Франц улс Арева, Орано майнинг С.А.С зэрэг групп компаниудаа Монгол Улсын Төрийн өндөр албан тушаалтан, бизнс эрхлэгчдэд их хэмжээний авлигал өгсөн хэргээр буруутгаж, буруутгаснаа нотолж, буруутгагдсан компаниуд худал гэж мэлзэлгүй торгууль шийтгэлээ хүлээсэн хэрэг явдлууд өрнөж, тэдгээрийг нь Монголын ард иргэд олж мэдэн шуугиж байна. Ийм байтал Монголын ТӨРийн өнөөгийн эрх баригчид гэрээ хэлцлээ хойш тавьж, Францын талаас их хэмжээний авлигал авсан нөхдийг хууль хяналтын байгууллагад шилжүүлээд, авлигал өгөн барин улайрч буй Францын нэр бүхий компаниудын эзэмшиж буй лицензүүдийг түр түдгэлзүүлэх журмаар асуудалд хандах ёстой баймаар… Гэтэл олон нийтээ орилуулан шуугиулан гэрээг үзэглэхээр улайрч буй нь их хэмжээний авлигал авчихаад, авлигынхаа хариуг барьж гэрээг зурж өгчихөөд огцрох нь огцорч зайлах гэж байна уу гэх хардлагыг илтэд төрүүлж байгааг хэлэх хэрэгтэй.

Түүх давтагдах вий. Л.Оюун-Эрдэнэ биш гэхэд Ц.Туваан, Л.Гантөмөр тэргүүтэн хэдэн жилийн хойно төмөр торны цаана суух вий…

2008 онд Стандарт бус Засгийн газар буюу МАН төрийн эрхийг атгаж байсан ч АН-ыг аягачнаар авч Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний шанг татан, Сү.Батболдын танхим баталгаажуулсан. Д.Дэмбэрэлийн тэргүүлсэн УИХ 57 дугаар тогтоолыг батлан Засгийн газарт чиглэл болоод зөвшөөрөл өгч байв. 2009.10.06-нд Монгол Улс тусгаар тогтносноосоо хойш анх удаа бие даасан хамгийн том хөрөнгө оруулалт гэрээг үзэглэсэн хэмээн тухайн үеийн Ерөнхий сайд, Сангийн сайд, Эрдэс баялгийн сайд нар дүүлэх нь холгүй хөөрцөглөснийг мартах цаг болоогүй байна.

Харамсалтай нь үүнээс 10 хүрэхгүй жилийн дараа Оюутолгойн гэрээ Монголд ашиг бус алдагдал авчирсан гээп С.Баяр, С.Баярцогт нарыг саатуулсан. С.Баярыг гэрээг үзэглэх эрхийг нэр бүхий Засгийн газрын гишүүдэд олгон мөн өдөр хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах нөхцөлийг бүрдүүлсэн хэмээн буруутгаад зогсохгүй албан тушаалын байдлаа ашиглан Петровисын шатахууныг Оюутолгойд шахахад нөлөөлсөн гээд ял оноож байв.

Сангийн сайдаар ажиллаж байсан С.Баярцогтыг Оюутолгойн гэрээгээр буруутгасан.

Түүнтэй хамт Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Б.Ариунсан, Эрдэнэс Оюутолгой компанийн гүйцэтгэх захирал Д.Ганболд, Татварын ерөнхий газрын Татварын удирдлага хамтын ажиллагааны газрын дарга Б.Бадрал нарыг шалгасан. Анзаарвал АН-ын батлахт нөхөд л шүүхийн хаалга сахиж, эцэст нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр салж байв.

Дубайд үзэглэсэн гэрээний уршгаар Ч.Сайханбилэг эх орондоо хөл тавьж чадахгүй хилийн чанадад хэсүүчилж яваа. Гавьяаг нь МАН, гайг нь АН үүрдэг жишиг.

…  Энэ удаад Монгол Улсын Засгийн газар ураны гэрээг үзэглэх гэж байна. Монгол, Францын хамтарсан Бадрах Энержи ХХК-ийн хөрөнгө оруулагч “Орано майнинг С.А.С” компанийн хооронд байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ үзэглэхийг энэ сарын 10-ны өдөр чуулганы хуралдаанд оролцсон УИХ-ын гишүүдийн 72 хувь нь дэмжчихээд байгаа. Ордны гадна “Засгийн газар Огцор” жагсаал болж олны анхаарал сарнисан цагаар ураны гэрээг гишүүд дэмжиж, Засгийн газар нь гарын үсэг зурахаар болсон нь энэ.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “28 жилийн дараа олон улс судлаач Д.Баярхүүгийн хэлсэнчлэн гео стратеги, гео политик, гео эдийн засгийн асар өндөр ач холбогдолтой уг төсөл УИХ-ын босгыг давлаа. Уг төслийг УИХ-аар хэлэлцүүлэхэд бэлтгэсэн Засгийн газар, төслийн ажлын хэсэгт УИХ-ын нэрийн өмнөөс тусгайлан баяр хүргэж амжилт хүсье. Мөн Монгол Улсын эдийн засагт онцгой ач холбогдолтой төслийг идэвхийлэн дэмжиж,и ажлын хэсэгт болон байнгын хорооны хуралдаанд идэвхтэй оролцсон УИХ-ын гишүүддээ талархал дэвшүүлье” хэмээн баярласандаа бархирна гээч болж яваа.

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал “Дэлхийн улс орнууд стратегийн ач холбогдолтой гэрээг ил тод хэлэлцдэггүй. Харин манай улс Ураны хөрөнгө оруулалтын гэрээг анх удаа нээлттэй хэлэлцэж, ил тод улс гэдгээ харууллаа. Тодруулбал, манай улс Ураны хөрөнгө оруулалтын гэрээг ил тод хэлэлцсэн дэлхийн анхны улс болж байна” гэж нэмж баяслаа.

Ураны орд бол стратегийн орд гэдгийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, УИХ-ын гишүүд ч тодорхойлсон. Гэсэн атал Үндэсний баялгийн сангийн хуулиар 34 хувь нь Монголын төрийн эзэмшил байтал энэ цагийн эрх баригчид стратегийн ордын 34 хувиас татгалзаж, тэр тэнгэлэлээ татвараар орлуулна хэмээн нүглийн нүдийг гурилаар хуурсан гэмт шийдвэр гаргачихлаа. Үүнийг зүтгүүлсэн хүнийг Францын талаас их хэмжээний авлигал авсан гэх мөнөөх нөхдийн нэг биш биз гэж хардахаар…

“Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг орлуулах тухай” УИХ-ын тогтоолд төрийн эзэмшлийн 34 хувиа авахгүй, 10 хувийг нь давуу эрхийн хувьцаагаар, 24 хувийг нь АМНАТ-өөр орлуулахаар тусгаад зогсохгүй үүндээ мөн хөнгөлөлт үзүүлж суурь АМНАТ таван хувь, түүнийгээ дахиад тусгай төлбөрөөр үнэлгээтэй холбогдуулаад тогтоож байхаар тусгасан байгаа нь цочирдом. Өөрөөр хэлбэл, Францын тал олборлосон уранаа борлуулах зэрэгт гаргасан маркетинг менежментийн зардлаа Монголын талд оруулсан хөрөнгө оруулалт гэж тооцуулаад суурь таван хувиасаа хасуулах юм байх.

Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн “Монгол шиг хайгуул хийсэн улс нь баялгийг эзэмшиж байгаа улсаасаа их хувь авдаг улс дэлхий дээр хаана ч байхгүй. Хайж олоод баялгийг эзэмшиж байгаа улсаасаа 66 хувийг авдаг улс ганцхан Монгол. “Би баялгаа гаргалаа 50 хувь авна” гэж бид хэлж чадахгүй байна. Одоо сүүлдээ хувиа нөөцийн төлбөр рүү оруулаад хяналт тавьж чадахгүй болно. Хяналт тавьж чадахгүй болохоор зардлаа өсгөнө. Яг л Оюутолгойн байдал руу орж байна” гэдгийг тодорхой хэлэв.

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал ч “Манай улс 24 хувиа тусгай төлбөрт орлуулж байгаа. Тусгай төлбөр нь таван хувь байхаар хавсралтаар оруулж ирсэн. 10 тэрбум ам.долларын ашиг олбол 500 сая ам.доллар болно. 24 хувиар тооцвол 2.4 тэрбум ам.доллар болно. 51 хувийг бусад татвараар авах нь үүнд ямар ч хамаагүй. Бид 34 хувийнхаа 10 хувийг давуу эрхийн хувьцаагаар, 24 хувийг нь АМНАТ-өөр авах гээд байгаа. 24 хувь чинь таван хувьтай тэнцэж байгаа гэж ажлын хэсэг оруулж ирээд байна. Хоёр өөр тооцооллыг нэгтгэж ташаа мэдээлэл өгөхөө боль” хэмээн буруутгалаа.

Иргэн бүр хувьцаа эзэмшдэг Тавантолгойн 34 хувийг төр эзэмшиж, давхар АМНАТ авдаг. Эрдэнэт ч ялгаагүй. Гэтэл Францын талд яагаад ингэтэл найр тавих болов?! Гарцаагүй НО харагдаж байна, гарцаагүй хэн нэгний улайрал харагдаж байна.

Уранаа олборлосон улс цөмийн хог хаягдлаа өөрсдөө авч далдруулах ёстой.

Хог хаягдлаа Монголын тал хариуцна гэсэн үг. Хортой утааныхаа учрыг олж чадахгүй байгаа улс цөмийн хог хаягдлыг шийдэж чадах уу?!

Тэгэхээр энэ гэрээнээс Монголын тал яг юу хожих гээд байгаа юм бол…

Ц.Туваан салбар хариуцсан сайд болсон цагаасаа Зөөвч-Овоогийнхонтой сүлбэлдэж, гишүүд, сэтгүүлчдийн багийг байсхийгээд тэр зүгт мордуулсаар эцэстээ клуб байгуулан хэвлэл мэдээллийнхний дунд ураныг сайнаар сурталчлах уралдаан хүртэл зарлачихсан гэж байгаа. Энэ байдлаас нь харвал мань эр Францын компаниас их хэмжээний авлигал авсан гэгдээд буй төрийн өндөр дээд албан тушаалтны гар хөл биш биз. Зөв зүйл бол ингэж улайрсан улайраагүй голдиролдоо орчихдог гэдгийг эрүүл ухаантай бүхэн мэднэ.

…Давчдан зүтгүүлж буй ураны төсөл бэлтгэл хангах, үйлдвэрлэх, нөхөн сэргээх гэсэн 3 үе шатаас бүрдэж 47 жил үргэлжилнэ. 2024-2027 онд бэлтгэл ажлаа базааж, 2028-2060 онд бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх бол нөхөн сэргээх ажил нь 2061-2070 онд үргэлжлэх төлөвлөгөөтэй гэж байгаа.

Бүтээн байгуулалтын явцад 60 хувь, олборлолт эхлэхэд 90 хувь нь Монголчууд байж, аль ч улсын мэргэжилтэнтэй ижил түвшинд үнэлэгдэж ажил эрхэлбэл 7-12 сая төгрөгийн цалин хөлс авахаар гэрээнд тусгасан гэдгээр төслийг зүтгүүлэгчид үнэнийг халхавчилж байх шиг.

Харамсалтай нь, Оюутолгойн гэрээнд ч ийм заалт тусгагдсан боловч өнөө хэр хэрэгждэггүй маргаан дагуулсан сэдэв хэвээр гэдгийг бүгд мэднэ. Тэгэхээр уран олборлохыг эсэргүүцлээ гэх илтэд гуйвуулсан тайлбаруудын цаана адгийн муу гэрээ хэлцлээ зүтгүүлж буй эрх баригчид зогсхийх , хэлцлийн ширээнд дахин суух нь зүй юм. Уран олборлохыг биш уранаа олборлуулах гэрээний нөхцөлд, ураныг олборлох гэж буй Францын компанид олон нийт дургүйцлээ илэрхийлэн эсэргүүцэж байна.

126 гишүүнтэй парламент өчигдөр завсарлах товтой ч Л.Оюун-Эрдэнийн зүтгүүлж байгаа төмөр замын асуудлаас улбаалан чуулганы хуралдааныг 7-14 хоног сунгах сураг дуулдаж байна. Тэгэхээр баталсан, хэлэлцсэн бшдээ эргэж харах нь энэ улсын төлөөх зөв зүйл болно.

Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн  газраар авторлагдан Ц.Туваан лай ланчгийг нь үүрч мэдэх өөр нэг мега нь Гашуунсухайт-Тавантолгойн төмөр зам. 14 жил гацсан төслийг гацаанаас гаргалаа хэмээн цээжээ дэлдэж байгаа ч Монголын талд ашигтай заалт бий эсэх нь эргэлзээтэй.

Чайна энержи төмөр зам холбох ажлыг өөрийн зардлаар хийнэ. Хариуд нь Монголын Засгийн газар Чайна энержид хөрөнгө оруулалтаа нөхөх боломж олгон Тавантолгойгоос хэсэгчлэн нэг тэрбумын нөөцтэй хоёр хэсгийг өгнө гэж байгаа.

Ингэхдээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК Бортолгой, Ончхараат ордоос БНХАУ-ын Чайна энержи компанид 2025-2029 оны хооронд 27 сая тонн нүүрс нийлүүлнэ. 2030 оноос жилд 20 сая тонн нүүрс нийлүүлнэ.  2041 он гэхэд нийт 247 сая тонн нүүрс нийлүүлэх үүрэгтэй. Бартер хийхгүй, нүүрсний төлбөрийг урьдчилж авахгүй гэнэ. Тэрбайтугай олборлолт, тээвэрлэлтээ Чайна энержи өөрсдөө хийх тул монголчуудад ажлын байр гарахгүй. Ерөөсөө Монголын талд падлийгүй гэсэн үг.

УИХ-ын гишүүн, Инноваци, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргал “Нүүрсийг биржээс гадна шууд гэрээлж болно гэсэн агуулгатай хуулийн өөрчлөлтийг УИХ ноднин жилийн долдугаар сарын 23-нд хийсэн. Үр дүнд нь Чайна Энержи компани төмөр зам барих нь тодорхой болж байна” гэсэн нь эргэж харахуйц утга байж… Чайна энержид зориулан хуулиа өөрчилж  хэмээн ойлгогдож байна.

Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар цар тахлын үеэр энэ компаниас 250 сая ам.долларыг хүүтэй зээлсэн байсан. Харамсалтай нь үүний хариуд нь Засгийн газар зөвхөн тус компанид ашигтай байх нөхцөлийг бүрдүүлээд зогсохгүй нөөлөгт нь Тавантолгой, Энержи ресурс зэрэг үндэсний хөрөнгө оруулалттай компаниуддаа халтай байх, хаалгаа барьж мэдэх эрсдлийг үүсгэчихээд, түүнээ юман чинээнд бодохгүй чичрэн зүтгүүлж буй нь цочирдом. Үүнийгээ гацаанаас гаргалаа гэхчлэн бардам ярих нь ой гутам харагдаж байгааг хэлэх хэрэгтэй.

Чайна энержи олборлосон нүүрсийг Биржийн үнээр тооцохгүй. Нүүрсний үнэ БНХАУ-ын Чалко компанид одоо нийлүүлж буй нүүрсний үнээс илүүгүй байна гэх заалттай. Тэгэхээр биржийн үнээр тооцохгүй болохоор татварыг хэрхэн тооцох нь тодорхойгүй хэвээр үлдэж байгаа юм. Үүний цаад талд биржээр үнээ тооцуулдаг үндэсний компаниуд үүдээ барих нь зайлбаргүй.

Ийм л гэрээ хэлцлүүд нэрт бантан зуурагдаж, түүнийг нь хэвлэл гэгдэх хэвэн сайтууд үр дагавар, хор уршгийг нь тооцолгүй магтан дуулж буй нь эмгэнэлтэй.