“Улс төр бол тэмцэл”… Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ойрын хараа нь энэ аж. Тэр Өдрийн сонинд өгсөн ярилцлагдаа ийн хэлжээ.

Тэрбээр хаврын чуулган эхлэхийн эхлэхийн өмнө улс төрийн нөхцөл байдал болоод хамтарсан Засгийн газрын хийж, хэрэгжүүлж буй ажил байдлын талаар гэхээс илүүтэй сүүлийн үеийн хов жив, аар саархан асуудалд хариулт өгсөн ярилцлагыг Өдрийн сонинд өгсөн нь Ерөнхий сайдаа чамлах сэтгэгдлийг олон нийтэд төрүүлээд байгаа. Тэрбээр сэтгүүлчийн асуултад онож хариулсан нь ховор төдийгүй зарим асуултад огтын хамааралгүй сэдэв ярьсаар дуусгасан нь өмнөхи үеийн бүх Ерөнхий сайд нараас тохой дутуу хүн юм гэх үнэлэлтийг уншигчдаас авсан байх.

Тэр Монголын Ардчилсан Социалист Залуучуудын холбооны Ерөнхийлөгчөөр У.Хүрэлсүх ажиллаж, УИХ-ын гишүүнээр сонгогдсон, Х.Баттулга улс төрийн хаалга татан мөн парламентын босго давсан он цагийг байсхийгээд дурьдсан нь эрхгүй анхаарал татаж буй юм. Түүний дурьдсан цаг үед Ерөнхийлөгчөөр Н.Багабанди улиран ажиллаж байв.

Л.Оюун-Эрдэнэ өөрөө Дэлхийн зөн ОУБ-ын Хэнтийн салбарт ажиллаж байсан цаг үе шиг байгаа юм.

Н.Багабанди У.Хүрэлсүхийг улс төрд замчилсан бөгөөд У.Хүрэлсүх ч багшаа гэж хүндэлдгээ нуудаггүй. Харин Л.Оюун-Эрдэнийг улс төрд хөтөлсөн нь У.Хүрэлсүх байх.

Тэрбээр Х.Баттулгын талаарх асуултад жүжигчин бүсгүйн тухай ярьсан нь ярилцлагын туршид өндийх аядаж байсан нэр төрөө өөрийн гараар баллууодсан гоомой явдал болсон. Улмаар Х.Баттулга гэх хүнтэй үзэл бодол таардаг, таардаггүй олон зүйл бий гэсэн нь үзэл бодол тааралгүй хаалга савж гарах бүрт улстөрд шуурга дэгдэн Л.Оюун-Эрдэнийг огцруулах асуудал хөндөгддөг юм биш биз гэх хардлагыг төрүүлж байсныг хэлэх хэрэгтэй.

Х.Баттулга 65 суудалтай МАН-ыг хагалж, Засгийн газрыг УИХ-ын даргатай нь огцруулж, сайд захиалж намаа таллаж талцуулсан гэх улстөрийн ороо бусгаа бүх мэдээлэлд нэр холбогддог хүн шүү дээ. Тэр одоо Гэрэгэ тауэрийн 15 давхрын бирд, Тусгаар тогтнолын ордны албан бус эзэн гэх нэр зүүсгэлтэй яваа.

Ерөнхий сайд ярилцлагадаа У.Хүрэлсүхэд тал засахын зэрэгцээ түүний зам мөрийг ном болгож үлдээх ганц хүн гэсэн нь хоёр үзүүртэй зүү шиг үг. Тэр хариултаа “Цаг нь болохоор…” гэж төгсгөсөн нь тэсрэх бөмбөгний цаг шиг, сүрдүүлэг шиг сонсогдож буйг нуух юун.

Үндэсний баялгийн сан гэх гоё нэр дор буруу зурагдаж яваа попрол У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан тэргүүтэнд нийцээгүй байж мэдэх. Тиймээс Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Баялагтаа эзэн Монгол” гэдэг үндсэн концепц дэвшүүлж сонгогдсон тул Засгийн газрыг энэ тал дээр шахаж бас дэмжиж байгаа, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан бол Засгийн газарт ажиллаж байхдаа энэ  хууль дээр өөрөө ажилласан ажлын хэсмгийн ахлагч нь гэх байдлаар зориуд дурьдсан нь тун удахгүй тэдний нэр холбогддог толгодыг ч хураана гэж буйтай агаар нэг байв.

Ухаахудаг болоод Энержи ресурсийн дуулиан дэгдэхэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үндэсний аж ахуйн нэгжүүдээ дэмжинэ, Монголын эдийн засаг хувийн хэвшлийн нуруун дээр байдаг шүү гэж лайвдах шахам бухимдсан нь Л.Оюун-Эрдэнийг ийнхүү ярилцлага нэр дор тайлбар өгөх байдалд хүргэсэн байж мэдэх юм. Тэр уг нь “Ашигт малтмалын даргаар ажиллаж байсан нөхөр ийм хэмжээний ордын лицензийг өөрөө дээрээ авах эрхтэй юү, Засгийн газар тогтоол биш тэмдэглэлээр эрх шилжүүлэх нь эрхзүйн акт мөн үү”гэхчлэн цаг үрэхийн оронд асуудлыг хуулийн хүрээнд шийдүүлээд явах хангалттай эрх мэдэлтэн.

Тэрчлэн бүх зүйлээ, бүх хөзрөө дэлгээд байж болохгүй албан тушаал гэж улстөржин нурших, жүжигчин бүсгүйг өрөвдөөд хэмээн хаваршихын оронд ядуурлын ангал руу унаж яваа иргэд, өвчлөлийн шалтгаан болсон агаарын бохирдол, хүнсний аюулгүй байдал, хөгжлийн тээг болсон түгжрэл зэрэг наад захын тулгамдсан асуудалд өөрт буй цаг хором бүрээ зориулах ёстой үүрэгтэн болохоос эзэнтэн биш.

Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Нямдоржийг хэзээнээсээ дэмжиж ирсэн тэрбээр хэт дулдуйдсанаасаа болоод нэр усыг нь бүтэн хэлэхээс цээрлэдэг бололтой. Энэ тухайгаа “Ц.Нямдорж дарга бид хоёр аль аль нь үүргээ гүйцэтгэсэн. Д.Амарбаясгалан сонгууль удирдсан. Бид намынхаа нэр дэвшигчийн төлөө чин сэтгэлээсээ ажилласан” гэхчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн М.Энхболдын талаарх яриандаа хичнээн бол хичнээн задалж ойлгож болох агуулга шидсэн харагдана. Ц.Нямдорж гэх хүнийг ДАРГА хэмээн алга хавсрах атлаа намынхаа нэгэн үеийн дарга байсан М.Энхболдыг нэр дэвшигч гэсхийгээд нэр дурьдалгүй өнгөрч буй нь тэр хэнээр цэнэглүүлдэг, хэн хэнтэй тухайн үед баг болон ажилласан бэ гэдгээ илэрхийлчих шиг болов.

Түүний байсхийгээд дурьдаж буй 2004 онд Ц.Нямдорж УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд байсан үе.

С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг бүх цаг үед ярьсаар ирсэн кадр шүү дээ. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргар байх богино хугацаандаа орхигдуулж байгаагүй нэгэн. Тэгэхээр С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт Хууль, хүчний байгууллага бусдыг хэлмэгдүүлсэн, эрүүдэн шүүсэн асуудлаар буруушаагдан нөхөн төлбөр олгохдоо тулж буй явдлыг баадуудан суугаа нь Ц.Нямдорж ч байж мэдэх л юм. Зарим үед Ш.Отгонбилэг агсныг ч эл хэрэгт авчраад наачихсан явдгийг уншигчид мэдэх биз. Ингэж хардахдаа тулбал Эрдэнт үйлдвэрийн 49 хувийнханд гомдоллон онцгой дэглэм тогтоолгосон хүн нь Л.Оюун-Эрдэнийн дарга Ц.Нямдорж байхыг хэн байг гэхэв. Хардах л өнцөг. Түүний хүү Н.Анхбаяр Эрдэнэт үйлдвэртэй гэрээ хийн зах зээлийн үнээс хэд давсан дүнгээр бараа нийлүүлж байгаад үйлдвэрийн 49 хувь монголчуудад ирсэн цагаас илчлэгдэн зогссон гэлцдэг. Би биш бол чи ч бас биш гэдэг монголчуудын муухай зан, тамын тогооны үлгэр бий…

Эрдэнэт үйлдвэрт онцгой байдал тогтоосон яьдлыг үгүйсгэсэн шийдвэр Үндсэн хуулийн Цэц дээр гарсан талаарх сэтгүүлчийн асуултад Л.Оюун-Эрдэнэ “Онцгой дэглэм тогтоосон асуудалд хуулийн асуудал байхгүй. 1998 онд, Ц.Элбэгдоржийн үед Эрдэнэт үйлдвэрт онцгой дэглэм тогтоосон тогтоолтой цэг, таслалын ч зөрүүгүй байгаа. Тэгэхээр нэг ижил тогтоолд хоёр өөр өнцгөөс хандах боломжгүй” гэсэн хариулт өгсөн. Эл хариултыг ч Ц.Нямдорж даргаас нь холдуулан бодоход учир дутагдалтай байж магад. Тэр тэгсэн юм чинь би ч бас тэгнэ гэх муухай зан Харвард төгсөгчөөс, улстөрийн шинэ үеэс гарна гэдэг эмгэнэл л дээ. Унаж үхвэл Ц.Элбэгдоржтойгоо хамт унана гэж тэр хариулж. Уг нь улстөрийн шинэ үе өнгөрснийхөө алдааг засаад урагшилбал ГОЁ байсан юм.

Тэрчлэн Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга атлаа устгасан хаягуудаа сэргээж, олон нийтэд нээлттэй байна гэжээ. Цочирдом, үл ойлгогдом мэдэгдэл!!!

Тэр тролл байсан гэсэн үг үү, нэг хүнд тийм олон хаягны хэрэг бий гэж үү?! Устгасан хаягуудаа сэргээх бус, одоох хаягаараа үнэн байхад болохгүй хэрэг үү…

Тэр “Могой жилд худал хуурмаг гуужиж, үнэн бүхэн тодорно. Хаа сайгүй баг хуулагдаж, прагматик хандлага руу дэлхий чиглэж байна” гэсэн нь өөртөө хэлсэн үг юм болов уу?!