УИХ-ын гишүүн Ө.Шижир Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд асуулга тавьжээ.
Тэрбээр “Монгол Улсын Үндсэн хуулийн 6.2 дахь хэсэгт “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно”, мөн Ашигт малтмалын тухай хуулийн 5.1, 5.4, 5.5, Үндэсний баялгийн сангийн 11.1.2-т тус тус заасан ашигт малтмалын орд газруудын үйл ажиллагаанаас ард түмэнд үр өгөөжийг хүртээх асуудал, төр нийтийн өмчийн асуудлуудын талаар Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэд 2025.01.31-ны өдөр асуулга тавьсан.
Тиймээс миний бие УИХ-ын гишүүний хувьд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд дараахь асуулгыг тавилаа:
– УИХ 2007 онд 16 ордыг стратегийн ордод хамруулсан атал талаас илүүг нь яагаад төр эзэмшээгүй талаар,
– Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд стратегийн ордуудын 34 ба түүнээс дээш хувийг төрийн мэдэлд авах ажлын явцын талаар
– УИХ, Засгийн газрын тогтоол шийдвэргүйгээр 2015 онд Энержи Ресурс компани гадаадын аж ахуйн нэгжтэй байгуулж, үндэсний аюулгүй байдалд эрсдэл үүсгэсэн “Харилцан ойлголцлын санамж бичиг”, “Ганцмод-Гашуунсухайт боомтын төмөр замын төслийн санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр”-ийн талаар,
– Дээрх баримт бичгийн үр дүнд 13.97 тэрбум юанийн алдагдлыг дурдаж, цаашид энэ алдагдлыг нэхэхгүй болсныг гадаадын аж ахуйн нэгж дурдсан байна. Энэ нь улсын эрх ашгийг хангах чиглэлгүйгээр Энержи Ресурс компанийн байгуулсан хэлэлцээр нь хөрш хоёр улсын найрсаг харилцаанд сэв суулгах хүртэл эрсдэл үүсгэж болох байсан бөгөөд энэ хэлэлцээр байгуулахад дэмжлэг үзүүлсэн албан тушаалтнуудаас тодруулга авах талаар,
– С.Баярын Засгийн газар 2008 онд яагаад нөхөн төлбөр гэдэг үндэслэлээр мөнгөн хөрөнгө биш стратегийн нүүрсний ордыг Энержи Ресурс компанид эзэмшүүлсэн талаар
– Ч.Сайханбилэгийн Засгийн газар 2015 онд Энержи Ресурс компанид нөхөн төлбөр болгож, 2012 оны ам.долларын ханшаар 60.3 сая ам.доллар олгосон талаар тус тус асуулга тавилаа.
Улсын их хурлын гишүүний асуулга нь ягаан, асуулт нь шар бланкан дээр хэвлэгддэг юм байна” гэжээ.