Чуулганы хуралдаанаар Засгийн газраас 2024.12.25-ны өдөр өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Төрийн байгуулалтын байнгын хороо 2025.01.15-ны өдрийн хуралдаанаараа төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны  санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир танилцуулсан. Тэрбээр, Монгол Улсын Засгийн газраас 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурал 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлснийг дурдаад Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.14 дэх хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтоос зарчмын зөрүүтэй 1 санал ирүүлснийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнийг онцоллоо.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтоос  төслийн 2 дахь заалтыг хасах зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 54.8 хувь нь дэмжив. Иймд уг төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн.

Хуралдаан Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 04 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр үргэлжилэв.

Төслийн анхны хэлэлцүүлэг явуулсан талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Заяабал танилцууллаа. Тэрбээр, Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулийн зарим хэсэг, заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 04 дүгээр дүгнэлтийг Улсын Их Хуралд 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр ирүүлснийг Улсын Их Хурлын чуулганы 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн, хүлээн зөвшөөрч “Үндсэн хуулийн цэциин 2024 оны 04 дүгээр дүгнэлтийн тухай” 57 дугаар тогтоолыг баталсан гэв.

Мөн Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 04 дүгээр дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Татварын ерөнхий хуульд зохих нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг судлан хуулийн төспийг боловсруулж, Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Төсвийн байнгын хорооны 2025 оны 02 дугаар тогтоолоор Улсын Их Хурлын гишүүн Б.Заяабалаар ахлуулан, Улсын Их Хурлын гишүүн П.Ганзориг, Б.Мөнхсоёл нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан. Дээрх ажлын хэсгээс Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтэд нийцүүлэн иргэний халдашгүй, чөлөөтэй, хувийн мэдээлэл болон алдар хүнд халдашгүй байх эрхийг хязгаарлах зохицуулалтыг тодорхой, нарийвчлан тусгасан хуулийн төслийг боловсруулсан гэж байлаа.

Төсвийн байнгын хороо 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуралдаанаараа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.5 дахь хэсэгт заасны дагуу Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед хуралдаанд оролцсон гишүүдээс төслийн талаар зарчмын зөрүүтэй санал гараагүй тул Улсын Их Хурлын гишүүн Б.Заяабал Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.24 дэх хэсэгт заасныг үндэслэн хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээс эцэслэн батлах шат руу шилжүүлэх горимын санал гаргасныг гишүүдийн олонх дэмжсэнийг Б.Заяабал гишүүн танилцуулгадаа онцолсон.

Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат, П.Сайнзориг, Х.Баасанжаргал нар асуулт асууж, үг хэлсний дараа Байнгын хорооны саналаар “Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах руу шилжүүлэх горимын санал гаргасныг дэмжье” гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Иймд хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.