БНСУ-ын Үндсэн хуулийн цэц Ерөнхийлөгч Юн Сок Ёлыг огцруулах эсэх шүүх хурал маргааш буюу энэ сарын 4-нд болно.
Шүүх хурал болохтой холбогдуулан Үндсэн хуулийн цэц байрладаг Гуанхуамүн талбайн орчим цагдаагийн бүрэн хамгаалалт гаргаж өндөржүүлсэн бэлэн байдал зарлаад байна.
Мөн Гуанхуамүн талбай орчмын хоолны газар, кофе шоп, цэцгийн дэлгүүрүүдийг хааж, хоёр хоног үйлчилгээ явуулахгүй байх чиглэл өгчээ. Шүүх хурал болох төвөөс 70 метрт байрлах хоолны газрын эзэн Пэк Мү “Найман жилийн өмнө Пак Гын Хэг шүүх хурлын үеэр бид хаалгаа барьж байсан. Энэ удаад ч үйл явдал давтагдах нь” хэмээсэн байна.
Гуанхуамүн төв талбайд солонгосчууд олимпын наадмын баяр цэнгэл, хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний баярт үйл явдал болон улс төрийн томоохон үйл явдлын үеэр цуглардаг.
Түүнчлэн Гуанхуамүн талбайн ойр оффисийн ажил хийдэг иргэдийг өнөө маргаашдаа гэрээсээ ажиллахыг сануулсан байна.
БНСУ-д өрнөж буй улс төрийн нөхцөл байдалтай холбогдуулан маргааш томоохон хот, суурин газруудад жагсаал, цуглаан идэвхжиж, ялангуяа, Сөүл хотын төв хэсэг Шичон болон Юнсан дүүрэгт олон нийтийг хамарсан жагсаал, цуглааны ойр орчмоор зорчихдоо сонор сэрэмжтэй байхыг Монгол Улсаас тус улсад суугаа Элчин сайдын яамаас анхааруулсан.