УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар  Засгийн газрын 2024 оны гүйцэтгэлийн тайланг үргэлжлүүлэн хэлэлцэж байна.

Хуралдааны үеэр  ЗГХЭГ-ын дарга Н.Учрал Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай нэр холбогддог Төгрөг нуурын ордын асуудлыг хөндөв.

Тэрбээр “Х.Баттулгатай холбогддог Төгрөг нуурын ордын талаар одоо ярих цаг нь болсон. Үндэсний баялгийн сангийн хуулийг хэрэгжүүлэх ажлын хэсгийг миний бие ахалж байгаа. 2007 онд УИХ -ын тогтоол гарч, 16 ордыг стратегийн ордод хамааруулсан.  Дахиад 39 стратегийн орд ДНБ ийн 5-аас дээш хувийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх бололцоотой орд, УИХ-д оруулж ир гээд шийдчихээд байхад 18 жил хав дарсан.

18 жилийн хугацаанд 39 стратегийн ордыг гадаадын иргэдэд зарсан үрсэн, оффшор луу аваачиж хийсэн.

18 жилийн хугацаанд баялагтаа эзэн болох боломж байсан. Гэтэл 18 жил өнгөрчихсөн. Тэгэхээр хэлэлцээр хийж байгаа. Хэлэлцээр гэдэг бол хэрүүл биш, тулган шаардалт бас биш. Хэлэлцээр гэдэг ширээний ард суугаад санхүүгийн модел дээрээ түшиглээд Үндсэн хуулийн газрын хэвлийн баялгийн 50+1 ард түмэн эзэмшинэ гэдэг заалтыг хангуулах босгыг давахын төлөө хийж байгаа. 39 стратегийн ордыг эргээд харахад хэлэлцээр хийхэд түвэг учирна. Энд энэ танхимд сууж байгаа хүмүүсийн манлайлал хэрэгтэй. Орон нутгаар Үндэсний баялгийн сангаа иргэддээ авч ирье, 34-өөс 50 хувиа авъя гээд төрийн тэргүүн байсан Х.Баттулга гишүүн яриад явж байгаа. Үгээрээ бус үйлдлээрээ үзүүлэх хэрэгтэй.

Тантай нэр холбогддог Төгрөг нуурын ордыг ярих цаг ирсэн. Тавантолгойн бүлэг ордын 50 хувь 3 тэрбум тонны нөөцтэй 15 их наяд төгрөг зөвхөн тусгай АМНАТ-ийн 5 хувиар ард түмэнд ирэх ёстой байсан. Улаанбаатар хотоос 1 цаг яваад очдог ордыг 250 сая ам.доллараар 4 гадаадын иргэнд зарсан. Хонконгийн сайт дээр байна, оффшороор дамжуулаад гаргасан.

Энийг хэлэлцэх юм уу. ялгаж аваад хэлэлцээр хийх юм уу. Тэгвэл 39 орд дээр хэлэлцээр хийе тийм учраас би Монгол төрийн тэргүүн байсан хүн үгээрээ бус үйлдлээрээ хийж гэж харуулаасай гэж хүсэж байна. Е-Мongol дээр байгаа 138 мянган төгрөгийг яаж нэмэгдүүлэх вэ гэж ажлын хэсэг үйлээ үзэж байгаа.  Одоо Ц.Туваан сайд 39 орд дээр УИХ- ын тогтоол оруулж ирж, бүгдтэй нь хэлэлцээр хийнэ. Ингэсэн цагт 138 мянган төгрөг нэмэгдэнэ, ард түмний дэмжлэг дор Монголын ард түмэн байгалийн баялагтаа эзэн болно.

Тавантолгойн бүлэг ордын 50%, гурван тонны нөөцтэй, тусгай АМНАТ-аар бодоход 15 их наяд төгрөг ард түмэнд ирэх байсан ордыг 250 сая ам.доллароор дөрвөн гадаадын иргэнд оффшороор дамжуулаад зарагдсан. Адилхан яръя” гэх байр суурийг илэрхийлсэн.

Харин Тэргүүн шадар сайд бөгөөд ЭЗХ-ийн сайд Л.Гантөмөр “Н.Учрал улстөржиж, алдаа гаргаж байна. Х.Баттулга Ерөнхийлөгч бол “Баялгийн сан”-г хэрхэн амилуулах тухай л хэлэлцүүлэг хийж байгаа шүү дээ. Монголын хуваадаг, дайсагнуулдаг ийм юмаа болих хэрэгтэй” гэв.

УИХ-ын гишүүн Г.Дамдинням “Стандартын 39 ордын дээрээсээ 2-т эрэмбэлэгддэг “Төгрөг нуурын нүүрсний орд” Х. Баттулга болон Сингапур хамаатных нь гараар 250 сая доллараар гадагшаа зарагдсан байдаг. Стратегийн ордуудын тухай бүгдийг нь зэрэг, цугт нь оруулж ирж ярих ёстой гэсэн Н.Учрал сайдын зарчмын байр суурийг дэмжиж байна” гэж нүүр номондоо нийтэлжээ.